Л.Мөнхбаатар М.Билэгт 2018.06.15 | Vip76.mn

Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулна

Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна. Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт

"Эрүү болон зөрчлийг хууль хэрэгжих явцад иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан. Энэ хуулиудтай холбогдуулан гэмт хэрэг өсөж байгаа хэмээн хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан. Гэтэл төрийн өмчийг шамшигдуулсан бол 10 саяаас дээш гэж оруулсан байгаа. Энэ нь гэмт хэргийн тоог бууруулах гэж тусгасан мэтээр тайлбарласан. Үүнийг анхааралдаа авч засах хэрэгтэй" гэсэн юм.


Харин санаачлагч Л.Мөнхбаатар гишүүн " Энэ хуулийн гол зорилго практикт тулгарч байгаа зарим асуудлыг шийдэх гэж байгаа юм" Хэмээн хуулийн төслийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.