Ц.Цогзолмаа: Эрдэм мэдлэгийн мөр хөөсөн хүний амьдралын зам нь ГЭРЭЛТЭЙ байдаг
Хүүхэд залуусыг эрдмийн далайд аялуулж, оюуны цар хүрээг нь тэлэх, боловсролын үйл ажиллагаа эрхлэх сургууль хэмээх их өргөөнүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Өнгөрөгч бямба гарагт ерөнхий боловсролын сургуулиуд нээлтээ хийсэн бол өнөөдөр их дээд сургуулиуд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэдэг 60 жилийн баялаг түүхтэй ХААИС-ын хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон албаны хүмүүс оролцсон юм.
Тэртээ 60 жилийн өмнө байгуулагдсан тус сургууль өдгөө өргөжин тэлж гурав дөрвөн судалгаа шинжилгээний хүрээлэн, салбар сургууль сүндэрлүүлж, арав гаруй мянган оюутныг ирээдүйд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх мэргэшсэн эрдэмьтэн мэргэдтэй том өрх айл болжээ. Өнөөдрийг хүртэл 30 гаруй мянган мэргэшсэн эрдэмтэн доктор, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргасан нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа аж.
УИХ-ын дарга М.Энхболд
“Хөдөө аж ахуйн салбар бол үндэсний брэндийг бүтээгч салбарын нэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бий болгодог чухал хэсэг. Өнөөдөр эрдэмтэн доктор, багш нарын бэлтгэн гаргасан тэр л хүмүүс салбарыг удирдан чиглүүлж явна. Ирээдүйд салбар удирдах, авч явах хүмүүс ч өнөөдрөөс эхлэн бэлтгэгдэж байгаа. Та бүхний улс орондоо төдийгүй тив дэлхийн хэмжээнд гаргасан долоон бүтээлийн тав нь салбарын шинжлэх ухааны үндэс суурь болсон. Монгол Улсын Засгийн газраас их дээд сургуулиудын чанарыг сайжруулах жил болгон зарласан билээ. Төр засгаас дэвшүүлсэн энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
“Хичээлийн шинэ жил нээх энэ өдрийг гэр бүлийн баяр гэж боддог. Яагаад гэвэл айл өрх бүр хүү, охиноо эрдмийн аянд мордуулдаг билээ. Нэгэн жарныг үдэж, түүхт ойгоо тэмдэглэж байгаа ХААИС-д элсэн орж, ирээдүйгээ зурж байгаа оюутан залуусын хувьд нэр төрийн хэрэг юм. Сургуулийн удирдлага Төр засгаас гаргасан шийдвэр тогтоолыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж, мөрдлөг болгоно гэдэгт итгэлтэй байна.
Монгол ард түмний хамгийн их хүсч байгаа зүйлийн нэг бол дээд боловсролын чанар сайжирч, дэлхийн жишигт хүрээсэй гэдэг зүйл. Мөн дөрвөн жил сурсан, мэргэжил эзэмшсэн хүмүүс тухайн салбартаа ажиллаасай, ажлын байртай болоосой гэж хүсдэг. Тиймээс чанартай боловсролын ард ажил олгогч нар танай суралцагчдаас мэргэжилтнүүдээ авъя гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болгох тийм л орчинг бий болгохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам анхааран ажиллаж байна.
Гадаадын их, дээд сургуулиудад хийсэн судалгаагаар тухайн сургуулийн төгсөгч нь нэг жилийн дотор мэргэжлээрээ ажилд орсон эсэхээс хамааран сургалтын чанарт үнэлэлт өгдөг жишиг тогтжээ. Иймд сургалтын чанарт маш их анхааран ажиллах ёстой болжээ. Хөдөө аж ахуйн салбар бол улс орныг хэзээд тэтгэж, эдийн засгийг тогтвортой байлган, иргэдийг хоол ундтай байх асуудлыг шийдсээр ирсэн. Тиймээс энэ салбарт орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлж, малчны хөдөлмөрөө хөнгөвчлөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ иргэдийнхээ хэрэгцээг хангаж, хүнийхээ эрүүл мэндэд анхаарсан хүнс болон эм бэлдмэлээр хангадаг болгох нь та бүхний ажил байх болно. Цаашид импортын бүтээгдэхүүн рүү хошуурахгүйгээр үндэснийхээ брэндийг хэрэглэдэг тийм л улс орон болгоход гол зорилго оршино” гэж онцоллоо.
Эрдэм мэдлэгийн мөр хөөсөн ямар ч хүний өмнө амьдрал нь гэрэл гэгээтэй байдаг гэдгийг эрдмийн их өргөөний эзэд болсон оюутнуудад хэлж, эх орноо хөгжилд хөтлөхийг ерөөлөө.