2008.11.10

Д.Оюунхорол: Банкууд зээлээ зогсоосон нь иргэдийн амьдралд нөлөөлж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та тойрогтоо албан томилолтоор ажиллаад ирсэн. Завхан аймгийн хувьд тулгамдсан эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ямар асуудлууд байна вэ?

-Завхан аймагт томилолтоор дөрөв хоног ажиллаад ирлээ. Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн, Алдархаан сумдын иргэдийн төлөөлөгчидтэй уулзалт хийж УИХ-аар хэлэлцэж буй асуудал, бодлого шийдвэрийн тухай мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулж явлаа.

Орон нутгийн иргэд УИХ-ын бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагаанд анхаарал хандуулж олон төрлийн хүсэлт, бас шүүмжлэл ч хэлж байна. Завхан аймагт эрчим хүчний асуудал ихээхэн хүндрэлтэй. Улиастай, Тосонцэнгэлд эрчим хүчний хязгаарлалт хэтэрхий их юм. Улсын хэмжээнд эрчим хүчний татаас авдаг хоёрхон аймаг байдаг. Тиймээс хүйтний улиралд татаасыг ахиухан өгч болдоггүй юм уу, татаас багаас эрчим хүчний хязгаарлалт нэмэгдсэн гэцгээж байна. 2009 оны төсөвт татаасын хэмжээг ахиухан суулгаж шийдэх ёстой. Аль хүртэл лааны гэрэлд суух вэ. Ажлын байр шинээр бий болгох, ядууралтай тэмцэх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих талаархи арга хэмжээгээ эрчимжүүлээч, урт хугацааны бага хүүтэй зээл өгөөч гэсэн хүсэлтийг очсон сум бүрийн хөдөлмөрчид тавьж байлаа. Арилжааны банкууд бага хэмжээний зээлээ зогсоосон нь орон нутгийн иргэдийн амьдрал хүндрэх тал руугаа оржээ. Төрийн мөнгөний бодлогыг 2009 онд хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутагт тохирсон санхүүгийн мөнгөний бодлого явуулж өгөөч гэсэн хүсэлтүүд байна. Малын түүхий эдийг орон нутагт худалдан авдаг тогтолцоо шаардлагатай юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үйлчилгээ чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Аймаг сумандаа тогтвортой ажиллах эмч нарын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, менежмент тогтолцоо бий болгох асуудал чухал байна. Ноолуурт урамшуулал олгох асуудлыг УИХ шийдвэрлэсэн, урамшууллын мөнгийг олгож эхлээч гэж сураглацгааж байсан. Урамшууллын мөнгө өгөх амлалтаас хойш ноолуураа хадгалсан хүн олон байна. Завхан Улаанбаатарын хоорондох зам, Донойн хөндий Улиастайг холбосон зам их муу. Донойн хөндийн 30 км замыг сайжруулах төсөв хөрөнгийг 2009 оны төсөвт суулгуулахыг хүсч байсан. Завхан аймагт олон сум эрчим хүчгүй, гэрэл цахилгаантай болгоно гэж ярьсаар олон жил өнгөрлөө гээд иргэд гомдолтой байна. Мөн барилгын тендерийн асуудлыг нэлээд шүүмжилсэн. Улсын төсвөөр тендер зарлахад гүйцэтгэгч, шалгаруулагчид аль аль нь хариуцлагагүй ханддаг, тендерт орон нутгийн компаниудыг онцгойлон дэмжиж, ажлын байр бий болгоход анхаарах, тендер шалгаруулдаг одоогийн хууль дүрэм журамдаа өөрчлөлт оруулаад чанаргүй барилга барьдаг компаниудад дахиад тендер өгдөггүй, тендерийн шалгаруулалтад оролцуулахгүй байж болдоггүй юм уу гэсэн хүсэлтүүд гарсан. Багийн төвүүдийг тохижуулж, эмчтэй болгох орон нутгийн хөгжлийг багаас эхэлмээр байна гэх зэргээр хөдөө орон нутгийнханд маань тулгамдсан олон асуудлын зах зухаас нэрлэхэд ийм байна.

-Баруун аймгууд эрчим хүчний хязгаарлалтад их ордог. 2009 оны төсөв, мөнгөний чиглэлийг хэлэлцэж буй үед эдгээр асуудлыг шийдвэрлүүлэх талаар нааштай зүйлийг төлөвлөх болов уу. Та тойргоос сонгогдсон гишүүний хувьд ямар саналтай байна вэ?

-2009 оны өргөн барьсан төсөв зэсийн үнэтэй холбоотойгоор төсөвт хумих бодлого явах бололтой. Тодорхой хөрөнгө оруулалтууд үүнтэй уялдаад хасагдсан. Гэхдээ Хөвсгөл болон Завханы Тэлмэн сумын хоорондох эрчим хүчний шугамыг ашиглалтад оруулбал Завханы тодорхой хэдэн сум эрчим хүчтэй болох боломжтой. Тайширын усан цахилгаан станц усаа хуримтлуулж чадахгүйгээс ашиглалтад орохгүй байгаа. Эдийн засгийн тооцоо судалгааг тааруу хийснээс ийм байдалд орсон. Энэ бүхний эцэст завханчууд эрчим хүчгүй хохироход хүрлээ. Ганцхан Завхан аймаг ч гэхгүй баруун аймгийн иргэд усан цахилгаан станц эрчим хүчний найдвартай эх үүсвэр биш гэж ойлгох болжээ. өндөр хүчдэл татах нь зөв шийдвэр бололтой. Тиймээс тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч өндөр хүчдлийн шугам татуулах хөрөнгө мөнгөний асуудлыг 2009 оны төсөвт суулгуулахаар санал болгоно.

-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон нутгийн захиргаа болон өөрөө удирдах байгууллагууд удирдлагаа сонгож эхэлсэн. Завхан аймгийн хувьд ИТХ-ын болон Засаг дарга нараа сонгох асуудал ямар байдалтай байна вэ?

-Завхан аймгийнхан орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж байна. Энэ үйл явц хууль дүрмийнхээ дагуу болсон гэж үзэж байгаа юм билээ. Завхан аймгийн ИТХ-д МАХН 14, АН 17 суудал авч олонхи болсон. Тиймээс ИТХ, Засаг даргыг АН-ын төлөөлөл удирдана. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж анхны шийдвэрээ гаргажээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дэмчигсүрэн гэдэг хүн сонгогдсон. Харин Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг сонгуулахаар ИТХ-аас нь санал гаргасан байсан. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.