С.Эрдэнэ: Би бүх гишүүдээсээ сонгогдсон намын даргын хувьд гишүүдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавина
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.02.20

С.Эрдэнэ: Би бүх гишүүдээсээ сонгогдсон намын даргын хувьд гишүүдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавина

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

АН ФРАКЦГҮЙ НАМ БАЙХ БОЛНО

-АН анх удаа нийт гишүүдээсээ санал авч намын даргаа сонголоо. Танд юуны өмнө баяр хүргэе. Намын даргаар сонгогдоод юунаас ажлаа эхэлж байна вэ?

-Нэн тэргүүнд намын дотоод зохион байгуулалтын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Намын шинээр бүрдүүлэх Хэрэг эрхлэх газар ХЭГУ-ын бүтцүүд, намын төв байртай болох зэргээр санхүү, аж ахуй, дотоод зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-АН-ын ХЭГ-ын 40 гаруй хүнийг ажлаас нь халлаа. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг олноор нь халж өөрчиллөө гэсэн шүүмжлэл дагуулж байх шиг байна?

-Хэн нэгэн хүнийг халж солих бодлого бариагүй. АН- ын ХЭГ-ын ажиллах чадвар, бүтэц зохион байгуулалтын чадавх алдагдсан байсан. Ажиллаж байгаа хүмүүс нь аль нэг фракц бүлэглэлд харьяалагдсан, заавраар нь үйл ажиллагаа явуулдаг байдалд хүрчихсэн байсныг бүтэц зохион байгуулалтынх нь хувьд өөрчлөлт хийж байгаа юм. Тэгээд ажиллах чадвартай, өндөр боловсролтой гишүүдээ сонгон шалгаруулж ажиллуулах арга хэмжээ авч байна.

Бид чинь фракциудаасаа салъя, шинэчлэгдье гэж зорьж байгаа. Иймээс намын шинэчлэлийн үйл ажиллагаа явуулахад зөв боловсон хүчнийг тавьж, ажиллахад анхаарсан. Одоо намын анхан болон дунд шатны 500- гаад дарга, сонгуульт албан тушаалтнуудыг намынхаа бүх гишүүдийн сонгуулиар шинэ дүрмийнхээ дагуу сонгох ёстой. Юуны өмнө бүх аймаг, дүүрэгт сонгуулийн салбар хороодыг шинээр байгуулна. Сум хороод дээр хэсгийн хороод байгуулагдахаас эхлээд бэлтгэл ажлууд хийгдэхээр байна.

-АН 4-5 дэд даргатай болно гэж байгаа. Үүнийг фракц болгоны тоогоор нэг хүнийг тавих нь гэсэн таамаглал явж байна. Нийслэлийн намын дарга болон есөн дүүрэг, 21 аймгийн намын дарга нарыг ямар шалгуураар хэрхэн сонгох вэ?

-Би намын даргын сонгуульд нэр дэвшихдээ бүх гишүүддээ амлалт өгсөн. Бүх шатны намын удирдах байгууллага түүний дарга нарыг намын бүх гишүүдийн оролцоотой тэдний саналаар сонгоно гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүнийхээ дагуу аймаг, дүүрэг бүх шатны сонгуулийг урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сард намын бүх гишүүдээсээ саналыг авч сонгохоор төлөвлөж байгаа. Намын дэд дарга нарыг сонгох цаг нь хараахан болоогүй. Учир нь Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэ нэрээр Үндэсний бодлогын хороо байгуулагдаж байж тус хорооны хуралдаанаар намын дэд дарга, ХЭГ-ын бүтцүүдийг албан ёсоор батлуулах ёстой.

-Одоо байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдээ өөрчилж шинэчилнэ гэж яригдаад байгаа?

-ҮЗХ отгон хуралдаанаа хийж үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон. Одоо дүрмэнд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний бодлогын хороо буюу нийт 380 хүн сонгогдож орж ирэх юм. Хуучин ҮЗХ 228 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайн аймаг орон нутагтаа хэн илүү үнэлэгдэнэ, намын гишүүдийн дунд хэн нэр хүндтэй байна тэр хүн гарч ирнэ. Бүх гишүүдээсээ яагаад сонгох гээд байна вэ гэвэл өмнө нь нам доторх фракциудын тохироо, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус үйл ажиллагааны үндсэн дээр нэрсийг гаргаж ирдэг байлаа. Одоо бол АН-ын саналын эрхтэй мянга мянган гишүүдийн саналаар гишүүдийг сонгоно.

-АН-ын бодлого, үзэл баримтлал, дүрэм шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа гэсэн. Яг ямар өөрчлөлтийг оруулах вэ?

-Ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч ардчилсан үзэл үнэт зүйлийн тодорхойлолтууд байдаг. Өнгөрсөн 2000 онд ардчилсан үзэл баримтлалтай таван нам нэгдэхдээ үзэл баримтлал онолынхоо суурийг улам боловсронгуй болгох, үнэт зүйлээ дахин тодорхойлох, үзэл санааныхаа тугийг босгохдоо нэгдсэн нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй байдаг. АН ирэх тавдугаар сард хуралдах дараагийн их хурлаараа үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батална. Үнэт зүйлээ шинээр тодорхойлох, үзэл санааныхаа тодорхойлолтыг шинэчлэх зэргээр намынхаа үзэл баримтлалын онолын тулгуур зарчмыг баталгаажуулна.

-АН 1990 оноос хойш 27 жилийн дараа алдаа оноогоо эргээд нэг харах нь гэсэн уур амьсгал саяны VII их хурлаас анзаарагдсан. Нам бодлогын шинэчлэл хийнэ гэж байгаа. Бодлого шинэчлэгдэхийн сацуу АН залуучуудаа түлхүү оруулж ирэх болов уу гэсэн хүлээлт бас байна?

-Шинэчлэлд хоёрхон үндсэн гол зорилгыг тавьж байгаа. Нэгдүгээрт, үзэл санаа онолын тулгуур зарчмаа шинэчлэх юм. Хоёрдугаарт, энэ нам бодлогын нам байх ёстой. Өнөөдөр бодлогын институтийн хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Боловсон хүчин бэлтгэж, төлөвшүүлж бэлдэж гаргаж чаддаг нам байж үндэсний хэмжээний бодлогын хөгжлийг тодорхойлогч улс төрийн тэргүүлэгч хүч болж чадна.

Аливаа гишүүдийг дотор нь нас хүйсээр ялгаварлан гадуурхах нь өөрөө намын гол зорилго биш юм. Залуучуудыг даргаар тавихыг залуучуудыг дэмжсэн нам болж байна гэж хараад байх нь бий. Үнэндээ аливаа улс төрийн намд ахмад үе, дунд үе, залуу үе гээд цаг үеийн төлөөлөл болгон хамтын ажиллагаа, залгамж халаа үргэлжлэн байж тэр нам зөв төлөвшинө. Түүнээс биш ахмад үеэ үгүйсгэчихээд дан залуучууд нам байгуулаад явна гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй юм.

-Ер нь шинэчлэл гэж үе солигдохыг хэлэх үү. Бодлого солигдохыг хэлээд байгаа юм уу, эсвэл хүн солигдохыг хэлээд байгаа юм уу?

-АН анх 1990 онд дан залуучуудын төлөөлөлтэй, цөөхөн хэдэн ахмадтай анхны ардчилсан хувьсгалыг хийж байсан. 27 жилийн дараа эргээд харахад асар олон амжилт болон алдаа хийсэн байна. Алдаа хийсэн гол учир шалтгаан нь бидэнд туршлага байгаагүй. Залгамж үе байгаагүй. Өөрсдийнхөө зөв гэж бодсон болгон руу залуу насны эрч хүчээр яваад орчихдог.

Тэр нь онохоосоо илүү алдах нь их. Тэгвэл одоо АН-д туршлага хуримтлуулсан ахмад үе хэдийнэ бий боллоо. Дунд үе бий болж байна. АН-ын залуу үе бол ямар нэгэн алдааг давтах ёсгүй, дунд үеийн хийж бүтээснийг үргэлжлүүлэх ёстой. Ингэж байж нам цаашаа явна. АН- ын гишүүддээ хүрч чаддаг, үнэлэгддэг тэр хүмүүс л гарч ирнэ.

-З.Энхболд даргын үед ч фракцгүй АН гэж яригдаж байсан. Фракцгүй болж чадахгүй гэдэг нь АН- аас нэгэнт харагдсан. АН цаашид фракц төвтэй нам байх уу. Нэгдсэн бодлого төвтэй нам байх уу?

-АН фракцгүй нам байх болно. Энэ нам гишүүдийн нам байна. Хэсэг бүлэг фракциудын төлөөлөл намын бодлогыг тодорхойлдог биш, намын бодлогыг намын гишүүд нь тодорхойлдог нам болгохын төлөө л ажиллана. Тийм ч утгаараа анхан, дунд шатны намын дарга, түүний удирдах байгууллагын дарга нарыг бүх гишүүдийнхээ оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.

Ингэж чадсан тохиолдолд жинхэнэ гишүүдийн нам болж чадна. Цаашдаа төрийн болон улс төрийн бүх сонгуульт томилгоот албан тушаалыг шийдэхдээ бүх гишүүдийн санал хураалтаар шийддэг зарчим руу орж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 6, 7-ны үед 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийг бүх гишүүдийн дунд зохион байгуулна. Түүний дараа тавдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг мөн бүх тодруулна. Цаашлаад 2020 онд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг мөн бүх гишүүдийн саналаар тодруулна.

Хуучин шиг нэг хэсэг бүлэг хүмүүс шийдээд явдаг зүйл байхгүй болж байна. Бүх гишүүдээр шийдвэрлэдэг зарчим руу ороод ирэхээр аяндаа фракц, бүлэг гэдэг ойлголт байхгүй болно. Яагаад фракц байгаад байсан бэ гэвэл намын удирдах түвшний бодлого, томилгоог шийддэг хэдхэн хэсэгхэн хүмүүст эрх нь байсан учраас амь бөхтэй оршиж байсан. Одоо эрхийг нь намын гишүүддээ шилжүүлчихээр фракц оршин тогтнох нь өөрөө утгагүй болно. Гишүүд эрхээ мэддэг болсон цагт хэн нэгэн бүлэг этгээдэд эрх мэдлээ булаалгах ч үгүй.

-УИХ-ын сонгуулийн нэр дэвшилт намын даргын үзэмжээр явагддаг байдал өөрчлөгдөнө гэсэн үг үү. Сонгуульд нэр дэвших бодолтой хүмүүс намын даргатайгаа эртнээс ажиллах юм уу, намын хороотой ажиллах юм уу гэдэг нь тодорхойгүй явж ирсэн?

-Намын бүх шатанд ажиллах ёстой. Намын удирдах бүрэлдэхүүн, намын хороо, намын гишүүд рүүгээ жигд ажиллаж байж дэмжлэг авна. Гол нь өөрийн нэр дэвших тухайн тойрогтоо ажиллана. Тухайлбал, Архангай аймгийн 1 тойрогт нэр дэвших гэж байгаа хүн тухайн тойрогт хамаарч байгаа сумдын намын байгууллага, гишүүдтэйгээ тулж ажиллах ёстой. Намын дүрмийн гол өөрчлөлт бол намын эв нэгдлийг хангах, гишүүдийн нам байлгах амласан зорилго руугаа явах юм. Ингэж байж нам өөрөө жинхэнэ шударга ардчилсан нээлттэй нам болж чадна.

-Цаашид АН-ын дарга та өөрийн харьяалагддаг “Шонхор” фракцийн эрх ашгийг эн түрүүнд тавихгүйгэдгээ хэлж байна. АН нэгдсэн бодлоготой, эв түнжинтэй нам байж чадах уу гэдгийг дахин асууя?

-Бүх асуудлыг АН- ын 180 мянган гишүүдээр шийдүүлээд ирэхээр ямар нэгэн фракц давуу эрх эдлэх боломжгүй. Надад фракцлаад байх шаардлага байхгүй. Би бүх гишүүдээсээ сонгогдсон намын даргын хувьд гишүүдийнхээ эрх ашгийг юуны түрүүнд тавина. Надад өөрийн үзэмжээр шийдэх олгогдсон эрх хэмжээ байлаа ч би тэр эрх хэмжээг эдлэхгүй.

-Хаяанд тулж ирээд буй Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн бэлдэж байна. Та ямар хүнийг дэвшүүлэх боломжтой гэж намын  хэлэхээр байна?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Нэр дэвшигчдийг бүх гишүүдийн сонголтоор гаргаж ирнэ. Бүх гишүүдийн санал хураалтаар гарч ирсэн нэр дэвшигч бол илүү хүчтэй, илүү зөв сонголтоор гарч ирнэ. Гишүүдийнхээ сонголтод би нөлөөлөх эрхгүй. Эхнээсээ ямар нэгэн хүн нэрлээд нөлөөлөөд явах юм бол энэ сонгуулийн утга учир алдагдана. АН-ын хувьд сонгуульд бэлдэж зөв хүнээ нэр дэвшүүлэхдээ юуны өмнө бүх гишүүдийнхээ оролцоог хангахад одооноос анхаарч байна.

Нөгөө талаасаа нам яаралтай бүтцийн байгууллагуудаа байгуулах, бодлогын зөвлөлөө байгуулах, тэр бүтцээс Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, зорилтуудаа тодорхойлох зэрэг ажлууд их байна. Улс орны тулгамдаж буй асуудал юу байна, Монголын ард түмэн Ерөнхийлөгч хүнээс юуг хамгийн ихээр хийгээсэй гэж хүсч, хүлээж байна вэ гэдэг дээр нарийн судалгаа хийнэ. Олон түмний хүсэн хүлээж буй зорилт зорилгыг тодорхойлон гаргана. Тэр зүйлийн төлөө ажиллаж чадах, сэтгэж бодох, зүтгэх хүнийг л дэвшүүлнэ дээ.

АН-ЫН БАЙРТАЙ БОЛОХ АЖЛЫГ БИД ХИЙСЭН. ДАРАА НЬ ХУДАЛДАГДСАН СУРАГ ДУУЛДСАН

-АН-ын даргын сунгааны үед болж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор асуух асуулт байна. Сонгуулийн үеэр таныг мөнгө тараасан тухай намын журмын нөхдөөс чинь мэдээлэл тарааж байсан?

-Ямар нэгэн дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан байдаг бол тэрийгээ нотлох ёстой. Эзэнтэй байх ёстой. Аливаа зөрчил, гэмт хэрэг гэдэг хохирогчтой байх ёстой, нөхцөл байдал нь нотлогдсон байх ёстой. Надад ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Надад тэгж их тараагаад байх мөнгө ч байхгүй. 20 гаруй жил эрхэлж байсан бизнес аж ахуйн суурь надад бий.

Нийгмийн чиглэлийн болон барилгын чиглэлийн хоёр, гурван аж ахуй бий. Би хүнээс гуйхгүй, хүнд илүүрхээд баярхаад байх зүйлгүй. Надад уул уурхай, архи спиртийн бизнес байхгүй. Бизнесийн ашиг орлогоосоо хэр хэмжээндээ улс төрийнхөө үйл ажиллагаанд тав, арван цаас зарцуулаад явдаг болохоос биш улс орон даяар таатаай байх тийм элбэг дэлбэг мөнгө байхгүй. Надад хэн нэгэн олигархи, хэн нэгэн оффшорчинтой холбогдсон нэг ч зүйл байхгүй гэдгийг нүүр бардам хэлж чадна.

-Намын сунгааны үед таныг МАН-ын дарга, УИХ- ын дарга М.Энхболд дэмжиж байгаа гэсэн яриа гарсныг та сонссон л байлгүй. Энэ яриа юунаас эхтэй гарав. Та М.Энхболдтой улс төрийн болоод энгийн хувь хүнийхээ хувьд ямар харилцаатай байдаг юм бэ?

-Миний нэр хүндийг унагаах, гутаах, сонгуульд сөрөг оноо өгүүлэх үүднээс янз янз талаас над руу шидсэн чулуу гэж ойлгож байгаа. М.Энхболдтой холбоотой л гэнэ, эсвэл Ц.Элбэгдоржийн л хүн гэнэ, эсвэл янз янзаар хочилж, гүтгэдэг. Угаасаа улс төрд орсон 27 жилийн турш есөн шидээрээ хэлүүлж ирсэн дээ.

-Намын даргын сонгуулийн үед Баянгол дүүргийн Ардчилсан намын үүрээс гэсэн хаягтай нэг бичиг эргэлзээ дагуулсан. Таныг цэрэгт байхдаа хүний амь хөнөөсөн гэдэг ч юмуу олон хэрэгт холбоотой болохыг өгүүлсэн бичиг цахимаар тараагдсан. Энэ бичиг жинхэнэ байсан уу, хуурамч байсан уу. Та өөртэй чинь холбоотой энэ зүйлд эмзэглэсэн үү?

-Надад эмзэглэх зүйл байдаггүй. 27 жилийн хугацаанд хэлүүлээгүй муу үг надад байхгүй. Нууж хаагаад айж эмээх зүйл байхгүй. Надад бусдын адил алдаж онож явсан зүйл бий. Тэгэхдээ хүнээс нуугаад байх алдаа, нууц байхгүй. Тэр бичиг санаа зорилготой, зохиомол гүтгэлгүүд явсан учраас газар аваагүй. Худалч хуурамч зүйл хол явдаг ч үгүй.

Төрийн арван гурав, дөрвөн сонгуульд оролцохдоо дүүрэг, Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод явж байна. Би олон түмнийхээ итгэлийг дааж чадаж байгаа учраас олон нийт итгэл үзүүлж байна гэж боддог. Хэрвээ олон түмний итгэлийг алдсан бол удаа дараа сонгоод байхгүй л байлгүй. Би хэзээ ч тойрог сольдоггүй. Баянголчууддаа би хэлдэг юм. Хэрвээ улс төрөөс тэтгэвэрт гарах цаг болсон гэж үзэх юм бол Баянголоосоо тэтгэвэрт гарна гэж хэлдэг.

-Та АН-ын дарга болсноор Баянгол дүүргийн АН-ын ажлаа хүлээлгэн өгөх үү. Давхар хашиж болдог бил үү. Орон нутгийн сонгуул ьд ялалт байгуулсан нь намын дарга болно гэсэн дүрмээр бол та дүүргийн Засаг дарга С.Одонтуяад дүүргийн намын даргын ажлаа хүлээлгэж өгөх үү7

-Намын хороо хуралдаад өөрсдөө шийдэх байлгүй. АН- ын дарга болсноор дүүргийн намын даргаа өгнө гэсэн дүрэм ч байхгүй, өгөхгүй гэсэн дүрэм ч байхгүй. Би АН-ын даргаар сонгогдоод хэдхэн хонож байна. Дүүргийн намын хороо хуралдаад хэн нь миний ажлыг авах вэ гэдгийг дүүргийн намын хорооны гишүүд маань шийднэ байх.

-АН сая албан ёсны байргүй болчихсон байсан. Хуучин АН-ын төв байрыг хэн гэдэг хүн хэдэн төгрөгөөр хэнд зарчихсан юм бэ. Одоо шинээр төвхнөсөн байгаа “Ардчиллын өргөө” байр чинь түрээслэх журмаар явж байгаа юу?

-Тухайн үеийн НИТХ-д АН-аас гурвуулханаа байсан Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав хөөцөлдөж байж Нийслэлээс тогтоол гаргуулж Соёлын төв өргөөний хүзүүвч гэж нэрлэж буй байрыг 324 сая төгрөгөөр худалдаж авч байсан. АН-ын байртай болох ажлыг бид хийсэн. Дараа нь худалдагдсан сураг дуулдсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж юунд зарцуулсан тухай одоогоор би мэдэхгүй байна.

-АН-ын байр хэний үед худалдагдсан билээ?

-Намын дарга НАлтанхуяг дарга байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь байсан.

-Одоо байгаа байр таны хувийн өмчийн барилга уу?

-АН-ыг өөрийн гэсэн байртай болох хүртэл АН- ын төв байр энд байрлана. “Ардчиллын өргөө” байрны дөрөв, тавдугаар давхарт нийтдээ 1200-гаад м.кв талбайд үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо байрлаж байгаа байр түрээсийнх. “Шинэ дэвшилт холбоо”-ны өмчлөлд байдаг байр. Мэдээлэл сургалт үйлчилгээний төв болон олон нийттэй харьцдаг хэлтэс газрууд байрлаж ажиллаж байна. Цаашдаа намын байрыг олон мянган гишүүнтэй нам юм чинь шийдээд явах боломжтой.

-АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн ; эрхийг олонхоороо барьж байхдаа намын дотоод зөрчил тэмцэл олонд ил болтлоо даамжирсан. Ямар учир шалтгаанаар эв нэгдэл муутай, зөрчилтэй явсан юм бэ. Та дотор нь байсан хүний хувьд сайн мэдэрсэн байх?

-Өнгөрснөө шүүмжлээд алдаа оноогоо дөвийлгөөд байх шаардлага байна уу даа. АН өөрөө нэгдмэл цул нэг нам болж чадаагүй нь л үр дүн. 2000 онд таван тэс өөр нам нэгдсэн. Тэр үеийн Монголын ардчилсан нам, Үндэсний ардчилсан нам, Сэргэн мандлын намууд гэхэд төв барууны чиглэлийн үзэл баримтлалтай, Социал демократ нь зүүний чиглэлтэй нам, шашны урсгалын Шашны ардчилсан нам гээд таван өөр нам нэгдэхдээ үзэл санаа, үнэт зүйлийнхээ хувьд нэгдмэл байр сууриа бүрэн тодорхойлж чадаагүй.

Нэг угшил дээрээ үүссэн ч фракц буюу бүлэглэлүүдийн бөөгнөрөл бий болсон. Яваандаа намын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хувирсан. Сая өнгөрсөн хугацаанд засаглаж байхад АН-ын гол алдаа бол намын дотоод эв нэгдэл тааруу байсных. Үүнд дүгнэлт хийж АН-ын суурь шинэчлэлдээ бүлэглэлүүдийн эрхшээлээс салсан, гишүүдийнхээ сонголт үйл ажиллагааг дэмжсэн нам болж хувирах чиглэл рүүгээ эрчимтэй өөрчлөлт хийх гэж байна. Ингэж зоримог шийдэмгий алхмууд хийж буй нь өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн бүх алдаанд цэг тавих өөрчлөлт болно гэж харж байгаа.

-Энэ УИХ-ын танхимд АН арайхийн бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан. Цөөнхийнхөө үүргийг хэр сайн гүйцэтгэж чадаж байна вэ?

-Өнгөрсөн долоон сарын хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг маш хүчтэй цөөнхийн бүлэг байж чадсан. Наймдугаар сарын 25-нд эхэлсэн ээлжит бус чуулган дээр эрх баригчид амлалтынхаа эсрэг, ард түмнийхээ эсрэг явуулж байсан олон буруу бодлогуудыг олон түмэнд ил болгосон. Ингэснээр арга буюу ихэнхийг нь эргүүлж татуулж чадсан.

Өнөөдрийн эрх баригчид 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ барьсан мөрийн хөтөлбөрийнх нь зорилт худлаа байжээ гэдгийн үнэн нүүр царайг ил болгож чадсан. Хэдийгээр АН-ын бүлгийн гишүүд есүүлхэнээ ч гэсэн Монголын ард түмний дуу хоолой болж тэдний хяналтыг тавьж хэрэгжүүлж чадсан.

ЯМАР Ч АЖЛЫН АРД ГАРЧ БАЙЖ САНАА МИНЬ АМАРДАГ. ЭНЭ ЧАНАР МААНЬ АЛДАХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ОЛОН ЭЕРЭГ ҮР ДҮНГ АВЧИРДАГ БОЛОВ УУ

-Та ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв. 1990 оны ардчилсан хувьсгалд та ямар сэжмээр татагдан орж байв. Үүнийг АН-ын дарга болсон энэ цаг үед эргээд нэг дурсая?

-Багануурын зөвлөлтийн барилгын байгууллагын Монгол ажилчдын захиргаанд бригадын даргаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989 оны намар МУИС-ийн байранд анхны цугларалт дээр Нэргүй доктор, Бошигт гуай зэрэг анхны нөхдүүдийн уулзалтууд дээр оролцож байсан. Ухуулах хуудас гудамж талбайд тарааж, наадаг үйл ажиллагаанаас эхлэн ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд татагдан орсон доо.

Тэгээд Залуучуудын Соёлын төвийн үүдэнд болсон анхны жагсаал цуглаанд оролцож байлаа. Дараа нь Дуурийн театрын үүдэнд, МоАХ-ны анхдугаар их хурал гээд бүхий л арга хэмжээнд оролцох болсон. Би тухайн үедээ тэргүүлэх эгнээнд ордоггүй, ар талын ажлууд дээр голчлон ажиллаж, цуглаан болох бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлуудад оролцдог байсан. 1992 онд олон нийтэд ил гарч ажилласан анхны сонгуульт ажил бол 1992 оны Ардын Их хурлын депатутын сонгуульд Хайлаастын 12дугаар тойрогт Хууль зүйн сайд байсан Даш. Ганболдын шадар туслахаар ажилласан. Даш.Ганболд МАХН-ын дарга “буурал” Г.Очирбаттай өрсөлдсөн.

Мөн ирц хүрээгүй дахин сонгуульд Хан-Уул дүүрэгт П.Жасрай, Э.Бат-Үүл хоёр өрсөлдөхөд би Э.Бат-Үүлийн шадар туслахаар ажиллаж байсан. Тэгээд УИХ-ын сонгуульд гурван нам нийлсэн АН-ын төв штабын даргаар ажилласан үеэс ил гарч олонд танигдсан. 1992 онд Баянгол дүүргийн намын даргаар томилогдож, 1996 онд дүүргийн Засаг дарга болсноос хойш улс төрийн тойрог дотор байна.

-Та Багануур дүүргийн АН-ын хорооны даргаас эхлээд Баянгол дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, яамны сайд, Нийслэлийн АН-ын дарга, төв АН-ын дарга зэргээр та улс төрийн сонгуульт албан тушаалыг тасралтгүй хашиж ирлээ. Таны улс төрийн карьер хаана хүрээд зогсох бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Магадгүй Ерөнхийлөгч болсноор зогсох уу?

-Би өөрийнхөө зорилгод хүрэхэд анхаардаг. Түүнээс би хэн болох нь сонин биш. Өнөөдөр миний толгойлж удирдаж байгаа байгууллага маань хэр амжилттай ажиллаж чадах уу, улс төрийн ямар ялалт байгуулж, зорьсон зорилгодоо хүрэх вэ гэдэг нь чухал. Жишээ нь, би Баянгол дүүргийн АН-ын даргаар ажиллах хугацаандаа энэ дүүрэг маань орон нутаг болон УИХ-ын сонгуульд цөөнгүй ялалт байгуулж ирлээ.

Дүгнээд харах юм бол улс төрийн зорилго үүргээ боломжийн биелүүлсэн байна. Намайг Нийслэлийн намын дарга байхад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэл анх удаа 55 мянган саналаар илүүрхэж сонгуульд ялалт байгуулсан. Миний удирдаж байсан, гаргаж байсан амжилт үр дүн надад маш чухал. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахдаа нийтдээ 40 орчим хууль санаачилснаас 37, 38 хуулийг өргөн барьж батлуулсан. Нийгмийн хамгааллын чиглэл рүү шинэчлэл хийж чадсан.

Олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг босгож чадсан зэрэг ярих юм бол үр дүнтэй олон ажлууд бий. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 14 мянган хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хөгжлийн үндэсний анхны төвтэй болох ажлыг эхлүүлсэн. 2018 онд ашиглалтад орно. Энэ нь тухайн байгууллагын даргаар ажиллаж байх хугацаанд гарсан ажлын л үр дүн. Би эргээд хийсэн ажлаараа бахархдаг. Энэ миний хувьд зорьсон зорилго минь юм.

Ажлын үр дүн чухал болохоос би ямар албан тушаалд хүрэх вэ гэдэг нь сонин биш. АН-ын даргын хувьд мэдээж эхний сорилт болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилтыг тавьж байна. 2020 онд төрийн бүх шатны сонгуульд АН- ыг ялагч байлгахын тулд, монгол төрийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон улс төрийн тэргүүлэгч хүчин байх нөхцөлийг хангахад гол зорилгоо тээж байна. Тэгж чадсаны дараа, үр дүн гарсны дараа бол би өөрийгөө хоёрдугаарт, гуравдугаарт ярьж болно.

-Төрийн эрхийг барих чадвартай нам Монгол Улсын хөгжилд оролцох маш том субьектын нэг болдог. Та ийм том эрх мэдэл, үүрэг хариуцлагын гараан дээрээс юуг чухалд тавьж, юунаас эмээх ёстой гэж бодогдож байна вэ?

-Намын гишүүн бүр нь өөрийн эрх мэдлийг мэдэрсэн хариуцлагаа хүлээдэг нам хамгийн хүчтэй нам байдаг. Гишүүн гэдэг үнэ цэнээ мэдэрсэн хүн хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би энэ намд хэрэгтэй ч юм уу үгүй юм уу гэдгээ мэдэрдэггүй, ойлгодоггүй гишүүнтэй нам угаасаа хүч султай байдаг. Бидний зорьж буй гол зорилго бол нэгдүгээрт, гишүүдийн, бодлогын нам болгох.

Хоёрдугаарт зорилтон дээрээ тулгуурлаад монгол төрийн бодлого, үйл ажиллагаа, монгол түмний оролцоон дээр суурилж байх ёстой юм. Иргэн нэг бүрийн оролцоотой нийгэм байгуулахын төлөө ажиллана. Тэгж байж төр улс хүчирхэг байна. Өнөөдөр иргэдийн оролцоо байхгүй, иргэдээсээ тасарчихсан тодорхой хэсэг бүлгийн бодлогын хүрээнд явдаг төрийн тогтолцоотой улс орон цааш хөгжихгүй. Намаа эхлээд гишүүдийн нам болгоё. Хэрвээ АН ингэж төлөвшиж чадах юм бол энэ нам төрийн эрх авахаараа төрийн бүх шатны бодлогыг иргэдийн оролцоотой ардчилсан нийгэм байгуулахын төлөө л ажиллана.

ЗЭЭЛ АВСНААР ҮҮССЭН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АРГАЦААХААС ЭЕРЭГ ҮР ДҮН ӨГНӨ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА

-Улс орны анхаарал татсан сэдвийн дор асуулт асууя. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ноцтой хэмжээнд хүрсэн эгзэгтэй нөхцөлд өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх гарц танд харагдаж байна?

-Бүх зүйлийг боломжгүй талаас нь хараад байх аваас боломжгүй хэвээрээ л байна. Монгол орон хязгааргүй нөөц, боломжтой цөөхөн улсын нэг. Байгалийн асар их баялаг, монгол хүний өөрийн оюуны потенциал, чадавх өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүр орно. Хувь хүн хөдөлмөрлөөд сэтгээд зүтгэвэл тодорхой амжилтад хүрч болдог. Үүнтэй адилаар ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөл, сэтгэлгээг бий болгох зайлшгүй хэрэгтэй юм.

Гадаад өрийн асуудал сэтгэл зовоох хэмжээнд хүрсэн үү гэвэл хүрсэн. Гэхдээ өнөөдөр дэлхийгээр дүүрэн боломж, мөнгө байгаа. Яагаад тэр боломжоос Монголдоо авчрах хэмжээнд төр барьж байгаа нөхдүүд сэтгэж чадахгүй байгаа юм бэ. Уул уурхайг харсан тулгуурт ганц эдийн засгийн бодлого дээрээ суучихаад өөр зүйлийг сэтгэж боддоггүй төр байгаа цагт яаж улс орон өрнөөс гарах юм бэ.

Сүүлийн арав гаруй жил уул уурхай дээрээ түшиглээд хэдэн төгрөг олохоороо халамж нэрээр бэлэн мөнгө тараах нь төрийн явуургагүй алдаатай бодлого байсан гэдгийг харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад ирэхээр дагаад улс орны эдийн засаг унаж буй нь гадаад зах зээлээс хараат эдийн засагтай улс орон явахгүйг харлаа. Монголд өөр олон боломж байгаа. Яагаад дөрөвхөн жилээр асуудлыг хараад байгаа юм.

-Өнгөрсөн дөрвөн жил АН Засгийн эрх барьсан хугацаандаа олдсон боломжоос юуг нь хийж чадсан бэ. Аль ч намын, аль Засгийн эрх барьж буй үед гаднаас зээл авахдаа зарцуулалт нь хяналтгүй, төдийлөн үр дүнгүй байгаа тухай шүүмжлэл өнөөдөр яригдаад байгаа биш үү?

-“Чингис бонд”-ын зээлийг нийт 1080 төсөлд олгосон. Эхнээсээ үр дүн харагдаж байна. Жишээлбэл, Монгол Улс өнгөрсөн жилээс эхлэн анх удаа цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо хангадаг болсон. Жижиг, дунд үйлдвэрүүд ашиглалтад түрүүчээсээ орж байна. “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын нийт олгосон зээлийн ихэнх нь тодорхой хугацааны дараа эргэж төлөгдөнө. Төсвөөс төлөгдөх зам харилцаа, эрчим хүчний, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол жижиг, дунд үйлдвэрүүдийн авсан зээлүүд хариуцах эзэнтэй, хугацаатай төлөгдөнө.

Гэтэл “Евро бонд”-ын 580 сая ам.долларын зээл өнөөдөр төлөгдөх үү. 580 сая ам.долларын зээлийг төр өнөөдөр бүтнээр нь төлөх гээд гаднаас мөнгө хайгаад сууж байгаа биз дээ. Энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа байгаа биз. Уг нь гадаад өр зээл гэдэг бол айгаад байх зүйл биш. Үр ашигтай зээл, зөв бодлого хоёр уялдаж явдаг. Мөнгийг зөв босгож зөв зарцуулаад зөв төлж чадаж байвал үр ашигтай бодлого юм. Зээл болгон муу гэсэн үг биш.

-“Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийг төр эргээд авчихлаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би 49 хувь дээр УИХ-ын чуулганы танхимаас, Хууль зүйн зүйн байнгын хороон дээр байр сууриа хангалттай илэрхийлсэн. Одоо “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь дээр шалгалт хийгдэж гадаад, дотоод холбогдох байгууллагуудын байр суурь, дүгнэлт удахгүй албан ёсоор гарна. Асуудал зөв байж уу буруу байж уу гэдэг нь гарна. Би энд ардын баатар болох гээд цээжээ балбаад олон юм яриад байх шаардлага байхгүй. Хууль дүрэмгүй асуудал гэж дэлхийд хаана ч байхгүй. Ер нь хувийн өмчийг нийгэмчилж байгаа асуудал хөгжингүй улс оронд хэзээ ч зөв гэж харагддаггүй.

-Хамгийн сүүлийн мэдээллээр Засгийн газар Олон улсын Валютын сантай хамтран хөтөлбөрт хэрэгжүүлж зээл авахаар боллоо. Чанга хатуу нөхцөлтэй гэх уг зээлд хамрагдсанаар манай улсад ямар нөхцөл байдал бий болох вэ?

-Бүх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг Олон улсын Валютын сангийн заавар зөвлөгөөгөөр явуулна гэсэн үг. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогуудаа хасч танана. Татвар нэмэгдэнэ гэх мэтээр санхүү эдийн засгийн хатуу горимд шилжинэ дээ. Энэ нь нийгэмд таатай уур амьсгал, таатай нөхцөл үүсгэхгүй л дээ. Ийм байдалд оруулсан улсууд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Анхнаасаа эдийн засгийн бодит нөхцөлийг зөв тооцож улс төрийн зөв бодлого барьж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрээ ч бил үү.

Хариуцлагагүй нөхдүүд хариуцлагагүй мэдэгдэл гаргаж олон улсын зах зээлд Монгол Улсын эдийн засгийн чадавх, боломжийн талаарх ойлголтыг үндсээр нь буруу сигналыг өгсөн. Олон улсын бусад байгууллагаас санхүүгийн дэмжлэг зээл тусламж авах боломжуудыг өөрсдөө хаасан. Үүссэн хүнд нөхцөл байдлыг аргацаахаас эерэг үр дүн өгнө гэж харахгүй байна. Яг ийм нөхцөлд орсон Украйнаас жишээ татахад гялайж гялтайхаар өөрчлөлт орсон байдал харагдахгүй байна.