Ганхуяг.Д Эрдэнэ.С Энхболд.М Элбэгдорж.Ц Оюундарь.Ц 2014.01.03 | Телевиз: Eagle TV

Ц.Элбэгдорж: Цай ч үгүй, царай ч үгүй улсад хөрөнгө оруулагчид ирэхгүй

Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлага

Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын 2014 оны нэгний өдрийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд  оролцож улс орны хөгжлийн төлөв байдлын талаар ярилаа.

 2014 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарна гэж та бодож байна?

Олон зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна. Түүний дотроос том төрөөс ухаалаг төр лүү шилжих ажил эхэлж, үүнтэй холбоотой хууль тогтоомжууд батлагдаж, үүний үр дүн гарсан жил болно гэсэн хүлээлттэй байна.

Монгол Улсын хувьд энэ онд дэлхийн тавцанд юу хийж чадах бол? Юуг шинэчилж, бусдыг байлдан дагуулж чадах бол?

Бид хоёр хөршөөрөө дамжуулж олон улстай харьцдаг. Тэгэхээр бидний үйл ажиллагаа хоёр хөршид маань яаж тусч болох вэ гэдэг дээр би нэлээд зүйлийг эргэцүүлж байна. Удахгүй ОХУ-д өвлийн олимп эхэлнэ. Урд хөршийн хувьд саяхан намынх нь бүгд хурал болж, эдийн засгийн асуудалдаа гол анхаарлаа хандуулж, зах зээлийн харилцааны давуу талуудыг илүү ашиглах чиглэлд бодлогоо тодорхойллоо. Зах зээлийг төрийн оролцоогоор бус өөрийнх нь зарчмаар хөгжүүлэх зорилгыг Хятад улс дэвшүүлж байна. Энэ нь бидний одоо яриад буй зүйлсээс нэг их ялгарахгүй байна.

Бидний хоёр хөрштэйгээ хийх төмөр зам, томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийн ажил бодитой хэрэгжиж, үр дүнгээ өгсөн жил болно гэж бодож байна.

2014 онд Монголын эдийн засаг эргэн сэргэх төлөв байна уу?

Эдийн засаг 2013 онд яагаад хямарсан нь ойлгомжтой. Бид баялгаа өөрсдөө бүтээж гадаадын зах зээлд гаргах ёстой, үүний тулд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах ёстой, тэднийг үргээсэн үйл ажиллагаа явуулах ёсгүй, тэдний итгэлийг даах ажлуудыг хийх ёстой гэдгийг хангалттай ойлголоо.

Сүүлийн саруудад монголоос гарах мөнгөний хэмжээ багасч, монгол руу орох мөнгөний урсгал нэмэгдлээ. Энэ бол сайны шинж. Хүн амд очих эдийн засгийн дарамт хөнгөрсөн жил болно гэж итгэж байна. Түүнээс гадна аж ахуйн үйл ажиллагаанд төр хутгалддагийг зогсоож, бүтээгчдээ дэмжсэн ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх болно.

Монголоос гарч явсан хөрөнгө оруулагчид буцаж ирэх болов уу?

Нэгэнт үргээд явчихсан хүмүүс эргээд ирнэ гэдэг хэцүү. Цай ч үгүй, царай ч үгүй улсад бол хөрөнгө оруулагчид ирэхгүй. Нөгөө талаас хөрөнгө оруулагч гэж чухам хэн болохыг бид ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч гэж аягүй том компаний эзэн, бөөн мөнгөтэй хүн гэж бид ойлгодог ч үнэндээ тэд тэтгэврийн санд хадгалуулсан мөнгөө үржүүлэхийн төлөө зүтгэж яваа хүмүүсийн нэг байдаг. Тэд Монгол орныг хөгжиж буй улс хэмээн тооцоод тэтгэврийн сангийн мөнгөөрөө хөрөнгө оруулаад иртэл бид өөдгүй зан гаргаад хөрөнгө оруулсан мөнгийг нь улам багасгачихсан.

Өнгөрсөн жил биднийг дэлхий нийтээрээ харааж зүхлээ. Нэг хөрөнгө оруулагчийн өмнө муу нэр хүлээсэн бол тэр муу нэр даруйхан дэлхийгээр түгдэг жамтай. Монголд хөрөнгө оруулагч авчрах их хэцүү гэж хөрөнгө оруулагчид ярьдаг.  Бид өнгөрсөн оны сүүлээр хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олох ажлыг нэлээд хийлээ. Хойд урд хоёр хөршийг давж Монголд хөрөнгө оруулна гэдэг эрсдэл дагуулсан ажил. Тиймээс бид гадны ч тэр, дотоодын ч тэр бизнесийн үйл ажиллагаанд саад болдогоо болих хэрэгтэй.