Улаан.Ч 2008.10.09

Ч.Улаан: Инфляцийг бууруулахын тулд хөрөнгө оруулалтыг багасгах шаардлагатай

Ч.Улаан: Инфляцийг бууруулахын тулд хөрөнгө оруулалтыг багасгах шаардлагатай
-Төсвийн тодотголоор багагүй хэмнэлт гарна гэсэн хүлээлт иргэдийн дунд бий. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Yнэндээ нэг их хэмнэлт гарахгүй л болов уу. Улсын төсөв олон шалтгаанаар хурдацтайгаар өсөх шаардлагатай болжээ. Гол нь инфляци. Төсвийн хэмнэлтийн гол утга агуулга нь зардлынхаа өсөлтийг зогсоох юм. Урсгал зардал 130 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, бас шинэ эрэлт хэрэгцээ гарaх боллоо. Энэ бүхэнтэй холбоотой зардлыг нэмэгдүүлэх шаардлага бий ч аль болох хэрэгцээгээ багасгая гэсэн санаа төсөв хумих бодлогын цаана хадгалагдаж яваа.

-Инфляцийг хэрхэн бууруулах вэ гэсэн асуудал анхаарал хандуулах гол асуудал болж байна. Инфляцийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Бидний анхаарал төвлөрүүлэх гол асуудал болоод буй нь үнэн. Yндсэн асуудлаа гаргаж тавиад түүндээ тохирсон бодлого явуулах шаардлагатай. Бодлого олон янз. Зарим гишүүн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье ч гэдэг. Инфляци хөрөнгө оруулалт хоёр хоорондоо урвуу хамааралтай. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд байвал инфляци дагаад л өснө. Эрэлтийн инфляци бий болно гэсэн үг. Энэ жил гэхэд хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн. Yүнээс илүү хөрөнгө оруулалт хийсэн бол инфляци бүр өндөр гарах байсан. Инфляци оны эцэст буурна гэдэг. Энэ худлаа. Одоогийн бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн үнэ багасаж байж инфляци бууна. Гэвч амьдрал дээр өссөн үнийг буцааж хөрсөн дээр буулгана гэж байхгүй.

-Инфляцийг бууруулахын тулд хөрөнгө оруулалтыг багасгана гэсэн үг үү?

-Ирэх онд инфляцийг 12 хувь хүртэл бууруулна гэсэн.Yүний тулд нэлээд хатуу бодлого явуулах шаардлагатай. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэй. Мөн урсгал зардлыг буруулж цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байх шаардлага гарч байна. Yүний эцэст маш оновчтой хяналттай бодлогыг бүх шатанд явуулах учиртай. Ингэж байж л инфляцийг бууруулна. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж зээлийн хүүгээ нэмж, зээл олголтыг багасгаж байна. Энэ хэмжээгээр мөнгөний бодлого хатуу байгаа ч төсвийн бодлого үүнтэйгээ уялдахгүй байна. Монголбанк хориод байхад төсвөөс зээл өгдөг. Зээлээр бий болдог эрэлтийг төсвийг хөрөнгөөр бий болгоод байгаа юм.

-Засгийн газраас шатахуун импортлогчдод их хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлсэн ч шатахууны үнийг бууруулах биш харин нэмсэн байна гэж яригдаад байна?

-Засгийн газар арга хэмжээ авч татварын хөнгөлөлт үзүүлээгүй бол шатахууны үнэ 50 биш 100 хувиар өсөх байсан. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нааштай хандлага ажиглагдаж байгаа учраас нааштай үр дүн гарах болов уу гэж найдаж байна. Импортлогчид шатахууныхаа үнийг нэмэх болохоороо татвар авах гээд байна гэж шалтаглаж 300 төгрөгөөр өсгөөд дэлхийн зэх зээл дээр шатахууны үнэ бараг 50 хувиар буураад байхад буцааж 30 төгрөгөөр хямдруулдаг нь ард түмнийг хуурч байгаа хэрэг.

-Та сая Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр малчдад олгох ноолуурын урамшуулалд өгөх 30.4 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналыг дэмжиж байсан. Яагаад ингэв?

-Тийм ээ. Намын бүлэг ямаа бүрт мөнгөн урамшуулал өгөхийг дэмжсэн. Гэхдээ санхүүгийнх нь агуулга жаахан буруу юм. Малчдыг дэмжихгүйдээ ингэсэн хэрэг биш л дээ. Анх УИХ-аас гаргасан шийдвэр оновчтой байсан юм. Yндэсний үйлдвэрлэгчид малчдаас ноолуур худалдаж авахыг дэмжиж, улмаар кг ноолуурыг 30-32 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр илүү оновчтой байсан юм. Бас экологийн тэнцвэрийг бодолцох ёстой. Сахарын цөл ямаанаас болоод бий болсон. Ямаа бэлчээрт сөрөг нөлөөтэй. Манай улсын 40 сая малын бараг 50 хувийг ямаа эзэлдэг. Єнгөрсөн хаврын шийдвэрийг зөв хэрэгжүүлбэл болох байсан юм. Үйлдвэрлэгчдэд, малчдад мөнгө өгнө, гол нь улсын төсвөөс хөрөнгө оруулахгүй банкны чөлөөтэй эх үүсвэрээр өгнө. Бас банкуудад зээлийн хүүгийн урамшуулал олгох төлөвлөгөөтэй байсан юм.

-Малчдаас ноолуур худалдаж авахад зориулан банкуудад мөнгө байршуулсан. Тэр чухам юу болсон бэ?

-Банкуудад 10 орчим тэрбум төгрөг байршуулсан. Хэрэв төсөл хэрэгжвэл уг мөнгийг хэрэглэнэ. Уг хөрөнгийг үндэсний үйлдвэрлэгчид малчдаас очиж ноолуур авахад зээл болгон өгөх урамшуулалд нь зориулж олгохоор тооцоолсон. Yүнийг эргүүлж татаж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.