Хэдхэн улстөрчийн зөрчил манай намыг задалсан
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Бага хурлаа энэ сарын 18-нд хийхээр товлосон. Энэ удаагийн Бага хурлаар ирэх сонгуульд МАН, МАХН- тай эвсэж орох, эсэх асуудлыг эцэслэх аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-МАН МАХН-тай эвсэж сонгуульд орох, эсэхээ Бага хурлаараа шийдэх гэж байна. Эвслийн талаар таны байр суурь ямар байдаг вэ?
-МАН, МАХН гэж өрх тусгаарласан цагаас л би байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Тухайн үеийн намын дарга Сү.Батболдод УИХ- ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын гишүүдтэй хамтран ил захидал хүргүүлж байлаа. Уг захидалд намд сүүлийн үед үүссэн хагарлын асуудлаар нийт гишүүд, дэмжигчдийн дунд санал асуулга явуулах, намын гишүүдийг эвдрэлцүүлэх бус, эвлэрүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах болон намын ээлжит бус онц Их хурал яаралтай хуралдуулах асуудлыг судалж үзэх талаар тусгасан байсан. Товчхондоо, намын эв нэгдлээ хадгалж үлдэхийн тулд намын даргад санал хүргүүлсэн юм. Миний энэ байр суурь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй.
-Намын эрх ашгийн үүднээс хоёр нам нэгдэх ёстой гэсэн үг үү?
-Үгүй ээ. МАН, МАХН-ын эрх ашиг гэхээс ил үүтэйгээр Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байгаа учир хоёр нам эвсэж, сонгуульд оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, том эрх ашгаа бодоод МАН, МАХН учраа олж, хүчээ нэгтгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн амьдрал хүнд байдалд орлоо. Мөн улс орны өмнө зайлшгүй шийдэх ёстой томоохон асуудлууд ь овоорчихсон байна. Тиймээс МАН, МАХН эвсэж, Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах гарцыг эрэлхийлэх хэрэгтэй.
-Хэдийгээр хоёр намын ахмад гишүүд нэгдэх асуудлыг хөндсөн ч өнөөдрийн байдлаар намуудын удирдлагаас ирэх сонгуульд эсвэж орох, эсэх нь шалтгаалж байна шүү дээ?
-Намын гишүүд, дэмжигчдээс илүүтэйгээр намын удирдлагын үйл ажиллагаа, тэдний хоорондын зөрчил тэмцлээс шалтгаалж байна. Энэ эргээд улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлж, ард түмний амьдралыг доройтуулж байгаа шүү дээ.
Гэхдээ ирэх сонгуульд эвсэж оролцох нь зөвхөн засгийн эрхэнд гарахын тулд хийж буй үйлдэл мэт харагдаж байгаа. Үүн дээр ямар тайлбар өгөх үү?
-Олон жилийн туршид засгийн эрхийг барьж байсан тулгатай улс төрийн хүчинд итгэх иргэдийн итгэл байгаа шүү дээ. Хэдхэн улстөрчийн зөрчил, тэмцэл энэхүү улс төрийн хүчинг задалсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс харахад буюу иргэдийн хоёр намд үзүүлсэн итгэлийг нэгтгэвэл олонхийг бүрдүүлэх боломж бий. Эцсийн дүндээ, эх орон хохирч байна. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай харлаа гэж бодож байна.
-Эвсэх асуудлаар хэлэлцэх Ажлын хэсгүүд хэр зөвшилцөлд хүрч байна даа?
-Надад дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
-Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Удирдах зөвлөлийн хуралд Ажлын хэсэг мэдээлэл хийсэн үү?
-Удирдах зөвлөлийн хурлаар хоёр нам ирэх сонгуульд эсвэж орох уу гэдгийг ярилцсан. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд удахгүй эцсийн шийдвэр гарах байх.
-Хэрэв хоёр нам эвсээгүй тохиолдолд дараагийн алхам бий юу?
-Ард түмнийхнээ нийтлэг эрх ашгийн төлөө нэг бодол, үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд нэгдэж, нийлж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилтынхоо хүрээнд нэгдэх нь зөв.