Таны эрүүл мэнд хэний өмч вэ
Өмч гэж юу вэ. Аливаа этгээдэд байх, үнэлж болох бүхнийг өмч гэнэ. Товчоор хэлбэл үнэ цэнэтэй бүхнийг өмч гэж ойлгож болно. Тэгвэл хүмүүс бидний үнэ цэнэтэй зүйлийн нэг нь яахын аргагүй эрүүл мэнд.
Эзэн хүн өмчөө хайрлаж, хамгаалах нь гарцаагүй. Гэтэл хүмүүс эрүүл мэндээ аль нэгэн эмнэлэг, эмчид даатгах хандлагаа өөрчлөхгүй байсаар..
Өөрийн өвчнөө эмчийн буруугаас болсон мэт аашлах нь энүүхэнд. Ичих цаг болжээ. Тунгааж сайн бодьё. Дээхнэ үеийн “Сэрэлт” кинонд Орос эмч монгол өвчтөнүүдийг ирж үзүүлээсэй, эрүүл болоосой гэж гуйж, гуниглах дүр зураг гардаг. Гэтэл өнөөдөр ч ийм зураглал байсаар.
Саяхан баруун таван аймгаас Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийг онцлон сонгож, өрхийн эмнэлгээс эхлээд сум аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, зөвлөгөө мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хэрхэн ажиллаж байгаа талаар дүгнэлт хийсэн. Чухам энэ үед эрүүл мэнд хэний өмч вэ гэсэн жигтэй асуулт төрсөн юм.
Өмчийг хэлбэрээр нь нийтийн болон хувийн гэж ангилдаг. Нийтийн гэсэн ойлголтод төр, орон нутгийн, олон нийтийн гэсэн ойлголт багтана. Тэгэхээр эмчид эрүүл мэндээ даатгагсад төрд эрүүл мэндээ алдчихжээ гэсэн үг.
Завхан аймгийн Отгон сумын 51 настай иргэн Б: “Эрүүл мэндийн үйлчилгээг муу, иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй. Стандартын шаардлага хангадаггүй. Ирж үзлэг хийдэггүй” гэх зэргээр шүүмжилсэн юм.
Отгон сум 2000 гаруй иргэнтэй бөгөөд өвөлдөө хасах 50 хэм хүрч хүйтэрдэг хамгийн хүйтэн сум. Цэвдэг ихтэй учир байшингаа газраас хөндий барьдаг. Ийм нөхцөлд эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэж, 200 км-ийн цаана малчдад хүрч үйлчлэхийн тулд төсвийн бензинээр маш хэцүү замыг туулдаг байна.
Түүнчлэн иргэд мэдлэг мэдээлэл муутайгаас болж толгой өвдөх төдийд эмч дуудаж, чирэгдэл гаргадаг тухай сумын эмнэлгийн эрхлэгч, эмч С.Наранцэцэг хэлж байсан.
Эдгээрээс дүгнэвэл эрүүл мэнд нийтийн өмч гэсэн хандлага хүчтэй оршсоор байгааг харж болно. Тийм учраас Засгийн газар эрүүл мэндийн яам, олон улсын төслийн шугамаар хүч хавсран ядуу эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд багц хэмээх урамшууллын халамжийг түгээж эхэлжээ. Зорилтот бүлэгт нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд өртөмтгий, төвөөс алслагдсан малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй ядуу, эмзэг бүлгийн охид, эхчүүдийг хамруулж байгааг дээрх гурван аймгийн эмч нар хэлсэн.
Энэ талаар Говь-Алтай аймгийн Алтай хотын “Энх-Алтай” өрхийн эмнэлгийн сайн дурын ажилтан 40 настай н.Должин ярихдаа: “Жил
Говь-Алтай аймгийн Алтай хотын “Энх-Алтай” өрхийн эмнэлгийн сайн дурын ажилтан н.Должин
гаруйн хугацаанд нөхөн үржихүйн зорилтот бүлэгт хүрч үйлчлэх зорилгоор ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг хөтөлбөрт хамруулан, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглүүлж, багц тараасан. Мөн бэлгэвч тараасан. Би хоёр гудамжны айлуудыг хариуцаж, олон гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаарх мэдээллийг өгдөг. Зорилтот бүлгийн хүмүүсийг аль болохоор өрхийн эмнэлэгтэйгээ холбож өгөхөд анхаарч, бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлдэг. Дээрх ажлууд маань хүмүүст эрүүл мэндийн мэдлэг олгохоос гадна өрхийн эмнэлэгт ирдэг болгож, эрүүл мэнддээ анхаарал тавьж, гэр бүлээ зөв төлөвлөдөг болгох зорилготой” гэсэн юм.
Үнэхээр ч нэг талаас эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, иргэдийн мэдлэг, хандлагыг тасралгүй сайжруулж, өвчлөлийг бууруулахын тулд эрсдэлд өртөмтгий эмзэг бүлэгт хүрч үйчлэх нь зөв арга. Гэхдээ иргэдийн эрүүл мэнддээ хандах нийтийн өмчийн хандлагыг өөрчлөхгүйгээр багц /саван, угаалгын нунтаг, нойлын цаас/ зэргээр эмнэлэгт дуудаж авчрах нь учир дутагдалтай. Үнэгүй зүйл авах гэсэн нэрийдлээр дахиад л эрүүл мэндээ эмнэлэгт даатгах сэтгэлгээ нь лавширна.
Тиймээс энэ нь үнэхээр үр дүнтэй арга мөн үү гэдгийг бодох хэрэгтэй.
Ядуу сул дорой байх тусам чамд өгөх зүйл олон гэдгийг баталж болохгүй. Хэрвээ таны эрүүл мэнд үнэхээр л эмнэлэг, эмчээс хамаардаг байсан бол өдийд та эв эрүүл байх байсан.
Таны хайртай хүмүүс, найз нөхөд өвчинд шаналахгүй. Одоо Говь-Алтай
Говь-Алтай аймгийн төв эмнэлэг, НҮБ-ын Хүн амын сангаас хамгийн сүүлд өгсөн эмчилгээний ор
аймгийн Дэлгэр сумын эмнэлэг хоёр ч байртай болж байна. Бүх тоног төхөөрөмж нь шинэ. Тэнд дутуу хөтүү зүйл алга. Манай эриний үеийн төхөөрөмж байхгүй. Эвдэрвэл дахиад шинийг төслөөс авчихаж дөнгөх сэргэлэн эмч нар тэнд ажилладаг.
Бүтээн байгуулалт тэнд өрнөнө. Хөдөөгийн эмч нарыг ч энд тэндгүй сургалтад суулгаж, мэдлэг чадварыг нь хурцалсаар байна.
Энэ мэт чадварлаг эмч нартай болж, аймаг, сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсаар байтал өвчлөл буурахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
Монголд хүний нас баралтын эхний гурван шалтгаанд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хавдар байсаар байна. Бид энэ гурваас өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадахгүй юм гэж үү. Энэ хэвээр байсаар байх уу.
Говь-Алтай, Завхан аймгуудад хавдрын өвчлөл их байсан учир өнгөрсөн жил “Хавдрын эсрэг хамтдаа-2012” аяны хүрээнд эмч нарын баг очиж, ажилласан. Хоёр аймгийн хэмжээнд нийтдээ 3600 гаруй хүнд үзлэг оношлогоо хийж хавдрын урьтал өвчтэй, хоргүй болон хортой хавдартай, хортой хавдар байж болзошгүй гэж оношлогдсон 681 хүнийг илрүүлсэн.
Эдгээр 681 хүний өвчний үе шат, явц, шинж тэмдгийг харгалзан цаашид ямар эмчилгээг хаана хийлгэж болох, хэрхэн гам сахиж урьдчилан сэргийлэх аргыг нь зааж өгч хорт хавдартай гэж оношлогдсон 20-иод хүнийг Хавдар судлалын үндэсний төвд авчирч эмчилсэн.
Хавдрын өвчлөлийн илрэлт их байгаа нь хувь хүний өөрийнх нь хариуцлага, ёс зүйн, хайхрамжгүй байдал алдагдсантай холбоотой гэдгийг эмч нар хэлж байна. Ялангуяа замбараагүй архидалт, тамхидалт, буруу хооллолт, хэт таргалалт, үр хөндөлт, даарч хөрч биеэ буруу авч явсантай холбоотой. Үүгээрээ эрдэнэт хүн таныг гоочлох гэсэнгүй. Өөрийн өмчөө хайрлаж, эрүүл бие саруул ухаанаар ирээдүйгээ бүтээгээсэй гэж хүслээ.
Ирээдүйгээсээ суралцая
Дэлхий нийтийн хандлагаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл, амьдралын зөв хэвшлийг хүн төрөлхтөнд ойлгуулах нь хамгийн чухал гэж үзэж байна.
Нэг талаас үйлчилгээ авч, зөвлөгөө авах хүсэл тэмүүлэл иргэдэд байх ёстой. Түүнчлэн тэд өөрсдөө анхан шатны мэдлэгтэй байвал эмчээс илүү их зүйлийг мэдэж чадна. Энэ нь хувийн өмчөө хайрлах хамгийн дээд хэлбэр биш гэж үү.
Гэтэл өнөөдрийн үзэгдэл эрүүл мэндийн байгууллага нь дан ганцаараа л сайжраад байгаа юм шиг дүр зураг ажиглагдана. Ялангуяа аймаг, сумын хэмжээнд хүчтэй ажиглагдаж байгааг хэлье.
Би хэний төлөө амьдарч байгаа вэ. Юуны төлөө эрүүл байх ёстой вэ. Эрүүл байхын тулд юу хийх вэ гэдгээ бодоцгооё. Монгол ахан дүүс минь.
Социализмын үлдэгдэл гэдгээ мартаж, хандлагаа өөрчилцгөөе. Өөрчлөлтийг өөрөөсөө.
Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр сургуулийн Эрүүл мэндийн клубын гишүүн, 8в ангийн сурагч Х.Нандин-Эрдэнэ:
8в ангийн сурагч Х.Нандин-Эрдэнэ
“Манай клуб ахлах, дунд ангийнханд эрүүл мэндийн хичээл заадаг. Би аав ээждээ орой шүдээ заавал угаа гэж байгаад угаалгадаг болсон. Дөрвөн настай дүүгээ бас угаалгадаг.
Бид бас дотуур байрны хүүхдүүдэд мэдээлэл хүргэж, АХА тэмцээн зохион явуулдаг. Бас хүнсний ногоо, алим жимсийг угааж идэх хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн нь хүнийг урт наслахад их хэрэгтэй гэдгийг би энэ клубээс сурсан.
Тус аймгийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уянга: “Эрүүл мэндийн хичээл, эрүүл мэндийн клубээс бид их
Тус аймгийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уянга
мэдээлэл авдаг. Надад эрүүл зөв амьдралын хэвшил хичээл их таалагддаг. Хэт их идэхгүй, тамхи татаж архи уухгүй, стресстрэхгүй байж хувийн ариун цэврээ сахивал хорт хавдар зэрэг аймшигт өвчнөөр өвдөхгүй гэдгийг ойлгосон. Аймшигт өвчин мөртлөө амьдралын энгийн зүйлсийг л хийгээд хэвшчихвэл би өөрийгөө хамгаалж чадна.
Хичээлээс гадна мэдээлэл авахыг хүсвэл би интернэтээс авдаг. Манай нэг найз дүү маань сургуульд сурдаггүй. Биений юм нь ирэхээр нь би зөвлөгөө өгсөн” гэсэн юм.
Энэ мэтээр ирээдүй үе маань аль хэдийнэ үнэ цэнэтэй эрүүл мэндээ хайрлаж, хамгаалах талаар мэдээлэлтэй болж байна.
Сургагч хүүхдүүд үнэхээр мундаг ажиллаж байна. Биднийг нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид ороход Эрүүл мэндийн хичээл орж байлаа. Тэд тамхины хор уршгийн талаар ярилцаж байлаа. Ирээдүй үе маань үнэхээр мундаг.
Говь-Алтай аймаг, Алтай хот, Нэгдүгээр сургуулийн 11-р ангийн сурагчид
Үнэхээр мундаг. Харин социализмын үлдэгдлүүд болох манайхан төрд өмчөө даатгасаар байх уу.
Та юу хийж чадах вэ. Өмчөө хайрлаж хамгаал. Олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн төслийг зүгээр нэг үрэн таран хийж болохгүй. Тэд бидэнд үнэ цэнэтэй зүйлээ хэрхэн хайрлаж, хамгаалахад тусална.
Манай улсад Дэлхийн зөн, НҮБ-Хүн амын сан, Хүүхдийн сан, Залуучуудын байгууллага, гээд олон байгууллагын олон төсөл хэрэгждэг. Эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан руу чиглэсэн олон төсөл байна. Гагцхүү иргэн та л өөрөө л хүсч, өмчөө хамгаалья гэвэл танд туслах гар олон байна.
Ялангуяа манай дотоодын Хаан банк нийгмийн хариуцлагаа бүрэн хэрэгжүүлж, ХААН Банк Сангаас Хавдар Судлалын Vндэсний Төв (ХСVТ), МVОНРТ-тэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг гурав дах жилдээ хэрэгжүүлж, 21 аймаг, УБ хотын дүүргүүдэд амжилттай хэрэгжvvлж нийт дөчин мянга гаруй иргэдийг үзлэг, оношлогоонд хамруулжээ. Энэ жилийн хувьд Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аянаа үргэлжлүүлжээ.
Тусламжийн олон гар мөн эрүүл мэнддээ анхаарч буй ирээдүй үе маань байхад бид алзахгүй. Гэхдээ Чингэлтэй дүүргийн 9-р хороонд амьдардаг Бадарчаас суралцах зүйл их байгаа шүү.
Гэр хорооллын саятантай танилцая
2012 оны ЧД-ийн шилдэг "Эрүүл мэндээ дээдлэгч" Ч.Бадарчийн гэр бүл
Та бид Энэтхэгийн “Ядуусын хорооллын саятан” хэмээх киног үзсэн. Гэхдээ монголд ч бас гэр хороололд саятан байдгийг харин мэдэхгүй байх.
Энэ хүнийг Бадарч гэдэг. Тэрээр гэр бүлийн хамт Чингэлтэйд амьдардаг. Тэднийх өнгөрсөн жил дүүргийнхээ шилдэг “Эрүүл мэндээ дээдлэгч өрх гэр бүл”-ээр шалгарчээ. Бадарч бол эрүүл мэндийн саятан. Эрүүл байна гэдэг хамгийн том баялаг. Бадарчийнх хашаандаа 30 гаруй төрлийн мод тарьж, ач нараа тоглуулах тоглоомын хэсэг байгуулж, бохирын асуудлаа шийдэж, гэр хороололд хичнээн цэмцгэр амьдарч болдгийг харуулсан айл.
Хашаа нь нэг ч хоггүй бөгөөд Бадарч гуай өглөө эрт босоод гудамжныхаа хогийг цэвэрлэдэг гэсэн. Яагаад ийм орой хог
Эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлагатай дэлгүүр
цэвэрлэдгийг асуухад ойр хавийн айлууд нь дургүйцдэг гэв.
Тэрээр хэлэхдээ гэр хороолол гэхээр муухай байх албагүй. Манайд ирж байгаа хүмүүсийн зам нь цэвэрхэн байвал сайхан. Хүмүүс бүгдээрээ хогоо цэвэрлэж, сайхан орчинд амьдрахаас л бидний эрүүл мэнд, эрүүл аж төрөхөөс шалтгаална хэмээсэн. Хэдийгээр нийгэм маань жаахан бохирдуу байгаа ч гэсэн өөрчлөлтийг та хийнэ.
Бадарч гуай өөрөө санаачилж, эрүүл зөв хооллолтыг сонгосон бөгөөд
махнаас бага багаар татгалзжээ. Түүний эрүүл мэнд эрс сайжирч суурь
Тэрээр хашаандаа согооврын үр цацаж, 30 гаруй төрлийн мод тарьжээ. Бадарч гуай өглөө бүр модныхоо дэргэд сууж, нар өөд харан бясалгал хийдэг.
өвчин арилжээ. Зүрхний бичлэг, цусны шинжилгээ сайн гарсан хэмээн инээвхийлсэн төрхөөр харж байх нь эрүүл амьдрал түүнд үнэхээр аз жаргал, амьдралын эрч хүчийг бэлэглэсэн гэмээр.
Тэрээр гэрийнхэндээ үлгэр дууриалал нь болж, эрүүл мэндийн зөвлөгөө сурталчилгааг өгөх болжээ. Гэрийнхээ дэргэд жижигхэн дэлгүүр ажиллуулдаг болохоороо хүмүүст бас зөвлөгөө өгдөг ажээ.
Бадарч хэмээх эрүүл мэндийн саятан айлыг олж илрүүлсэн хүн бол сайн дурын ажилтан н.Минжээ. Тэрээр эрүүл мэндийн зөвлөгөөг хүмүүст сайхан сэтгэл, сайн дурын үүднээс өгч, хүмүүст буян болохыг хүсдэг нэгэн.
Гарын ариун цэврийн талаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл ордог.
ЧД-ийн сайн дурын ажилтан Ц.Минжээ
Минжээ хэлэхдээ: “Хүн идэж ууж байгаа хоол унд, орчин тойрноосоо хамаарч өвчин тусдаг. Тиймээс хоол хүнсэндээ анхаарах нь хамгийн зөв арга. Давсаа зөв хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнсээ зөв хэрэглэвэл хүн бүр эрүүл байх боломжтой”.
Эдгээр хүмүүс өмчөө хайрлаж, амжилт аз жаргалыг бүтээсээр. Танд ч гэсэн боломж бий. Та өөрийгөө хайрлаж чадах уу. Учир таны эрүүл мэнд таны л өмч.