Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд, 2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтай өвөлжсөн.
Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн гэдгийг дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.
Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд мэдээлэлдээ дурдав.
“Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, санал хэлэв.
Гишүүдийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүд ямар шатандаа явааг сонирхохын зэрэгцээ, малын халдварт, гоц халдвар өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгаан, ноолуурын талаар салбарын яамны баримтлах бодлого, үрийн нөөц хэр байгаа зэргийг тодрууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа.
Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын Байнгын хороо болон салбарын яам дээр Ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа.
Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа.
Салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. Бид БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байна гэж хариулж байв.
Харин Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс, Малын гоц халдварт өвчин зүүн болон баруун аймгууд буюу БНХАУ-тай хил залгаа сумдын нутгаар амьтан, малын хөл, худалдаа, салхиар дамжин тархаж байна гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэлт гаргасан. Вакциныг зохих зааврын дагуу хадгалалт, тээвэрлэлт тусгай стандартын дагуу хяналтаа тавин ажиллаж байгаа гэж нэмж хариулав.