"Монгол Улсад Автотээврийн Салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой" тохиож байна
Автотээврийн Салбар
2015.07.20

"Монгол Улсад Автотээврийн Салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой" тохиож байна

Манай улсад тэмээн жин, морин өртөө зэрэг уламжлалт тээврийн үндэс суурин дээр ачаа, зорчигч тээвэрлэх мехникжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар 1925 онд үүсч хөгжих суурь тавигдаж, авто тээврийн салбарын түүхийн цоо шинэ хуудас нээгдсэн билээ.

Энэхүү түүхийн хуудсыг эргүүлэн үзэхэд автотээврийн салбар шуудан, ачаа, зорчигчийг тээвэрлэх, дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах хэрэгцээг хангах, атар газар эзэмших, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэд, малчдад шуурхай тусламж үзүүлэх, улс ардын аж ахуйн их бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, ард иргэдийн тээвэрлэлтийн хэрэгцээг нэр төртэй ханган биелүүлж ирснийг бахархалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь жолооч, 4 хүн тутамд нэг автомашин ноогдож байгаа нь автотээвэр иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсныг харуулж байгаа юм. Эгэл жирийн малчны хотноос томоохон үндэсний компаниуд хүртэл тээврийн хэрэгсэл байнгын хэрэглээ нь болсон байна. Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, далайд гарцгүй, төмөр замын болон иргэний нисэхийн сүлжээ хязгаарлагдмал манай орны нөхцөлд автотээвэр нь ачаа, зорчигчийг “хаалганаас хаалга”-нд хүргэдэг, хамгийн түгээмэл, хүртээмжтэй, хэрэглэгчид ойрхон автотээвэр байсан, цаашид ч энэ ач холбогдол, байр сууриа хадгалах нь гарцаагүй юм. Монгол Улсын төрөөс тээврийн салбарыг зах зээлийн нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох зэрэг ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон Улсын автотээвэрчдийн нэгдсэн холбооны жинхэнэ гишүүнээр элсэн орж, дамжин өнгөрөх тээврийг олон улсад зохион байгуулж байна. 2005 оноос ачаа барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэх ТИР карнейг хэрэглэн улс хоорондын тээвэрлэлт хийх боломж нээгдсэн нь манай улсын эдийн засаг, гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ. Автотээврийн үйлчилгээний төрөл, чиглэлээр салбарын байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эвлэлдэн нэгдэж холбоо, хоршоо байгуулан ажил төрлийн уулзалт хийх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, эрх ашгаа хамгаалах, үзэл бодлоо нэгтгэн илэрхийлэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах болсон юм. Монгол Улсын автотээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, тээвэрчдийн санал, санаачлагыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зорилгоор Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо 1996 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр эгнээндээ салбарын бусад холбоод болон 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэж, үйл ажиллагаагаа олон улсын жишиг, чиг хандлагын дагуу улам өргөжүүлэн хөгжүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжиж тээвэрлэлтийг хувийн хэвшлийн тээврийн хэрэгслээр гүйцэтгэх болсноор хувийн аж ахуйн нэгжүүд автотээврийн салбарын гол үүргийг боллоо. Автотээврийн үнэ өртөгөөс Монгол Улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн амжиргаа шууд хамааралтай болжээ. Шинжлэх ухаанд суурилсан, техник технологийн дэвшилд тулгуурласан орчин үеийн автотээврийн салбар хөгжихөд тухайн салбарын инженер техникийн ажилтан, жолооч бэлтгэдэг их дээд сургуулиуд, жолооны курсууд, эрдэм шинжилгээний институт чухал үүрэг гүйцэтгэж байна. Автотээврийн салбарын хууль эрх зүй, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх, техник, технологи, автопаркийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах тодорхой хөгжлийн бодлоготой болох зэрэг ойрын хугацаанд шийдвэрлэх олон асуудал салбарын өмнө зүй ёсоор тавигдаж байгаа юм. Дашрамд дурьдахад, Монгол Улсын хөгжилд авто тээврийн салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлэн, зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан хямд үнэ, үйлчилгээний чанараар хэрэглэгчдийг татан тээвэрлэлтийн хэрэгцээг найдвартай, аюулгүй, бүрэн дүүрэн ханган үйлчилгээний сахилга, соёлыг дээшлүүлж ажиллах нь автотээвэрчид бидний хойшлуулшгүй зорилтын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Манай авто тээвэрчид ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, улс ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай, хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо итгэл дүүрэн байна. Ингээд Эрхэм хүндэт тээвэрчидэдээ, Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Тэргүүлэгч гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Автотээвэрчид, Та бүхэнд алтан шар зам тань өлзийтэй байж, санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье. Та бүхнийг хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТХҮҮ