Бууны татварыг ялгавартай тогтоолоо
Хууль зүйн байнгын хороо
2015.01.13

Бууны татварыг ялгавартай тогтоолоо

Өнөөдөр хуралдсан гурван байнгын хорооны хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцлээ. Тодруулбал, энэ өдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр байгууллагуудын төсвийг хэтэрхий тооцоо судалгаагүй хасч танаж болохгүй гэдгийг хэлж байлаа.

Тухайлбал, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн төсвийг танах асуудлыг Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж, энэ төсөл бол Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа хуулийн сургалт, судалгаа, сурталчилгааг хийдэг байгууллага учраас нэг тэрбум төгрөгийг хэвээр нь үлдээх ёстой гэв. 

Мөн өөрсдөө мөнгө олох ёстой гэж тусгадаг ч хуулийн номын борлуулалт буурсан, хуульчдын сургалт явуулах эрх нь Хуульчдын холбоонд шилжсэн учраас төсвөөс гадна мөнгө олох боломж нь буурч байгаа хэмээн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Нямдорж нар санал нэгтэй хамгаалсан юм.

Тиймээс энэ хүрээлэнд тусгасан мөнгийг хэвээр үлдээж, ирэх онд төрийн удирдах албан тушаалтнуудын гар утсанд зарцуулдаг мөнгийг танаж энэ хүрээлэнгийн төсөвт зарцуулах санал гарган дэмжлээ. Мөн энэ өдрийн хуралдаанаар Хөрөнгийн албан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэв. 

Хуульзүйн байнгын хороонд Бууны албан татвартай холбоотой асуудал яригдах ёстой учраас Х.Тэмүүжин гишүүний бууны татварыг ялгавартай тогтоох санал гаргаж гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд ангийн буу, спорт буу болон цуглуулга, сонирхлын журмаар эзэмшиж буу гэсэн гурван ангилал байдаг аж. Эдгээрт ямар нэгэн ялгаваргүйгээр 100 орчим мянган төгрөгийн татвар тогтоохоор хуулийн төсөлд тусгаад байгаа юм. 

Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн “Ангийн буу магадгүй тансаг хэрэглээ учраас өндөр татвар тогтоох нь зөв. Харин спорт буун дээр татвар тогтоогоод эхэлбэл, тамирчдын бууны зардал нэмэгдээд эхэлнэ. Эцэг өвгөдөөс нь уламжилж ирсэн, цуглуулгын шинжтэй, ашигладаггүй буунаас татвар авах нь бас өрөөсгөл асуудал. Тэгэхээр ямар ч байсан энэ гурван ангиллаар нь татварыг ялгавартай тогтоож өгөх хэрэгтэй” хэмээгээд гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.