Намайг эзгүйд энэ асуудлыг хэлэлцэж шийдсэн юм байлгүй
МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, түүнийг нь АН-ынхан дэмжиж буй гэсэн бор шувуу хэд хоногийн өмнөөс нисэж эхэлсэн.
Итгэхэд бэрх эл мэдээлэл үнэн болохыг баталж Н.Энхбаярыг Шадар сайдаар, одоо Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилж өгөхийг хүссэн утгатай, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарыг үсэгтэй албан бичиг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад хүргэгдээд буй.
Тэгвэл Н.Энхбаярыг Шадар сайдад, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдад дэвшүүлэх шийдвэр “Шударга ёс” эвслийн бүлгээс гараагүй, дээрх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй гэсэн мэдээлэл бас дэгдэв.
Энэ талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс өчигдөр тодруулахад “Би байхгүй байж байгаад өнөөдөр л Бүлгийн хуралд ирж байна. Байгаагүй болохоор юу болсныг мэдсэнгүй. Намайг эзгүйд энэ асуудлыг хэлэлцэж шийдсэн юм байлгүй” гэв.