Д.Ганхуяг: Нэг тонн ноолуур зэснээс ес дахин, нүүрснээс 62 дахин үнэ цэнтэй
2010.04.27

Д.Ганхуяг: Нэг тонн ноолуур зэснээс ес дахин, нүүрснээс 62 дахин үнэ цэнтэй

Монголын ноос ноолуурын холбооноос саяхан "Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй" сэдэвт уүулзалтыг зохион байгуулсан юм. Уг уулзалтын талаар УИХ-ын гишүүн Д.ГАНХУЯГТАЙ ярилцлаа.

-Яг одоо ноос, ноолуурын улирал эхлээд байна. Энэ үед ноолуурын салбарын өрсөлдөх чадварын талаар ярилцжээ. Уулзалтаас ямар шийдэлд хүрсэн бэ?

-Энэ уулзалтыг "Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй" гэсэн сэдвээр зохион байгуулсан. Ноолуурын салбарт нэмүү өртөг үйлдвэрлэх болон цаашид баримтлах бодлогын талаар түлхүү ярилцсан.

-Таны илтгэлд улс орнуудыг том жижгээр нь ангилах талаар дурдсан байсан. Манай улс уул уурхайн баялгаараа нэлээн дээгүүрт бичигддэг. Харин ноолуурын салбарын хувьд дэлхийн зах зээлийн хаахна яваа бол?

-"Small country, Big country" гэсэн нэр томъёо олон улсын худалдаанд байдаг. Энэ нэр томъёоны хувьд тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амын тоо огт хамаардаггүй. Гол агуулга нь тухайн орны ямар нэгэн баялгийн нөөц болон үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, үйлчилгээний хэмжээ буюу дэлхийн зах зээлд нөлөөлөх нөлөөллийг илэрхийлдэг. Нөгөө талаас нь илэрхийлбэл тухайн орны дэлхийн зах зээлд нөлөөлөх чадвартай буюу өрсөлдөх чадвартай салбарыг онцолдог. Жишээлбэл, Монгол Улс дэлхийн зах зээлд ноолуураар Хятадын дараа хоёрдугаарт, зэсийн нөөцөөрөө Чилийн дараа мөн хоёрдугаарт, нүүрсний нөөцөөрөө тавдугаарт орж байгаа. Бид эдгээр баялгаараа "Big Country" буюу "Том орон" гэсэн ангилалд тооцогдох боломжтой юм.

-Ноолуурын салбарыг яаж дэмжих нь зүйтэй вэ. Энэхүү түүхий эдийг нэмүү өртөг шингээж экспортлох нь зөв гэдэгт олон хүн санал нэгдэж байгаа?

-Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай баялгаа бид түүхийгээр нь биш, аль болох өөрийн орондоо нэмүү өртөг шингээж, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний байдлаар экспортлох нь эх орны эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдолтой байх нь мэдээж юм. Мөн түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл бага байдаг зах зээлийн зарчимд төр, засаг байнга анхаарах шаардлагатай. Түүнээс хүн ам цөөтэй манай орны тухайд бүх төрлийн түүхий эдийг боловсруулна гэвэл тийм боломж хомс байх талтай юм.

-Та нэмүү өртгийн талаар ярилаа. Энэ талаар мэдээж үндэслэлтэй тооцоо судалгаа хийсэн байх. 2009 онд манай улс самнасан ноолуур экспортолж хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?

-Ноолуурын салбарын өнөөгийн байдалд "Value chain-VC" буюу "Нэмүү өртгийн шинжилгээ" хийсэн. Энэ нь түүхий эдийн үйлдвэрлэлээс хэрэглэгчид уг бараа, үйлчилгээг худалдан авах хүртэлх бүх процессийн явцад аль шатанд нь нэмүү өртөг бий болж, аль шатанд нь нэмүү өртөг буюу үнэ цэнийг алдаж байгааг илрүүлэн хамгийн их борлуулалт ба хамгийн үр ашигтай ажиллах хувилбарыг сонгоход хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтсон аргачлал. Энэ судалгааг хийхдээ ноолуурын салбарын 2009 оны байдал, долоон жилийн дараа 2016 онд хүрэх зорилттой харьцуулж гаргасан. 2009 онд Монгол Улс 8000 тн орчим ноолуур үйлдвэрлэснээс өмнөд хөршид угаасан болон самнасан байдлаар 5800 тн гаруй буюу нийт ноолуурын 70 гаруй хувийг экспортоор гаргасан байна. Түүхий ноолуурын тухайд хоёр орны хооронд хийсэн хорио цээрийн протоколоор түүхий ноолуурын импортыг хориглосон ба манай малчид нууж хааж бага хэмжээгээр өмнөд хөрш үрүү гаргасан байж болох боловч гаальд ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин Монгол Улсыг бохир ноолуурынхаа экспортын татварыг тэглэмэгц, өмнөд хөрш импортын татвараа 10 юаниар нэмэгдүүлж 6-8 сая ам.доллараар төсвийн орлогоо нэмэгдүүлсэн. Мөн 2009 онд манай улс 1623 тн самнасан ноолуурыг дунджаар 42.1 ам.доллараар экспортолж, 68.37 сая ам.долларын орлого олжээ. Гэтэл энэ онд самнасан ноолуурын зах зээлийн дундаж үнэ 58 мянган ам.доллар байсан. Энэ зөрүү 25.8 сая ам.доллар болж байна.

-Уулзалтын үеэр 2016 онд Хятад улстай адилхан боловсруулаагүй ноолуурыг экспортлохоо больж, самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүн болгосноор ажлын байр нэмэгдэх тухай ярьж байсан. Энэ нь нэмүү өртөгтэй холбоотой юу?

-2016 онд нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл болон бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах зорилтыг тавьж байна. Түүхий ноолуурын үнэ 180-190 сая ам.доллараас гадна энэ салбараас Монгол Улсад үлдэх нэмүү өртөг 250-300 сая ам.доллараар нэмэгдэхээр байна. Энэ нь нэг хүнд оногдох ДНБ-ийг дунджаар 100 ам.доллараар нэмэгдүүлж, жил бүр ийм хэмжээний орлого олно гэсэн үг. Ажлын байр багадаа 25 мянгаар нэмэгдэх тооцоо байгаа.

-Түүхий эдийн үнийн тогтворжилтыг та хэрхэн харж байгаа вэ?

-Үүнийг хоёрхон үндэслэлээр дурдъя л даа. Нэгдүгээрт, түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөн байдаг зах зээлийн зарчим үйлчилнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал нийт түүхий эдийн хэмжээнээс 1.5-1.8 дахин их бий болсон учраас дотоодын өрсөлдөөнөөр түүхий эдийн үнэ тогтвортой байх боломжтой. Цаашид дотоодын зах зээл дээр самнасан ноолуур, ээрмэл утсан дээр төгс өрсөлдөөнийг бүрдүүлэхийг төр засгаас бодлогоор дэмжих боломжтой.

-Аливаа бизнес үр өгөөжөө өгөх хүртэл төр засгийн зөв бодлого, зарим тохиолдолд дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа үндэсний үйлдвэрлэл, ноолуурын салбарыг дэмжихэд төр, засгаас ямар бодлого, шийдвэр шаардлагатай байна вэ?

-Хэд хэдэн зөвлөлгөөнөөс дараахь шийдлүүд гарсан. Ноолуурын салбар нь жилд үйлдвэрлэж байгаа 8000 тн ноолуурынхаа 50 хувийг сам насан ноолуур, 50 хувийг сүлжмэл бүтээгдэхүүн болгоход Монголын эдийн засагт жилд 500-гаас доошгүй сая ам.доллар нэмүү өртөг болон борлуулалтаар орохоор байна. Мэдээж түүхий эдийн үнэ ороод. Эндээс нэг тн ноолуур 62500 ам.долларын үнэ цэнтэй болж, энэ нь нэг тн зэснээс ес дахин, нэг тн угаасан нүүрснээс 62.5 дахин илүү үнэ цэн юм. Иймээс энэ салбарыг Монголын стратегийн ач холбогдолтой салбарт оруулж төрийн зохицуулалтаар дэмжих хэрэгтэй. Мөн энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг санхүүжилтээр дэмжихэд 2010 оны байдлаар 100 сая доллараас доошгүй хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай. Энэ дэмжлэгийг тогтмол болгох нь зөв. Малчид болон үйлдвэрлэгчдийг шууд холбох зорилгоор түүхий эдийн биржийн тухай хуулийг батлах шаардлагатай. Боловсруулаагүй ноолуурын кг тутамд үнийн 15 хувьтай тэнцэх экспортын татвартай болгох. Ингэснээр Хятад улс руу экспортлогдож буй боловсруулаагүй ноолуурын хэмжээ багасч, илүү нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Самнасан ноолуурыг дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр экспортлохын тулд татварын зохицуулалт, эсвэл самнасан ноолуурын экспортын үнэд зохистой хяналтыг бий болгох ёстой. Түүхий эдийн үнийг тогтвортой байлгахын тулд самнах, ээрэх үйлдвэрийн салбарт дотооддоо төгс өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Үүний тулд дотоодын зах зээлд борлуулж байгаа самнасан ноолуур, ээрмэл утсыг НӨАТ-аас чөлөөлж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр нийт ноолуурынхаа 30 орчим хувийгээрмэл утас болгох хүчин чадал бий. 2016 он хүртэлх хугацаанд энэ хувийг 50 буюу түүнээс дээш хувьд хүргэх үйлдвэрлэлийн машин, төхөөрөмж худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгохыг үйлдвэрлэгчид хүсч байна. Манай санхүүгийн зах зээл дээр гадаад улсын иргэд асар их бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаа нь далд эдийн засаг ямар төвшинд байгааг харуулж байна. Иймд Монголын санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний урсгалд тавих хяналтыг холбогдох хуулийн хүрээнд чангатгах, зохих хариуцлагыг тооцох шаардлага байгаа.Ийм зохицуулалтуудыг хийх юм бол ноолуурын салбарын өрсөлдөх чадвар эрс сайжирна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.