2019.10.04

Н.Амарзаяа: Хоёр жил дамнаад ч хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхгүй байгаа асуудалд анхаарах хэрэгтэй

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

2018 оны төсвийн гүйцэтгэлд сайшаалтай олон тоон мэдээллүүд бий. Саар зүйл ч бий.  Үүндээ цаашид анхаарах тал дээр хэлж байгаа гишүүдтэй ч санал нэг байгаа. Тэр дундаа ЖДҮ-ийн сантай холбоотой том асуудал үүссэн. Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмыг хангаагүй гэж аудитын дүгнэлтэд ч байна. Гэтэл Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг энэ талаарх дүгнэлт алга байна. Тиймээс дэд хорооны даргаас байр суурийг нь тодруулъя. Санхүүгийн тайлантай танилцахад нийт 47 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй өнгөрсөн оны сангийн үлдэгдлээс 19 тэрбум төгрөг зарцуулсан ийм асуудал бий. Үүнд мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэрхэн хандаж байна вэ. 

Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын төсвийн гүйцэтгэл батлагдахтай холбогдуулан УИХ-ын бие даасан тогтоол гаргаад цаашид анхаарч, авч хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тусгах ёстой. Гэтэл тогтоолын төсөл оруулж ирсэнгүй. 2018 онд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маш бага хувьтай байсан. Гэтэл санхүүгийн тайлангийн мөнгөн дүнг нь харахад 500 сая гаруй төгрөгийн төлөвлөгөөтэй үүнээсээ 400 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байх жишээний.

Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтыг зарим ажлууд яагаад өнөө хэр хүртэл хийгдээгүй байгаа юм бэ. Хоёр жил дамнаад ч хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхгүй байгаа нь маш анхаарах асуудал шүү. Мөн Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниуд бий. үүгээр маш их хэмжээний нүүрс экспортод гарч байна. Экспортод гарч буй нүүрсний гэрээ, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу үнэн, бодит явагдаж байна уу. Үүнд хяналт шалгалт хийх  үү.