Г.Шийлэгдамба: Алдсан орон зайгаа нөхөж ажиллах ёстой
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.12

Г.Шийлэгдамба: Алдсан орон зайгаа нөхөж ажиллах ёстой

Эрүүл мэнд, спортын сайд ажлаа хүлээж аваад хоёр сар болж байна. Тэрээр энэ хугацаанд хүүхдийн эмнэлэгтэй болох, ЭМСЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрт анх удаа  гарын үсэг зурсан гээд чамгүй олон ажлыг хийж амжуулсан. Энэ тухай болон 2015 онд  хийхээр төлөвлөж буй ажлуудынх нь талаар  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Та сайдын ажлыг хүлээж аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулсан бэ. Хүйтэн сэрүүний улиралд ажлаа хүлээж авсан болохоор хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хангамж, ханиад томуугийн өвчлөл гээд асуудал нэлээд байсан байх?

Шинэ Засгийн газрын бүтцээр Эрүүл мэнд, спортын яам байгуулагдаад, үүнээс хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байна.Би энэ хугацаанд  энэ салбарын сайдын ажлыг хийж, гүйцэтгэж ирлээ. Эрүүл мэнд, спортын салбарт шийдвэрлэх шаардлагатай олон чухал асуудал тэр дундаа салбарын үйл ажиллагаанд тулгамдсан гол үйл ажиллагааг шийдвэрлэхэд илүү түлхүү анхаарч ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарын хувьд,  амьсгалын замын халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчний идэвхжилтэй, тархалтын үед авах арга хэмжээний асуудал бол сайдын хувьд, авч хэрэгжүүлэх гол ажил байлаа.

Тиймээс  хүүхдийн эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, тэр дундаа орны хэрэгцээ, эм тарианы хүрэлцээ хангамжийн асуудал,  эмнэлгүүдэд үүсч байгаа эх, хүүхэдтэй холбоотой үйл ажиллагааг зөв, зүйтэй, уялдаа холбоотой зохион байгуулах асуудлуудыг үр дүнтэй авч ажиллалаа.

Үүний үр дүнд, богино хугацаанд томуу, томуу төст өвчний идэвхжлийн хүрээнд орны зөв зүйтэй зохион байгуулалтыг  хийж, эрүүл мэндийн бусад байгууллага болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүдтэйгээ  хамтран ажиллаж, энэ ажлыг богино хугацаанд шийдвэрлэж чадсан.

-Таныг  ажлаа хүлээж авангуут хүүхдийн эмнэлэгтэй болох нь гэсэн сайхан мэдээг хүлээж авсан. Гэтэл энэ мэдээлэл өнгөрсөн сарын эхээр нэлээд сүр дуулиантайхан шуугиж байснаа чимээгүй болчихсон.  Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

Хүүхдийн эмнэлэг, тэр тусмаа өвлийн улиралд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хангамж дутмаг байгаагаас үүдэн Засгийн газраас зарим шийдвэрийг гаргасан. Тухайлбал, эх хүүхдийн эмнэлэгтэй болох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар нааштай шийдвэрлэж, зарим төрийн өмчийн барилгуудад  зохицуулалт хийх замаар эмнэлгийн асуудлыг шийдэх,  тэр дундаа  хуучин Соёл, спорт аялал жуулчлалын яамны төрийн өмчийн X байрны барилгыг удахгүй дуудлага худалдаанд оруулах гэж байна. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг бид эх хүүхдийн эмнэлэгт хөрөнгө оруулах байдлаар санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж, 2015 онд 300 ортой Яармагийн хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж  байна. Нөгөө алдартай Төрийн тусгай албан хаагчдын  эмнэлгийг концессийн гэрээгээр буюу тодорхой менежментийн үйл ажиллагааг шийдвэрлэх замаар  эмнэлгийн зориулалтаар нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг гаргасан.

-Дараагийн анхаарал татсан сэдэв бол элэгний С вирусын эсрэг эмийн асуудал. Өнгөрсөн жил хоёр сайдын хооронд нэлээд хэл ам дагуулж, тодорхой шийдэлд хүрч чадаагүй энэ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болсон. Элэгний өвчнөөр шаналж байгаа олон хүн, энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд танд талархал илэрхийлсэн байх?

Эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон чухал асуудлын нэг нь эмийн асуудал. Эмийг тойрсон  эргэлзээтэй олон мэдээлэл ард иргэдэд хүрдэг.

Нэг бол эмийн зохицуулалт алдагдсан юм шиг. Монгол Улс тэр чигээрээ  хуурамч эм, хууль бус сүлжээнд орчихсон юм шиг. Эсвэл төр болон хууль хяналтын байгууллагууд нь энэ асуудлаа  хянаж чадахгүй болчихсон юм шиг. Энэ нь эргээд нийгэмд эрүүл мэндийн салбар дахь сөрөг хандлагыг бий болгодог. Ийм нөхцөл байдал нэгэнт бүрдсэн байна.

Дээрээс нь эрүүл мэндийн салбарынхан хоорондоо их зөрчилддөг. Энэ салбар хоорондын зөрчил нь нийгэмд гарахдаа эргээд энэ салбарын нэгдмэл бодлого алдагдсан гэх зэрэг шүүмжлэлтэй хандмаар  олон зүйлийг бид  тодорхой болгох шаардлага гарсны нэг нь энэ эмтэй холбоотой асуудал.

Тиймээс би Ерөнхий сайдтай санал солилцож, байр сууриа нэгтгэснийхээ дагуу Монгол Улсад импортоор оруулж ирэх эмийн журамд өөрчлөлт хийсэн. Оны дараахан нэгдүгээр сарын дундуур энэ журмаа албан ёсоор баталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хүний эмийн зөвлөлийн хурлаар батлуулж, эмийн журамд зарчмын шинж чанартай олон өөрчлөлтийг хийсэн.

-Манай улс эмийнхээ 80 гаруй хувийг, 1300-гаад нэр төрлийн эм импортоор авдаг гэсэн мэдээлэл байдаг. Дээрээс нь иргэдийн эмийн талаарх мэдлэг тааруухан. Иргэд дур мэдэн эм хэрэглэдэг энэ мэт асуудлаас болоод чанартай чанаргүй эм, хуурамч эмийн асуудал сөхөгддөг. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

Мэдээж, Монгол Улс эмийнхээ дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг. Хэдийгээр импортыг орлох, хувийн хэвшлээс хөрөнгө оруулалттай, дотоодын эмийн үйлдвэрүүдийг дэмжих бодлого байгаа ч  өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээнд гарцаагүй дийлэнх нь хувь нь импортоор орж ирж байгаа эм, эмийн хэрэгсэл байна. Тэгэхээр импортоор оруулж ирж байгаа эмийн журмыг  илүү боловсронгуй болгох хэрэгтэй.

Эмийн асуудал дээр  хамгийн их анхаарал татаж байгаа нь элэгний С вирусыг устгах эм.  Энэ асуудал дээр бид  дорвитой өөрчлөлтийг хийж чадсан.Үүнийг тойрсон  маш их маргаан өрнөсөн байсан. Элэгний С вирусыг устгах эмийг оруулж ирэх талаар олон нийтэд буруу ташаа ойлголтууд өгөгдсөн байсан. Тиймээс төрийн зүгээс энэ асуудал дээр  зөв мэдээллийн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой байсан.

Тэр утгаар нь дэлхийн өндөр хөгжилтэй улсад үйлдвэрлэсэн, дэлхийн олон улс орны нийтийн эрүүл мэндийн хэрэгцээнд хэрэглэгдэж байгаа элэгний С вирусыг устгах эмийг оруулж ирэх асуудлыг бид шийдсэн. Тиймээс одоо дэлхийн өндөр хөгжилтэй улс орны эмийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа эм, эмийн хэрэгсэл Монгол Улсын өвчтэй, зовиуртай байгаа олон хүний амьдралд өвчин зовлонг ангижруулахад нь адилхан хэрэглэгдэх ёстой гэсэн зарчим энэ бүхний цаана хадгалагдаж буй юм.

Тэгэхдээ эм гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой, хоол хүнстэй адилхан асуудал учраас энэ бүхний цаана  маш нарийн хяналттай байх ёстой. Тиймээс бид аливаа эмийг оруулж ирэхдээ хяналтыг  нь алдагдуулахгүй байх, хуурамч болон хууль бусаар оруулж ирэх эмийн асуудлыг зохицуулах зэрэг асуудлын  давхар зохицуулалтыг нь хийж өгсөн байгаа.

Энэ асуудал дээр эм нийлүүлдэг эм хангамжийн байгууллагууд, мэргэжлийн хяналтын байгууллага, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажилласан. Энэ бүхний цаана дотоодын эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо маш чухал байгаа юм.

ЭМСЯ өөрөө энэ асуудалд манлайлагч байж, ард иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой бүх асуудлыг  зохион байгуулж оролцох,  энэ  үүргээ цааш нь идэвхжүүлэх, хариуцлагатай болгох ийм чиглэлд анхаарч ажилласан. Үндсэндээ өнөөдөр энэ асуудал шийдэгдсэн. Одоо өндөр хөгжилтэй улс орноос орж ирэх, чанарын өндөр шаардлага хангасан эмүүд Монгол Улсад бүртгэгдэж, ард иргэдийн хэрэгцээнд ашиглагдах болсныг дурдмаар байна.

-Энэ онд эрүүл мэндийн салбарын  төсөв нэлээд танагдаж батлагдсан. Үүнд, эмнэлгийн дарга нар бухимдалтай байсан. Харин салбар хариуцсан сайдын хувьд та ямар байрь сууртай байгаа вэ?

2015 онд нийтдээ эрүүл мэндийн салбарын төсөв 20 гаруй хувиар танагдаж батлагдсан. Ийм учраас төсвийн тодотгол хэлэлцэх  үед эрүүл мэндийн салбарын нийт хөрөнгө оруулалт, төсвийн хувь хэмжээг нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагддаг эдгээр асуудалд зарцуулагдах төсвийг бууруулахгүй байх тал дээр УИХ-тай хамтарч ажилласан. Хэдийгээр төсөв эрүүл мэндийн салбарт хүрэлцээгүй байдалтай батлагдсан ч зарим асуудалд өөрчлөлт хийх байдлаар хамтарч ажиллаж чадсан.

-“Эрүүл мэндийн салбарт хүнд суртал, авлига, албан тушаал горилох байдал газар авлаа. Энэ салбарт шинэчлэл-өөрчлөлт хийж, сайжруулах шаардлагатай байна” гэж бид олон жил ярьсан. Гэтэл өнөөдөр энэ шүүмжлэл бодит ажил хэрэг болохгүй байна. Тиймээс энэ салбарт, энэ онд та ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэдэг мэдээж шинэ зүйл бол биш. Олон жил бид эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэж ярьсан. Эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох тухай ярьсан. Харамсалтай нь энэ бүх ярьсан, хэлсэн зүйл маань бодитой ажил хэрэг болж, үр дүнгээ өгөлгүй явсаар өдийг хүрсэн. Бидний байнга  ярьдаг,  дээр дурдсан томуу, томуу төст өвчин бас гэнэт гараад ирсэн зүйл биш юм.

Өвөл болгон ийм асуудалтай тулгардаг. Харамсалтай нь тухайн асуудал өрнөөд өнгөрөхөөр тэр зүйл намжаад, дараа жил нь дахиад ийм асуудал тулгардаг.  Тиймээс энэ бүхнийг шийдвэрлэхэд чиглэгдсэн тодорхой шийдлүүдийг гаргаж ажиллах ёстой.

Бид хоёрдугаар сарын 13-нд  2015 оны эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, асуудлуудаа хэлэлцэхээр “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Ийм зөвлөгөөн бүх салбарт жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. 

Манай салбарын хувьд ч гэсэн 2015 онд анхаарч ажиллах гол асуудлуудаа тодорхойлж, салбарынхаа мэргэжилтнүүдийн, албан хаагчдын санал бодлыг сонсож, 2014 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа үнэлж, дүгнэх юм.  2015 онд бид маш чухал,  тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Бид нэн тэргүүнд, УИХ, Засгийн газарт хандаж шийдүүлэх асуудлуудаа салбарын яам дээрээ удирдлагынхаа төвшинд авч хэлэлцээд, энэ асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. УИХ-ын чиглэлд, эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчинд бид  тодорхой нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Гэхдээ  үүнийг  амьдрал дээр хэрэгждэг, бодит үр дүн бий болохуйц байдлаар өөрчилж,  зохицуулж ажиллах ёстой.

Үүний тулд УИХ-ын хууль санаачлах эрх нь байдаг, тухайн субъектүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Өмнө нь бол Засгийн газрын ажил нь нэг тусдаа, УИХ дээр бас тусдаа асуудлыг ярьдаг байсан.  Хоорондынх нь ажил уялдахгүйгээс болоод эрх зүйн орчинд  дорвитой шинэчлэл хийх  хугацааг өнгөрсөн хоёр жилд  алдсан.  Тиймээс хуулийн ямар ч төсөл өргөн барьж хэлэлцэгдсэнгүй.

Тэгэхээр одоо үлдэж байгаа Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд бид алдсан орон зайгаа нөхөж ажиллах ёстой. Тиймээс бид хууль санаачлагч нартай  бодит  амьдралд хэрэгждэг, мэргэжлийн салбарынхны тооцоо судалгаа, бодит байдалд тулгуурласан хуулийг санаачилж, хэлэлцүүлж батлах ёстой гэдэг зарчим дээр УИХ-тай хамтран ажиллаж байна. Мэдээж, нэг удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд бүх хуулийг боловсронгуй болгох бололцоо байхгүй. Гэхдээ дэвшил гаргах ёстой.

-Тухайлбал, энэ хууль эрх зүйн орчинд  ямар зүйлүүдийг шинэчилж, сайжруулна гэж?

Энэ эрх зүйн орчинд нь юу байх вэ гэхээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо цаашид ямар чиглэлтэй явах вэ. Эрүүл мэндийн салбарын засаглал ямар байх вэ?. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт яаж, зөв зүйтэй явагдах ёстой юм вэ. Эцэст нь, төр ямар үүрэг хариуцлага үүрэх ёстой юм бэ? Тухайлбал, санхүүжилтийн хувьд төр нь өөрөө даах нөхцөл бололцоо нь юу байх вэ. Ямар өвчлөл дээр илүү байх, ямар өвчлөлд илүү ач холбогдол өгч хууль эрх зүй, журмаар нь зохицуулалт хийж өгөх вэ. Даатгал нь юугаа хариуцах вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд даатгалаас үзүүлэх хувь хэмжээ нь хэд байх вэ гэх мэтчилэн олон асуудлыг тусгаж өгнө. Үндсэндээ эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 70 гаруй хувь нь төсвөөс санхүүжиж байгаа үед төсөв бол  хүссэн, хүсээгүй   эрүүл мэндийн салбарын гол асуудлыг нуруун дээрээ үүрч явна. Тэгвэл энэ төсвийн хөрөнгө оруулалт өөрөө зөв зохистой байх ёстой юм.

Өнөөдөр хоёр жил гаруй хугацаанд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан мөртлөө эрүүл мэндийн салбарт бодитой эмнэлэг болчихсон, байшин нь хэд байгаа билээ. Царцсан нэртэй объектууд тэр чигээрээ эмнэлгийн барилгууд байж байна. Гүйцэтгэл нь 30-40 хувьтай мөртлөө 80-аас дээш хувийн санхүүжилтийг авчихсан. Тэгээд үр дүн байдаггүй.  Дараа нь энэ асуудал яах нь тодорхойгүй байна.

Эсвэл хууль хяналтын байгууллага дээр очоод гацчихсан байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй үйл ажиллагаа ноёлсон, давамгайлсныг ярих гээд байна. Түүнээс биш, өмнөх хүмүүсийн хийсэн ажлыг шүүмжлэх гээд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна.

Тиймээс би өнөөдөр энэ салбарыг хариуцаж байгаагийн хувьд дараагийн салбарын удирдлагуудад ийм дүр зурагтай салбарын асуудлыг орхиж, үлдээж болохгүй. Энэ алдааг цаашид гаргахгүй байх зарчмыг өөртөө хүртэл,  өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа бүх шатны удирдлагуудад хариуцлагыг төвлөрүүлж, ажиллана гэсэн зарчмын байр суурьтай байна.

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулах тухай их ярьдаг болж. Таны ажлын чиг хандлага бас үүнд чиглэж байна. Эрүүл мэндийн засаглалын хүрээнд  энэ салбарын яг ямар асуудалд  илүү түлхүү анхаарал хандуулж  ажиллах вэ?

Эрүүл мэндийн салбарын засаглал  дотроо бид эмнэлгийн засаглалыг илүү түлхүү авч үзэх ёстой. Өнөөдөр Монгол Улс гурван сая хүнтэй боллоо. Нийт хүн амын дийлэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Иргэ бүрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх тогтолцоо алдагдсан. Уг нь энэ тогтолцоо нь байгаад байдаг.

Тиймээс бид яаж зөв зохион байгуулах вэ гээд аваад үзэхэд,  сумын болон багийн эмнэлгийн  үйл ажиллагааг бүрэн утгаар нь  явуулах, чадавхижуулах асуудал байна. Мөн сумын эмнэлэгт сайн эмч, сайн асрагч сувилагч ажиллах ёстой байна. Багийн эмнэлэгт ч мөн ялгаагүй. Ингээд төв рүүгээ ороод ирэхээр аймаг, нийслэлийн хэмжээнд өрхийн эмнэлгийг бид улам чадавхижуулах хэрэгтэй байна.

Өнөөдөр өрхийн эмнэлэгт дөнгөж сургууль төгссөн эмчийг  заавал гурван жил ажиллуулах, эсвэл сумын эмчийг баг дээр, өрх дээр очиж ажилла гээд явуулчихаар нөгөө сэтгэл ханамжаар ханддаг иргэд маань сэтгэл ханамжгүй байгаад байна. Тиймээс өрхийн эмчид, сум багийнхаа төвшинд эрүүл мэндийн үйлчилгээ авах бололцоотой  иргэд маань аймгийн төв рүү, нийслэл рүү ирж, нөгөө ачааллаа дийлэхгүй байгаа төвлөрсөн эмнэлгийн  ачаалал дээр ачаа болж байна.

Үүнээс болоод шат шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, бүх зүйл эсрэгээрээ хүндрэл бэрхшээл болон хувирч байна. Энэ бүхнээс үүдээд орны хүрэлцээ хангамж, эх хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна. Амаржих газрын нэг орон дээр хоёр  ээж хэвтэж байна гэх мэтчилэн асуудал үүсээд байгаа юм. Үүнд бид зөв зохицуулалтыг  хийж  өгвөл хүндрэлтэй асуудал тулгараад байхгүй.

Өнөөдөр Монгол Улсыг олон улсын төвшинтэй харьцуулаад үзэхэд, нэг хүнд ногдох эмч, сувилагч нарынхаа тоогоор дээгүүрт орно. Орныхоо тоогоор мөн дээгүүрт орно. Нөхцөл байдал ямар байна гэхээр үүнийг үр дүнтэй зохион байгуулж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс бид 2015 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх жил болгох, энэ асуудлаа энэ жилийнхээ зорилт болгон дэвшүүлээд байна.

Ингэж чадвал  бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ. Үүний тулд, өрхийн болон  сумын эмнэлэг, багийн эмнэлгээ бид 2015 онд бэхжүүлэх, тэнд хамгийн чадварлаг, туршлагатай эмч нарыг томилдог. Тэр эмч нараа дэмждэг болъё. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд руу хандсан бодлого, боломжийг хайя гэсэн зорилтыг  дэвшүүлэн ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарыг тогтворжуулахад, эмнэлгүүдийн удирдлага, менежментийн асуудал бас их чухал байх. Энэ бүхнийг хэрхэн, яаж зохицуулж ажиллана гэж бодож байна вэ?

Засаглал гэхээр нийгмийн хувьчлалтай холбоотой хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хувьчлал гээд ярихаар хэдэн том эмнэлгүүд л хүн бүрийн санаанд буудаг. Хувьчлал гэхээр манайхны нийтлэг ойлголт бол бүгдийг нь тэр объектоо барилга байшинтай нь хувьчлах тухай ойлголт яваад байдаг. Тэгвэл тэр хувьчлал гэдэг үгнээс татгалзмаар санагддаг. Засаглал гэдэг  үг рүү илүү хандах хэрэгтэй. Засаглал гэдэг нь өмч нь улсдаа хэвээрээ байна. Харин удирдлага, менежментийг нь өөрчлөх бололцоотой.

Өнөөдөр төсвөөс 70 гаруй хувийнх нь санхүүжилт хийгдэж байгаа эрүүл мэндийн салбарыг тэр чигт нь  хувийн хэвшлийн нуруун дээр аваачаад тавьчихаж болохгүй. Тийм учраас шат дараалалтай авч үзэх хэрэгтэй. Эхлээд өмч нь төрдөө байдаг. Бүх талын төлөөлөл орсон удирдах зөвлөлтэй болдог. Удирдах зөвлөл нь өөрөө даргаа сонгодог. Тэр даргын багтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг.

Ингээд ирвэл эмнэлгийн байгууллага үр ашигтай  ажилладаг, дотоод нөөц бололцоогоо дайчилдаг, нөгөө сэтгэл ханамжийн байдалд суурилсан үр дүнгийн бүтээгдэхүүнийг үнэлдэг, жинхэнэ зөв менежментийн үйл ажиллагаа тэнд явагдаж байж, өнөөдөр улсын эмнэлгүүдэд хандах, үйл ажиллагааны хандлагыг өөрчилж чадахуйц шинэчлэл хийгдэнэ.

Тэгэхгүй бол Эрүүл мэнд, спортын яам бодлого тодорхойлдог байгууллага байтал эмнэлгийн дарга нарыг томилдог. Тэр нь эргээд янз бүрийн улс төр, хэл амны бай болдог. Энэ асуудлаас болоод эрүүл мэндийн салбарт засаглалын хямрал үүсдэг. Энэ засаглалын хямралыг тогтворжуулахын тулд бид зөв зүйтэй засаглалын тогтолцоонд шилжих, үүнийг маш яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна.

Би Ерөнхий сайдад их талархаж байгаа. Ерөнхий сайд өмнө нь  Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Энэ салбарт тулгарч байгаа асуудлуудыг тодорхой мэдэж байгаагийн хувьд Г.Шийлэгдамбад  бүх нөөц боломжоо дайчилж ажиллах  бололцоог  олгож байгаа.

Тиймээс би энэ богинохон хугацаанд маш үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад  мэргэжлийн багтай, ямар нэгэн  ашиг сонирхлын зөрчилгүй  хүмүүстэй хамтран ажиллах зарчмаар энэ ажлыг хэрэгжүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Эхнээсээ ажлын үр дүн харагдаж байгаа учраас туйлын урамтай байна. Ашиг сонирхлын зөрчил,  саад бэрхшээл битгий тулгараасай  гэж бодож байна. Мэдээж,  түүнийг даван туулна.

-Улсын болон хувийн эмнэлгүүдийн уялдаа холбоог хэрхэн сайжруулах вэ. Үйл ажиллагааны  хувьд ч,  ажиллах боловсон хүчний хувьд ч  аль аль нь асуудалтай байх шиг санагддаг. Улсын эмнэлгийн чадварлаг, сайн эмч нар бүгд  хувийн эмнэлэгт давхар ажиллаж байна шүү дээ. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ нь ч арай өөр байна?

Нэг талдаа бид энэ салбарын асуудлыг ярьж байгаа ч нөгөө талдаа энэ салбарыг ачааллыг тодорхой хэмжээгээр үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэний нөхцөл байдлыг  бас авч үзэх хэрэгтэй. Сүүлийн үед хувийн эмнэлэг олон байгуулагдаж байна. Хувийн хэвшлээр дамжиж, энэ салбарт багагүй хөрөнгө оруулалт бий болсон байна.

Зарим эмнэлэгт төрийн эмнэлэгт огт хийгдэхгүй байгаа эмчилгээ, оношлогоог хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр, олон улсын стандарт шаардлагыг хангасан орчинд хийж байна. Гэтэл нөгөө талд улсын эмнэлгүүдийн хүний нөөц зарим нэг талаараа асуудалд орж байх жишээтэй.

Тухайлбал, улсын эмнэлгийн эмч нар хувийн эмнэлэгт очиж ажиллаж байна. Гэтэл хувийн эмнэлгүүдэд иргэд тэр бүр очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж байдаггүй.  Тэнд өртөг өндөртэй байдаг. Гэтэл  улсын эмнэлгүүдэд тэр үйлчилгээг нь хязгаарлагдсан үнээр үзүүлдэг. Түүнийгээ  дагаад эмчилгээ сул байна гэсэн шүүмжлэл байнга дагалдаж явдаг. 

Хамгийн гол нь нөгөө давхар дээлтэй албан тушаалтнууд чинь эрүүл мэндийн салбарт байна гэдэг шүүмжлэлд өртөөд байдаг.  Үдээс өмнө улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт ажилладаг. Үүнийг шууд буруутгах, таслан зогсоох арга байхгүй.  Тэгэхээр системээ бид зөв болгомоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн сайн ажиллаж байгаа нь тэр хэрээрээ санхүүжигдэж, өндөр цалин хөлс, урамшуулал авдаг байх хэрэгтэй.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хувийн,  улсын эмнэлгүүд ижил төвшинд өрсөлддөг байх хэрэгтэй. Харин үүний тулд, дээр дурдсан  зүйлүүдийг шийдэж өгөх ёстой.  Түүнээс одоо байгаа энэ хандлагаар явж болохгүй гэдэг зарчмыг баримталж ажиллах нь чухал юм. Нэг дор бүхнийг шийдэх боломжгүй ч  хамгийн чухлаас нь эхлэх ёстой. Ерөнхий дүр зураг бол иймэрхүү хүрээнд  байх юм.

-Саяхан  ЭМСЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан  гурван талт хэлэлцээрт анх удаа  гарын үсэг зурсан. Гэрээнд ямар асуудлуудыг тусгасан бэ. Мэдээж, хамгийн түрүүнд эмч нарын цалинг нэмэх тухай асуудлыг ярьсан байх?

Бид анх удаа эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлтэй  гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Энэ бол эрүүл мэндийн салбарт анх удаа хийгдэж байгаа ажил. Цалин хөлс тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болсон. Илүү цагийн урамшуулал бүгд энд багтаж байгаа. Хэдийгээр бид нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч энэ бол давуу тал юм.  Цаашид бид шат дараалсан олон арга хэмжээг авч ажиллах болно. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа чадалтай, чадвартай эмч мэргэжилтнүүдээ  дэмжих болно.

 Нийгэмд  ажилгүйдэл, ядуурал, стресс  бухимдал гээд  хар бараан асуудал нэмэгдэх тусам эрүүл мэндийн салбарт  ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс энэ их том ачааг үүрч яваа нийгмийн салбарынхан тэр дундаа эрүүл мэндийн салбарынханд өгөх тэтгэлэг,  нийгмийн бүхий л халамжийг энэ салбарынханд дорвитой үзүүлэхгүй бол одоо чадан ядан энэ ачааг үүрч яваа эрүүл мэндийн салбарынхан дахиж босоход  хэцүү болно.

Тиймээс эднийгээ хөл дээр нь босгоод авах нь чухал байна. Үүнд, нэг их бичиг цаас үйлдээд байх шаардлага байхгүй. Өнгөрсөн хориод жил бид хангалттай олон судалгааны бичиг баримт, хууль журмыг гаргасан.

Тэр нь ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тиймээс одоо бичиг цаасны тухай яриад суух шаардлага байхгүй. Одоо зөвхөн хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх нь чухал.  Ийм л ажил үгүйлэгдэж,  хүлээгдэж байна. Тэгэхээр миний ярьж байгаа зүйл ерөөсөө шинэ зүйл  биш юм. Өмнө нь яригдаж байсан зүйлүүдийг шийдэх, шийдлийг нь олохын тулд ажиллаж байна.

-Салбар хариуцсан сайдын хувьд, яамныхаа дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлд ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Салбарын яамыг хүнд сурталтай, нэг ажлыг хэдэн сар хөөцөлдөж байж бүтдэг гэж ярих хүн цөөнгүй байдаг шүү дээ?

Салбарын яам бол бодлого тодорхойлогч байгууллага. Тиймээс  энд бодлого яригдаж байх ёстой. Бодлого хэрэгжиж байна уу, үгүй юу. Бусад байгууллагын уялдаа холбоог хангах, УИХ, Засгийн газар, бусад төрийн байгууллагатай уялдаж, хамтран ажиллах нь Эрүүл мэнд, спортын яамны гол чиглэж ажиллах ёстой зүйл.  Гэтэл яам өөрөө аж ахуйн яам болж харагдаад байсан. Хэрэгтэй, хэрэггүй  олон лицензийн зөвшөөрлийг яамнаас  олгодог.  Иргэдийг болон эрүүл мэндийн салбарыг хүндрүүлж байгаа  тодорхойгүй олон асуудлыг яам өөр дээрээ төвлөрүүлдэг,  маш олон тодорхойгүй дүрэм журмыг  гаргасан байдаг.  Би үүнийг цэгцлэх үүрэг өгсөн. Энэ асуудлаа цэгцэлж чадахгүй бол өөрсдөө өөрчлөгд гэсэн шаардлагыг тавьж байна.

Нэг талаасаа яам гэдэг бол төрийн үйлчилгээний байгууллага. Ер нь  төрийн алба гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа учраас үйлчилгээний байгууллага байх ёстой. Иргэдэд үйлчлэх ёстой. Иргэдийн сайн сайхны төлөө төр өөрөө бодлогоо явуулах ёстой. Үүнийг зөрчсөн ямарваа нэгэн саад бэрхшээл байж болохгүй. Тиймээс би ЭМСЯ-ны харъяа бүх байгууллагад хэрэгжүүлэх чиг үүргийг нь журмаар зохицуулж өгнө.

Бүтцийг нь шинэчлэн баталж өгнө. Салбарын яам дээр олон хүний цаг завыг бардаг, олон хүн тэр лицензийн зөвшөөрлийг авах гэж ажлаа алддаг, сүүлдээ тэр нь өдөр тутмынх нь ажил болж хувирсан. Эргээд тэр нь эрүүл мэндийн салбар  авлига авдаг, танил талаараа хүнд ханддаг, нийгэмд илүү энэрэнгүй хандах ёстой салбар маань харин ч эсрэгээрээ харгис хатуу ханддаг гэсэн нийгэмд төрөөд байгаа энэ ойлголтыг өөрчлөх ёстой юм.

Ер нь эмч, өвчтөн хоёрын хоорондын харилцан шүтэлцэл тэр хүнийг эдгээдэг. Эмчдээ муу санаж байгаа өвчтөн хэзээ ч эдгэхгүй. Өвчтөндөө муу санаж байгаа эмч тэр хүнийг хэзээ ч эдгээхгүй. Тиймээс  эрүүл мэндийн салбарт ийм сэтгэлзүйн өөрчлөлтийг хүртэл оруулж өгөх ёстой. Манай иргэд эрүүл мэндийн салбарын талаар буруу ойлголттой явдаг. Гэхдээ энэ нь эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч  нарын буруу биш юм.

Харин ч энэ хүмүүс тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд өөртөө ахадсан ачааг дааж ажиллаж байгаа хүмүүс. Тэд маш хүнд нөхцөлд,  нойртой, нойргүй, хоолтой хоолгүй  ажиллаж байна. Асуудал нь хаана байна гэхээр удирдлагадаа  байна. Энэ нь сайдаасаа эхлээд, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, тэдний менежмент, ур чадвар, хариуцлага сул байгаагийн илрэл.

Тэгэхээр цөөхөн хүнээс болж энэ салбарын нэр хүнд гундаж болохгүй. Эрхэм тэр зорилго үүрэг нь хараар будагдаж болохгүй. Тиймээс миний нэг зорилго бол эрүүл мэндийн салбар бол гэгээлэг, сайхан салбар. Эрүүл мэндийн тогтолцоо нь зөв болоод, үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл нийгэм дэх хар барааныг ч гэсэн сарниулахад том өөрчлөлтийг хийж чадна гэж боддог. Тийм учраас энэ салбарт ажиллах нь мэргэжлийн байх, мэргэжлийн бус байхаас үл шалтгаалан  энд зөв зүйтэй төрийн бодлого зохицуулалт хийгдэх ёстой гэж бодож байна.