МҮЭХ-оос дахин сонордуулга хүргүүлнэ
МҮЭХ-ны зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд нэн тэргүүнд хэлэлцэх ёстой асуудлуудыг УИХ-д хүргүүлсэн нь хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй тул дээрх сонордуулгыг дахин хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Хэлэлцэх асуудлаа батлахаас өмнө тодорхой саналыг сонордуулга хэлбэрээр Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтарч хүргүүлсэн. Энэ сонордуулга дотор улс орны эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулж ард иргэдийн амьдрал, нийгмийн хамгааллыг алдагдуулахгүй байх, тодорхой хууль, эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх, тодорхой хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхийг санал болгосон. Харамсалтай нь саналууд дотроос худалдааны тухай хууль л энэ хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна. Бусад хуулиуд нь орсон эсэх нь тодорхой биш. Лав жагсаалтад байхгүй. Магадгүй бусад гэсэн ангилалд орж болзошгүй. Тэгэхээр энэ асуудлыг эхний ээлжинд хэлэлцэх саналыг хүргүүлж байгаа юм.”
Нэн тэргүүнд хэлэлцэх ёстой асуудалд өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах хөтөлбөр, үнэ бүрдэлтийн тухай хууль, Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах, мөнгөний бодлогын хэрэгжилтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх зэрэг саналыг хүргүүлсэн байсан.
Хөдөлмөр, нийгэм, зөвшлийн гурван талд хороог хуралдуулж дээрх сонордуулгыг дахин хэлэлцүүлж хүргүүлэхээр болжээ.