Аваргууд
Хүндэтгэлийн хойморт дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нар
2014.04.11

Аваргууд

"Эх орончдын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан сайхан болсон. Хүндэтгэлийн хойморт дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нар суудал зэрэгцэж, арай зайтай аварга Д.Сумъяабазар тухалсан байсныг уншигчид маань санаж байгаа буй заа.

Суудал зэрэгцсэн гурван аварга бөхийн барилдаан харангаа энгүүн сайхан хуучлахыг миний бие ойролцоо суусны ачаар үг алдалгүй сонссон тул энэ хуучийг уншигчдадаа хүргэе.

Д.Цэрэнтогтох аварга Б.Бат-Эрдэнэ аваргаас Оросын В.Шакаловтой яаж барилдах вэ гэж асууснаа санаж байна уу гэж асууж байна.

Б.Бат-Эрдэнэ: -Саналгүй яахав. Дэлхийн цомын тэмцээн 1989 онд манайд болсон юм. Дэлхийн 3 удаагийн аварга В.Шакалов бид хоёрын барилдаан аль баг ямар байр эзлэхийг шийдэх барилдаан байсан.

Өмнө нь энэ хүн манай Хадаа аваргыг үүрэх мэхээр бөөн бөөн оноо аваад цэвэр ялж байсан гэж байдаг. Би -100-аас анх удаа +100-Д барилдаж байдаг. Гэтэл та үзэгчид дунд сууж байсан. Тэгээд би таниас зөвлөгөө авмаар санагдаад л асуусан л даа.

Д.Цэрэнтогтох аварга: -Би ямар самбо мэдэх биш. Гэвч өөрөөс илүү хүнийг аль болох хөдөлгөж барилдах нь дээр. Чиний этдэг, араар гишгэдэг чинь тун зүгээр мэх шүү л гэж хэлсэн санагддаг. Гэтэл чи харин яг хэлснээр барилдаад, бүр тонгорч өөд нь харуулаад даралтаар цэвэр ялчихаагүй юу гэж байна (Дашрамд сонирхуулахад манай аварга В.Шакаловыг мөн 1989 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотод болоход мөн цэвэр ялж түрүүлсэн билээ Тэр үед В.Шакалов 150 кг, Б.Бат-Эрдэнэ 105 орчим кг жинтэй байсан байна).

Бат-Эрдэнэ аварга: -Хадбаатар аварга, Мөнгөн арслан та гурвыг л яаж ч болохгүй юм шиг санагддаг байж билээ. Бул хад чулуу шиг л байсан даа гэхэд,

Д.Цэрэнтогтох аварга: -Би чамайг нэлээн тооцож, туршиж үзсэн. Амалж ч, тунаж ч барилдсан. Мэхээ нөөж, нууж байсан. Тэгж байж хоёр удаа давсаан. Ер нь тэгээд цаанаасаа төрчихсөн юм чинь цаашдаа яаж ч болохгүй болчихдог юм билээ (Д.Цэрэнтогтох аварга Б.Бат-Эрдэнийг заан болсон жил нь наймын даваанд мордож, хойт жил нь мөн наймын даваанд давхар хамж давсан билээ) гэв.

Аваргууд хэсэг чимээгүй, дор дороо нэгийг бодох мэт бөхөө тухлан үзлээ. Ийн байтал Б.Бат-Эрдэнэ аварга даян аварга дүүдээ хандан:

-Бэлтгэлээ сайхан хийгээд барилдаж байх нь зөв юм шүү. Би одоо та нарыгаа үзэгчийн хувьд үгүйлээд байх болж, Барилдаан, бэлтгэл хоёр их өөр шүү дээ. Би гишүүн болчихоод тэр бүр барилдах боломж муухан ч гэсэн" Аварга" сургууль дээрээ та нартай, Багшийн дээд сургууль дээр Сэрээтэр багшийн шавь Азжаргал, Соронзонболд, Бямбажав нартай бэлтгэл хийдэг л байлаа. Бэлтгэл барилдаанаас их өөр, дан бэлтгэл хийгээд байвал барилдаандаа их төсөө болчих юм билээ гэхэд

Д.Цэрэнтогтох аварга: - Яг үнэн. Хяналттай барилдаан их чухал. Бэлтгэлийн барилдаан хэрэгтэй ч жинхэнэ барилдаан биш үү дээ гэж нэмлээ (Аваргын хэлж байгаа хяналттай барилдаан гэдэг нь томоохон тэмцээний өмнө бэлтгэл дээр тэмцээний журмаар хийдэг барилдаан юм. Бүх л төрлийн барилдаанд ийм барилдаан байдаг аж).

Б.Бат-Эрдэнэ аварга: -Би таныг бага жингийнхэнтэй их барилдаж бэлтгэлээ хийдэг байсан гэж дуулсан гэхэд,

Д.Цэрэнтогтох аварга: -Яахав, 74-өөс доош жингийнхэнтэй барилдана. Тэд миний хоёр хөлийг давхар холбож чадвал унагаагүй ч гэсэн оноо алдсанд тооцож барилдана. Хурдтай болоход нэмэртэй юм даа гээд тамхилж байна.

Б.Бат-Эрдэнэ аварга: -Таны энэ аргыг дуулсан болохоор самбо, жүдогийнхоо бэлтгэлийн дараа чөлөөтийнхний зааланд орж үеийнхэнтэйгээ бас үздэг байлаа. Сүүлдээ нөхөд маань "Өнөө Бат-Эрдэнэ чинь орж ирж мах иднэ" гээд шууд хувцсаа аваад шүршүүрийнхээ өрөө рүү явчихдаг болсон гэнэ лээ. Уг нь усандаа орчихоод гарч ирээд хувцсаа өмсөөд явдаг улс байхгүй юу гэхэд ах хоёр дархан аваргынхаа энэ ярианд даян аварга оролцож,

-Аварга гишүүн болсон хойноо "Аварга" сургууль дээр Сумъяа, Пунцгаа бид хэдтэй бэлтгэл хийнэ. Манай Мөнгөнцоож, бас Магалжав нарын залуус ирнэ. Биднийг нухаад ядраагаад хаяна. Ямар сайндаа тэд "Аварга ирлээ" гэхээр үүд рүү халширсан нүдээр хулмалзан харцгаадагсан. 2005 оны намар байх. Нэг удаа бид гуравтай цувуулж үзээд биднийг бүр хялайлгаж хаячихаад ташаагаа тулаад зогсчихсон "Алив хүрээд ир" гээд байдаг, Сумъяа намайг "Чи арай дөнгүүрээрээ бос" гэж байж билээ гээд толгой сэгсрэн инээж сууна...

Аваргуудын энэ амттай яриаг чагнан суух зуур хэдэн жилийн өмнө Ц.Баярсайхан зааны ярьсан хоёр ч яриа санаанд орлоо. Дэлхийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Японд очсон манай бөхчүүд бэлтгэл хийж байж л дээ.

Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аваргын хөлийг гараа холбож авсан хэрнээ А.Сүхбат, Б.Гантогтох хоёр унагаж чадахгүй байж. Багийн ахлагч дархан аварга Х.Баянмөнх тэг, ингэ гэж зааж байснаа тэсэлгүй "Яасан дүүрчихсэн амьтад вэ, алив би нэг..." гэсээр босч ирээд мөн хөлийг нь гараа холбон аваад дийлээгүй гэдэг.

Өвгөн аваргын тухайд ч аргагүй л дээ. Санаанд нь бол болмоор харагдаад байсан хэрэг. Нөгөөх нь гэвэл Б.Бат-Эрдэнэ аварга чөлөөтийн заалаар яваад ортол Дамдиншарав багш "Аварга чөлөөтөөр бол манайхныг барахгүй" гэх маягийн юм хэлжээ. Тэгээд үзэхээр болж. Гавьяат тамирчин Б.Болд аваргын гар, толгойг холбон уургалаад тэндээсээ оноо авах, аварга огт эсэргүүцэл үзүүлэхгүй(барьцыг нь тавиулахгүй, хариу мэх хийхгүй) байхаар болжээ.

Энэ мэхээр мэргэшсэн гэж болох Б.Болд гавьяат уг нь чөлөөтийн шигшээгийн хүнд жингийн залуу хүчтэнүүдийг энэ барьцнаас эд бад хийчихдэг байсан мөртлөө чөлөөтөөр барилддаггүй аваргаас оноо авах гэж хэдэн минут оролдоод оноо авч чадалгүй мах болтлоо ядарсан гэдэг.