Үйл явдал3 мин унших
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ нийгэмд шударга ёсны хүсэмж өндөр байгаа энэ цаг үед дээрх төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийж байгааг онцлоод "Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хууль хэрэгжих явцад тулгамдаж буй асуудлыг шүүх, прокурор, цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шүүмжлэл болон хийдэл давхардлыг арилгах, судлаачдын саналыг тусган, багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлгийг хийж байгаа" гэлээ.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хуулийн төслийн талаарх танилцуулга” хийж, 2019 оны есдүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 449 мянга орчим гомдол дуудлага ирүүлнээс 173 мянга орчим нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага байсан гэв. Эдгээрийн 52 мянга нь гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй 117 мянга орчим гомдол мэдээллийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдээс 7.8 хувиар буурсан талаар тоон мэдээллийг танилцуулсан юм.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаСэтгүүлч Munkhjargal

