Хорих ангийг нээлттэй хаалганы хэлбэрт шилжүүлэхээр заажээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай / шинэчилсэн найруулга/
Өргөн барьсан огноо: 2016.02.15
Хууль санаачлагч: Засгийн газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчилжээ.
Тус хуулийн төслийг иргэд тэгш байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зэрэг Үндсэн хууль болон бусад тогтсон зарчмуудыг судалж, боловсруулсан байна.
Ялангуяа яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн баттай шийдвэр гараагүй үед гэм буруутай гэж олон нийтэд мэдээллэхийг уг хуулиар хоригложээ.
Хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор яллагдагчтай холбоотой тодорхой ажиллагаа явуулах тухай мэдээллээр хохирогчийг урьдчилан хангах зохицуулалт мөн хуульд шинээр тусчээ. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар ч хуульд тусгасан аж.
Тус хуулийн төслөөр гэм бурууд холбогдсон этгээдийг шууд таслан сэргийлдэг арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүйн тулд хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг шинэ арга хэмжээний төрлүүдийг оруулж өгчээ. Ингэснээр тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримттай болсны дараа л таслан сэргийлдэг болох юм. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр хорих ял эдлэгсдийн тоо буурна гэж тооцжээ.
Хуулиар эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж рекорд болон видео бичлэг хийх боломжтой болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хорих ангийг нээлттэй хаалганы хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, ялтан хооронд үүсдэг сөрөг хандлагыг багасгах зорилготой юм. Харин өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хариуцуулахаар заасан. Ингэснээр өсвөр насны хүн хорих ангиас өөр нөхцөлд хорих, залхаан цээрлүүлэгдэх бус мэргэжлийн боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөх, амьдрах ухаанд суралцаж ялаа эдлэх нөхцөл бүрдэх юм.