Сургууль цэцэрлэгийн модон жорлонг "халах" шинэ зураг танилцууллаа
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Мобиком корпорац, Монгол Коосэн төвийн холбогдох удирдлага, судлаачтай уулзаж, орон нутаг дахь сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар санал солилцлоо.
Орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн олонхи нь одоог хүртэл модон жорлонтой байгаа юм. Хүүхдэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох, модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам онцгой анхаарч, Олон Улсын донор байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. БСШУС-ын сайд 2019 онд орон нутгийн Засаг дарга нартай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд энэ асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ орон нутагтаа хичнээн сургууль цэцэрлэгийн модон жорлонг шинэчлэн сайжруулснаар нь үнэлнэ гэсэн үг.
Энэ ажилд хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа байгууллага нь Дэлхийн зөн-Монгол Олон Улсын байгууллага, Үүрэн холбооны оператор Мобиком корпорац юм. Дээрх хоёр байгууллага хамтран 2014 оноос хойш модон жорлонг халах, сургууль цэцэрлэгийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд нийт 80 суманд 54000 хүүхэд боловсон бие засах газар ашигладаг болоод байна.
2017 онд БСШУСЯ наас батласан контейнер байгууламжийн зургийг илүү сайжруулж, эко буюу усны хэрэглээ багатай, цахилгааныг нарны эрчим хүчээр шийдвэрлэсэн, илүү бат бөх материалаар хийх шинэ зураг төслийг Монгол Коосэн байгууллагын эрдэмтэн инженер, судлаачдаар хийлгэснээ танилцууллаа.
Энэ зураг нь контейнер байгууламжаар бүтээсэн боловсон бие засах газраас зөрүүгүй өртгөөр баригдах боломжтой хийгээд олон давуу талтай болохыг дурдлаа. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан суултуур нэмж байрлуулах, завсарлагааны богино хугацаанд олон хүүхэд үйлчлүүлэхэд хүлээлгийн хугацаа нь 75 секундээс ихгүй байхаар тооцоолж суултуурын тоог тогтоосон, хүйтэнд хүүхдүүдийг гадагш гаргахгүйн тулд хүзүүвчээр сургуультай холбож өгөх байдлаар шийдсэн зэргээ дурдлаар. Шинэ зураг төслөөр энэ онд 8000 хүүхэд боловсон бие засах газар ашигладаг болно гэж тооцоход 14 сая метр куб цэвэр усны хэрэглээг хэмнэнэ гэлээ.