2016.08.30

Л.Болд: Хуулийн бэлтгэл ажлыг хангах 9 сарын хугацаа байсан

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, түүний дагалдан гарсан процессын хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах тухай асуудлаар УИХ дахь МАН, АН-ын сөрөг байр суурьтай байна. Тиймээс ч хоёр намаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд харилцан асуулт асууж, байр сууриа илэрхийлсээр. 

УИХ-ын гишүүн Л.Болд

"Түүхэндээ анх удаа хуулийг ёсчлоогүй тохиолдол гарлаа гэж байна. Үнэхээр тэгж байгаа бол УИХ-ын чуулганыг хуралдаагүй шүү дээ. Хаалтын хуралдааныг ч хийлгээгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хийхэд бүхэл бүтэн 9 сарын хугацаа байсан.

Эрүүгийн хуулийг дагалдан гарсан процессын 5 хуулийг ёсчлох сүүлийн хуралдааныг хуралдуулаагүй. Одоогийн парламент байгуулагдаад 43 хоног болсон мөртлөө төрийн залгамж чанарыг хадгалаад эдгээр хуулийг ёсчлоогүй. Хэрэв энэ хугацаанд ёсчилчихсон байсан бол бэлтгэл ажил нилээд хангагдчихаар байлаа. Хүчин төгөлдөр хуулиудын тухай ярьж байж 2 хоногийн дараа хэрэгжих гэж байхад байнгын ажиллагаатай одоогийн парламент буцаах гэж байна" гээд Эрх зүйн энэхүү шинэчлэлийн хэрэгжилтийг зогсоосноор хичнээн хүн хохирч байгааг тоо баримттай хэлнэ үү? Хэдэн хүний эрх ашиг зөрчигдөж байна вэ?"

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:  

"Өмнөх парламент бүрэн эрхийнхээ хугацаанд эдгээр хуулийг ёсчлоогүй учраас хойшлуулах хүсэлтэй байгаагаа учирлаж байна. Өмнөх парламентийн хийгээгүй үлдээсэн ажлыг хийх гэхээр урдаас олон төрлийн тайлбар хийж байгааг ойлгохгүй байна" гэдгээ илэрхийллээ.