Каддафи геополитикийн төлөө ард түмнээ золиосолж, Брежневийн алдааг давтсан
Дэлхийн хэт том хоёр гүрний нэг ЗХУ зэвсэглэлээр хөөцөлдсөөр “гуравдагч ертөнц”-ийн төлөөх тулаанд Өрнөдөд ялагдаж, улмаар задарч, мөхсөн билээ. Өдгөө Ливийн Каддафи тэр алдааг давтаж, геополитикийн төслүүд гэсээр дааж давшгүй ачааг өөртөө үүрэн, өөрийн ард түмнээ мартчихжээ.
Ливийн хувьсгал маш харгис хэрцгий байдлаараа дэлхий дахиныг шоконд оруулсаар. Тэгээд ч шинжээчид энэ улсад хувьсгал дэгдсэн явдалд ихэд гайхаж байгаа. Учир нь Арабын ертөнцөд чухам Ливи улс л иймэрхүү бослого, үймээн самуунаас хамгийн их хамгаалагдсан мэт байсан юм. Хурандаа Муаммар Каддафи 41 жилийн турш өөр үзэл бодлын өчүүхэн төдий илрэлийг хүртэл хайр найргүй нухчин дарсаар ирсэн. Түүний дэглэмийн дэргэд Тунисийн Зин эль-Абидин бен Али, Египетийн Хосни Мубаракийн дэглэмүүдийг либерализмын үлгэр жишээ гэхэд болно.
Түүнээс гадна хурандаад нефть байсан, асар их нефть шүү. Мэдээллийн зарим эх сурвалжаас үзэхэд тус улс зөвхөн өнгөрсөн жил нефтийн худалдаанаас 35 тэрбум доллар олсон байна. Гэтэл Ливи улс хүн ам цөөтэй, ердөө 6.5 саяулаа. Ийм их баялагтай улсын ард иргэд уг нь бүгдээр баян тансаг амьдармаар мэт. Байгалийн баялаг нь үүнд элбэг хүрэлцэнэ. Катар, Кувейт болон Абу-Даби нефтийн ашиг орлогоо өөрийн албат иргэдэд тэгш хуваарилж өгснөөр нийгмийн нөхцөл байдлыг намжаасан бол харин ливичүүд ядуу хэвээр үлджээ. Ядуу бөгөөд ямар ч эрх мэдэлгүй.
Ливийн нефтиэс олдог тэрбумууд хаашаа урсч байсныг ойлгохын тулд Африкийн орнуудаар аялах хэрэгтэй. Ливи улс Африк даяар эзэнт гүрэн байгуулах гэсэн мэт хаа сайгүй хамаг хөрөнгөө цацжээ. Масштаб нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэм. Хамгийн тансаг, том Элчин яамд Жамахирид л байдаг. Мөн Нигерийн нийслэл Ниамей хотод баригдсан хамгийн том сүм Ливийн хөрөнгөөр боссон. Суданы нийслэлийн хамгийн тансаг зочид буудал бас Ливийнх. Ард түмэн түүнийг “Каддафийн өндөг” гэж нэрлэдэг нь маш өвөрмөц хэлбэртэй нь холбоотой. Кени улсын лалын дүүргүүдэд мөн Ливийн сүм дуганы бүхэл бүтэн сүлжээ бий.
Каддафи Африкийг нэгтгэх үзэл санааны төлөө цуцашгүй тэмцэж, энэ зорилгоо хэрэгжүүлэхээр бараг солиорсон мэт зүтгэдэг. Мэдээж, өөрийн ивээл дор нэгтгэх гэж тэр шүү дээ.
Аддис-Абебед болсон Африкийн холбооны саммит дээр Ливийн удирдагч Каддафи хамгийн гол хүн байсан. Сонинууд зөвхөн түүний тухай бичиж, гэрэл зурагчид зөвхөн түүний зургийг авч байсан юм. Хамгий гол ньюсмейкер, хамгийн гол ивээн тэтгэгч учраас л тэр.
Ливи улс үнэндээ Африк тивд хэт том гүрэн мэт авирлаж байлаа. Каддафи тус тивийн улс орнуудын Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдыг “худалдан авч”, бүс нутгийнхаа аливаа зөрчилд үргэлж хошуу дүрж ирсэн. 6,5 сая хүнтэй энэ орны амбиц Брежневийн үеийн ЗХУ-ынх шиг агуу том байлаа. Тэр үед Африкийн /зөвхөн Африк төдийгүй/ улс орнуудын дарангуйлагчдыг Кремль тэжээн тэтгэж байсан бөгөөд үүний тулд тэдний амнаас марксист уриа лоозун гарахад л хангалттай байв. ЗХУ 1970-аад онд хуримтлуулсан хамаг мөнгөө тэдгээр оронд цутгачихсан. Гэтэл дараа нь өөрчлөн байгуулалтын үед хар алтны үнэ огцом буух үед Оросын ард түмэнд элдэв Менгист, Душ Сантуш нарт зарцуулсан тэдгээр мөнгө мөн ч их үгүйлэгдсэн дээ.
ЗХУ бол хэт том гүрэн байсан. Гэвч тэр улс зэвсэглэлээр хөөцөлдөхийн паянг даалгүй “гуравдагч ертөнц”-ийн төлөөх тулаанд өрнөдийнхөнд ялагдсан. Каддафи яг Леонид Ильич Брежнев зэрэг Зөвлөлтийн удирдагчид шиг даашгүй ачаа өөртөө үүрч, геополитикийн төслүүдийн төлөө өөрийн ард түмнээ золиосолчихсон юм. Одоо тэр үүнийхээ шанг хүртэж байна.
Жамахирия өнөөдөр Зөвлөлт Холбоот Улсын хувь заяаг давтаж магадгүй болоод байна. Ливи улс удахгүй Триполитани, Киренаик гэсэн бие даасан хэдэн бүгд найрамдах улс болон задрах магадлал тун өндөр байна.