Олон улсын стандартад нийцсэн бэлтгэл сургалт, тэмцээний талбайтай боллоо
Нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол болж монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам боллоо.
Шинэ талбайг Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан нээж хэлэхдээ, “90 хүртэлх метр зайд харвах боломжтой, 32 аравч зэрэг байрлах, хавар, зун, намрын улиралд гадаа бэлтгэл хийх саравчтай, бүх зүйл нь экологийн шийдэлтэй энэхүү талбайг улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр, 1000 шахам дэмжигчдийн бие сэтгэл, зүтгэлийн хүч, хандив тусламжаар байт сур, харвааны тамирчид манлайлан ажиллаж олон нийтийн дэмжлэгтэйгээр 60 хоногт багтаан өөрсдөө барьж байгуулж байгуулсныг онцлож байв. 1960 оноос хөгжиж ирсэн Монголын байт харвааны спортынхон 58 жилийн ой дээрээ энэ төрлийн олон улсын ямар ч тэмцээнийг нүүр улайхгүйгээр зохион байгуулах боломжтой, зориулалтын талбайтай болж, мөрөөдлөө ийнхүү өөрсдөө олны хүчээр биелүүллээ” гэдгийг онцолж байв.
Шинэ талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан зэрэг албаны хүмүүс, Параолимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тамирч Д.Баатаржав, Ардын уран зохиолч яруу найрагч Т.Галсан, Ш.Дулмаа, УГЗ сэтгүүлч нийтлэлч Б.Галаарид, улстөрч Да.Ганболд зэрэг олны танил, олон нийтийн төлөөлөл иргэд оролцлоо.
Нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талбайг бүтээн байгуулагч, хандив өргөсөн спортод элэгтэй нийт хүмүүс, зохион байгуулагч нар болон тамирчдад амжилт хүсэн Монголын байт харваачид анх удаа олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, экологийн шийдэл бүхий бэлтгэл сургалт, тэмцээний зориулалтын талбайтай болж буйг онцлож, Монгол Улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөний 58 жилийн түүхэн ойд нэгэн шинэ хуудас болон үйл явдалд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр, “Аливаа спортод уламжлал, авьяас-хөдөлмөр, сургалт гэсэн үндсэн 3 зүйл нөлөөлдөгөөр Монголд энэ төрлийн спорт улам дэлгэрч хөгжих таатай боломж өнөөдөр нээгдэж байна. Байт харвааны спортыг хөгжүүлэхэд миний сая дурдсан 3 суурь нөхцлөөс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье” гээд 2020 онд Улаанбаатар хотноо зохиох Азийн хүүхдийн YII спорт наадмын 21 төрлийн анхных нь талбайг ашиглалтанд оруулан нээж байгааг онцлон энэхүү наадам болон байт харвааны олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд тэртээ 1971 онд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулан Дэлхийн анхны аварга болж байсан Д.Дэмбэрэлийн араас олон аваргууд гарахыг бэлэгдэн ерөөсөн юм.
Нээлтийн ёслолын төгсгөлд улсын шигшээ баг болон мэргэжлийн клубуудын өсвөрийн 56 тамирчин, байт харваачид гурав гурван сум тавьж шинэ талбайд хурц хараагаа сорилоо. Шинэ талбайг “Дайчин чанар-тэсвэрийн талбар” буюу “360” гэж нэрлэжээ. Энэ нь байт харвааны 36 сумаар 10 оноо авахад нийлбэр нь 360 буюу рекорд оноо болдог учир ирээдүйд эх орныхоо нэрийг тив, дэлхийд мандуулж 360 оноог Монголын тамирчид авч байг гэсэн амжилтын дээдээр бэлгэджээ. Мөн талбайд Геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй Олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж. Энэ өдөр ёслолын арга хэмжээнд оролцогчид бүгд л шинэ талбайн бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцож дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлэн баяр хүргэж амжилт хүсэн гар барьцгааж байлаа.