Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбар дахь нөөц бололцоогоо бүрэн дайчилвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой
Эх сурвалж. Өдрийн сонин, О.Ариунцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Ес эхэлж жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг үед өвөлжилт ямар байгаа бол?
-Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол наймдугаар сард гарч, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Мөн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт байнга ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг гарч анхаарал татаж буй газруудад очиж үнэлгээ хийж байгаа. Өвөл дундаа орон ес эхэлж, жигдрээд эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, нар наашилж байна. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгаар өвөлжилт харьцангуй тааламжтай байна. Нийтдээ цасан бүрхүүл тогтсон ч зудын түвшинд хүрсэн зузаан бүрхүүл алга. Бусад орнуудтай харьцуулахад цаг агаар харьцангуй дулаахан байна. Тиймдээ ч мал сүргийн өвөлжилтийн байдал харьцангуй тайван байна. Анхаарал татаж байгаа хэдхэн аймаг л бий.
-Тэдгээр нь ямар аймгууд байна вэ?
-Зуншлага муу, мал сүргийн тоо өссөн зэрэг шалтгаанаас үүдэн зарим сумдыг анхаарах шаардлагатай байгаа. Өвөрхангай, Дундговь, Завхан аймгийн зарим сумдад цас нэлээд унасан учир отор нүүдэл хийж байна. Говийн бүсийн зарим аймгуудад цас ороогүй хараар өвөлжиж байгаа учир малын ундны асуудал гарч байна. Эдгээр асуудлуудыг шуурхай зохицуулах арга хэмжээг авч байгаа. Хамгийн их отор нүүдэл хийсэн нь Дундговь, Өвөрхангай аймгууд. Бид ОБЕГ-тай хамтран эдгээр аймгуудад ажиллаж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газраар шийдүүлсэн. Одоогоор өвөлжилтийн төлөв байдал суурин байдалтай байна. Отор хийж буй малчид зорьсон газраа очсон. Одоогоор отор нүүдэл хийж байгаа газар байхгүй. Харин отроор очсон газарт нь өвс тэжээлийг нь хангалттай байлгах, нөөцөлсөн өвс тэжээлээ ашиглах боломжийг бүрдүүлж өгч байна.Отроор явж буй малчдын тав тухыг хангах зорилгоор тэднийг хөөж, тууж, өртөг мөнгө нэхэхгүй, элдэв хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлийг өгсөн.
Отор нүүдэл Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Архангай зэрэг аймгуудад голчлон хийгдсэн. Энэ газруудад зохион байгуулалтыг оновчтой хийж, хаваржуулах ажлыг үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байна. Эдгээр аймгуудад хаваржилтын асуудал анхаарал татах нь дамжиггүй.Иймд өвс, тэжээл хүргэх ажлуудад анхаарал тавьж байна.
-Яамны зүгээс оны дараа Атрын дөрөвдүгээр аянаа эхлүүлнэ гэдгээ зарласан байх аа. Энэ талаар тодруулаач?
-Манайх атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй бие даасан салбар болгоод 60 жил болжээ. Нэгэн жаран дуусч, ирэх жилээс шинэ жаран эхэлж байна. Манай яам энэ онд жаран жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, дараагийн жаран жилийн бодлого, зорилгыг тодорхойлох ажлыг хийсэн. Энэ үндсэн дээр газар тариалан эрхлэх системийг шинэчилж боловсруулсан. Манай улс сүүлийн 100 гаруй жилд газар тариалан эрхлэх хоёр үндсэн стратегийн баримт бичигтэй байсан. Анх 1924 онд Монголчуудын газар тариалангийн дүрэм гэж баталсан. Үүнийг 1960-аад оны эхээр Монгол Улсад газар тариалан эрхлэх ситем гэх нэрээр хоёр дахь удаагаа баталж,мөрдсөн. Одоо бид шинэ жарныхаа бодлого зорилгыг тодорхойлсон. Бид асар их хэмжээний судалгаа, шинжилгээ, дүгнэлтийн ажлуудыг хийлээ. Шинэ жарны ажлыг бүх нийтийн анхаарал төвлөрсөн, нийтийн үйл хэрэг байлгах зорилгоор Атрын дөрөвдүгээр аян буюу Газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян болгож зарлахаар Засгийн газраас шийдсэн. Энэ аяны бодлогыг тодорхойлох, ажлыг зохион байгуулах зөвлөл байгуулагдаж, ХХААХҮ-ийн сайд ахалж байна. Энэ зөвлөл ойрын үед Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүйг Засгийн газраар батлуулна.
-Атрын дөрөвдүгээр аяны онцлог нь юу байх вэ?
-Дөрөвдүгээр аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үр тариа, төмс хүнсний ногоогоор улсынхаа хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад хүнс экспортлох зорилготой. Манай улсад газар тариалан эрхлэх эдэлбэр газар хязгаартай.
Гэлээ ч үүнийг нэмэгдүүлэх, шинээр атар газар эзэмших зорилтыг тавихгүй. Харин ашиглаж байгаа тариалангийн талбайн өгөөжийг нэмэгдүүлж үржил шимийг нь сайжруулах хэрэгтэй. Мөн боловсронгуй арга технологи хэрэглэх, үрийнхээ чанарыг сайжруулах, ургамал хамгааллын бодисыг шинжлэх ухааны ач холбогдолтой хэрэглэх, хамгаалагдсан хөрсний тариалалт, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх замаар нэгж талбайгаас авах ургацаа арвижуулахад л гол зорилго чиглэж байна. Ингэснээр Монгол Улсынхаа хүн амын хэрэгцээг тогтвортой хангах юм. Хэдийгээр манай газар тариалангийн бодлого Атрын гуравдугаар аяны хэмжээнд сэргэж, хэрэгцээгээ хангах хэмжээний ургац хурааж авч байгаа ч үйлдвэрлэлийн түвшинд тогтворжоогүй. Энэ арван жилийн хугацаанд зарим жилд нь 20, 30 мянган тн, зарим жилд нь 400 мянган тн буудай хурааж авч байх жишээтэй. Тодруулбал, цаг агаарын нөлөөлөлд их өртөмтгий учир хэрэгцээгээ тогтвортой хангах баталгаа хараахан бий болоогүй байна гэсэн үг. Нөгөө талдаа хөрсний үржил шим жилээс жилд алдагдаж, эвдэрч байгаа нь орчин үеийн арга технологийг эзэмших хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Энэ үүднээс бид Атрын дөрөвдүгээр аянаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгохыг зорьж байгаа юм.
-Хувь тариаланчдад чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?
-Мэдээж төр засгаас бодлогоор дэмжиж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар нь хүн амын амин чухал ач холбогдолтой хүнсний хэрэгцээг хангахад зориулагдсан байдаг. Тэр утгаараа хүнсээ бэлдэнэ, хэрэглэнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг бүх нийтийн үйл хэрэг. Бүх хүн энд оролцох ёстой. Ингэж байж л энэ зорилт хэрэгжинэ. Бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор ч атрын аяныг зохион байгуулж ирсэн. Энэ аянд төр, хувийн хэвшил хоорондоо хамтран ажиллана. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд, пүүс компаниуд, ард иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтарч ажиллах хэрэгтэй. Аяны хүрээнд энэ хамтын ажиллагааг оновчтой зохион байгуулах тал дээр анхаарч байгаа. Төрөөс бодлогоор, хөнгөлөлттэй санхүүгийн тусламж үзүүлэх, урамшуулах, техник технологийг шинэчлэх, үрийн үржил шимийг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж нягт хамтарч ажиллана.
-Тариалан эрхлэгчдийг дэмжих тусгай сан хэвээрээ байгаа юу?
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих сан байгаа. Энэ сангийн үйл ажиллагааг цааш нь өргөжүүлэх, илүү боловсронгуй болгох ажлыг хийнэ. Улсын төсвийн хууль батлах явцад Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгэж Хөдөө аж үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих сан болгож хувиргасан. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга механизмын хувьд багагүй өөрчлөлт орно. Цаашид бид тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхэд, эцсийн үр дүнгээ сайжруулахад, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрээ эрчимжүүлэхэд илүүтэй урамшуулж ажиллана.
-Газар тариалан эрхэлдэг томооохон кампаниуд энэ салбараас гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Салбарын сайдын хувьд та юу гэж харж байгаа вэ?
-Энэ тухайн компанийн л асуудал. Бид төрөөс бодлогоор газар тариалангийн салбарт оруулах, гаргах асуудлыг шийдэхгүй. Бид ард иргэдийнхээ хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулах зорилготой. Бодлого, үйл ажиллагаагаа нэгтгээд үр ашигтай үйлдвэрлэл явуулах нь л чухал шүү дээ. Хэрвээ эдийн засгийн үр ашиггүй бол ямар ч компани тэрхүү үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй. Тиймдээ ч үүнийг эдийн засгийн үр ашиг талаас харах нь зүйтэй.
-Махны нөөцийг хэр хэмжээнд бүрдүүлж байна вэ. 20 мянган тонн хүргэх зорилтдоо хүрч чадах уу?
-Махны нөөц бэлтгэх ажил яг одоо хийгдэж байна. Энэ жил 20-иод мянган тн мах нөөцлөх зорилготой. Улаанбаатар хотынхон жилийн хэрэгцээндээ 60-аад мянган тн мах хэрэглэдэг. Өнгөрсөн жил махны нөөцийн бэлтгэл бага зэрэг доголдож хугацаа алдан дөрвөн мянган тн мах л бэлдсэн. Үүнээс болоод өнгөрсөн хавар зах зээл дээр гарсан үнийн хөөрөгдлийг зогсоох боломж хязгаарлагдмал байсан. Энэ нь мах үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааны зохицуулалтгүй, замбараагүй байдлаас болсон. Ирэх жил бид үүнийг дахин давтахгүй. Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хууль дүрмийн дагуу цэгцэлсэн. Стандарт техникийн нөхцөлийг баталж мөрдүүлсэн. Мах бэлтгэх хуваарь, зохицуулалтыг хийж өгснөөр эдгээр гажуудлууд арилж байгаа. Нөгөө талаар махны нөөцийн хэмжээг 20 мянган тонныг бэлдэхээр ажиллаж байна. Урьд нь зөвхөн арилжааны банкны зээлээр мах бэлддэг байсан бол энэ жил олон эх үүсвэрээс бэлдэж байгаа юм. Арилжааны банкны зээлээр аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлдээд, тодорхой хэмжээний хүүгийн урамшууллыг төрөөс хөнгөлж өгдөг механизм үргэлжилнэ. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкууд болон манай яамтай гэрээ хийж, махныхаа хуваарь зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх санаачилга гаргаж байгаа. Өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлдсэн аж ахуйн нэгжүүд санхүүгийн дэмжлэг, урамшууллыг арилжааны банкаар дамжуулж авах шинэ журам гарч, мөрдөж эхэлсэн.
Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээл дээр тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг дүрэм журамтай болсон. Өөрөөр хэлбэл, экспортод гаргасан мах, махан бүтээгдэхүүнийхээ арван хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан байх техникийн зохицуулалт хэрэгжиж байна. Мөн бид жил бүр дор хаяж 50 мянган тн мах экспортод гаргах зорилго тавьсан. Энэ жил энэ зорилгодоо хүрч, 50 мянган тн мах экспортод гаргана. Түүний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо бэлдэнэ гэвэл таваас зургаан мянган тн мах бэлтгэгдэнэ. Дээрээс нь газар тариалан эрхэлж байгаа бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, байнгын мах нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж урамшуулж байгаа. Хуучин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийг зөвхөн үр, будаагаар нөхдөг байсан. Харин энэ жилээс эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, улмаар мах, сүүгээ нийлүүлбэл зээлээ хаахад нь ашиглах журмыг гаргасан. Энэ мэт зохицуулалтын арга хэмжээг авч байна.
-Бид гучаад жил махаа экспортлохыг хичээж, зорьж ирсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэж, шүүмжлэх нь олон болжээ. Энэ ямар учиртай юм бэ. Одоогийн нөхцөл байдал нь ямар байгаа бол?
-Мах экспортлох нь зүйтэй. Ийм боломж бидэнд байгаа. Монгол Улс далаад сая малтай, оны дундуур бид хориод сая төл хүлээж авна. Ингээд бодохоор Монголын мал 90 сая руу дөхөж байгаа биз. Малыг өсгөж, үржүүлж байгаа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, малчид амьдралаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Малын тоо толгой өсөх тусам байгаль орчин, бэлчээр, усны даацад нөлөөлж байдаг. Энэ үүднээсээ ч бид тодорхой хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах учиртай. Мэдээж дотоод хэрэгцээгээ хангаж таарна. Дээрээс нь экспортод ямар хэлбэрээр, хааш нь гаргах вэ гэдэгт төр бодлогоор анхаарч, дэмжих ёстой.
-Нэн тэргүүнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй хоёр хөрш рүүгээ экспортлоход анхаарах ёстой юм биш үү?
-Хөрш хоёр орон хамгийн их авдаг. Авах эрэлт хэрэгцээ ч тэнд хамгийн их бий. Гэтэл авахгүй байгаа.
-Яагаад?
-Монголын мал эрүүл гэх баталгаагүй, эрсдэлтэй гэж үздэг учраас. Тиймдээ ч махан бүтээгдэхүүнийг хязгаартайгаар, тэр дундаа гүн боловсруулалт хийсэн махыг л авч байна. Хөлдөөсөн махыг авахгүй байгаа. Арьс, шир түүхий эдийг ч авахгүй байна, энэ нь бидэнд мал сүргээ эрүүлжүүлэх шаардлага тавьж буй хэрэг. Энэ шаардлагыг бид бүхэн мөрдөхгүй бол цаашдаа мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гаргаж чадахгүй. Манайхан дулааны аргаар боловсруулсан мах гаргаж байна гэж яриад л байсан. Гэтэл дулааны аргаар мах үйлдвэрлэх стандарт техникийн нөхцөлгүй л явж ирж. Аж ахуйн нэгж бүхэн өөрийнхөө техник технологийн түвшнээр бэлдэж ирсэн байна. Дээрээс нь малыг зөв зохистой иж бүрэн ашиглахгүй, зөвхөн тураг махыг нь аваад толгой, шийр, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг бүгдийг нь хаяж байжээ. Энэ нь байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Ямартаа ч энэ мэт гажуудлыг энэ жил заслаа. Цаашдаа бид махыг иж бүрэн ашиглана. Яам махаа экспортод гаргах үйлдвэртэй бодлогын гэрээ хийж, албан ёсны тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Мал махаа хаанаас бэлдсэн бэ гэдэгт онцгой хяналт тавьж ажиллаж байна. Монгол Улсын газар нутаг үндсэндээ гурван үндсэн бүс нутагт хуваагдаж байдаг. Үүнээс баруун аймаг эрүүл бүсдээ ордог. Хил дамнасан малын гоц халдварт шүлхий, мялзан зэрэг өвчин гараагүй бүс гэж бид үздэг. Гэхдээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллага үүнийг албан ёсоор зарлаагүй. Тийм учраас тэндээс мах авахад болгоомжтой ханддаг. Бид энэ бүсийг эрүүл бүс байлгах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтарч, хянан магалдлагааны ажлуудыг хийж байна. Үүнийг газар дээр нь хянана, баталгаажуулна тэгж байж олон улсын түвшинд батална. Энэ ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Баруун бүсийг бид энэ статусаа авчих байх аа гэсэн итгэлтэй байгаа. Монгол орны төвийн бүс нь эрсдэлтэй, эрүүл бүсийг заагласан хяналтын бүс. Харин зүүн бүс эрсдэлтэй бүсэд ордог. Тэнд хил дамнасан гоц халдварт өвчин удаа дараа гарсан, голомт байдаг. Иймд сстемтэйгээр вакцинжуулалтыгхийж, малаа эрүүлжүүлэх ёстой. Энэ ажил ч үргэлжилж байгаа.
-Малын халдварт өвчний тархалтад анхаарч байгаа юу?
-Энэ жил Монгол Улсын хэмжээнд халдварт өвчин гараагүй, харьцангуй тайван байна. Энэ нь вакцинжуулалтаа хугацаанд нь хийж, хяналтаа сайн тавьж, халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх арга технологио боловсронгуй болгосонтой холбоотой. Мөн мал эмнэлгийн тогтолцоо шинээр бий болж, энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай хянаж байгаатай холбоотой юм. Зүүн бүсээ бид эрүүл бүс болгож, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой. Бид мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-аар төрөлжсөн хянан магадлагаануудыг хийлгэлээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний хянан магадлагаа хийж, протокол байгуулах ажлууд явагдаж байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн, гурил будаа экспортод гаргах ажлын хэсгийнхэн ирээд явсан. Энэ мэт үнэлгээний ажлууд сайн хийгдэж байгаа. Бид энэ үнэлгээний мөрөөр протоколоо байгуулчихвал гурил, сүү, мах мөн дайвар махны бүтээгдэхүүнийг экспортод гаргах бололцоо нээгдэнэ. Энэ чиглэлээр бид эрчимтэй ажиллаж байна. Дээрээс нь Вьетнам, Киргиз, Казахстан, Иран зэрэг улсуудтай хорио цээрийн протокол байгуулах ажлуудыг хийж, гадна талаа баталгаажуулж байна.
Хамгийн чухал нь манай үйлдвэрүүд техник технологи, хяналтаа сайжруулах ёстой. Хуруу даран тоолдог сайн технологитой үйлдвэрүүд маань ч экспортод гаргах шаардлага хангахгүй, эрхээ цуцлуулсан байна. Иймд бид стандарт техникийн нөхцөлөө бий болгож, үйлдвэрүүдээрээ хянан магадлагааг хийлгэж, гарал үүслийг нь тодорхой болгон, үйл ажиллагааг нь хянах тогтолцоог бий болгох ажлуудыг хийлээ. Цаашдаа бид махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Манайд байгаа боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал жилийн турш бүрэн дүүрэн ажиллалаа гэхэд зургаагаас долоон сая мал л боловсруулна. Гэтэл үүнээс ч илүү малыг үйлдвэрийн аргаар боловсруулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Бид мах боловсруулах үйлдвэрлэлийг өргөн хүрээнд болж өгвөл сум болгонд бий болгох шаардлагатай.
-Махаа экспортлохгүй байгаа нь бидний өөрсдийн чадвар чадамжтай холбоотой гэж байна. Гэхдээ гадна талаас махаа экспортолж болохгүй гэх шахалт дарамт байгаад байна уу ч гэж хардах хүмүүс бий.
-Бид олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авч хүлээн зөвшөөрөгдөхгүй л бол махаа гадагш нь гаргах боломж бололцоо хаалттай. Хамгийн гол асуудал нь малаа өсгөх, эрүүл байлгах явдал юм.
-Тэгвэл үнэгүйдэж гүйцсэн ноос ноолуураа хэрхэх вэ?
-Ноос ноолуур, арьс шир нь мал аж ахуйгаас гарч байгаа маш үнэтэй түүхий эд. Үүнийгээ бид иж бүрэн боловсруулж эцсийн чанар сайтай бүтээгдэхүүн болговол асар их боломж бий. Бид урьд нь арьс ширээ боловсруулаад гутал хувцсаа хийдэг байлаа. Ноосоо боловсруулаад хивс, ноосон даавуу хийдэг байсан. Харин өнөөдөр тэр үнэт түүхий эд үнэгүйдэж, үүнийгээ дагаад эх орны боловсруулах үйлдвэрүүд зогссон. Үүнээс гадна олон сөрөг үр дагаврыг дурдаж болно. Энэ байдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Төр засгаас бодлого гаргаад арьс шир, ноос, мах, сүүн дээр урамшуулал өгсөн ч энэ дэмжлэг эдийн засгийн үр өгөөж өгсөнгүй. Ноос бэлтгэх явцад, ноосыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд их асуудал байна. Энэ жил бид 2018 оны ноосны урамшууллыг өгч дууслаа. Цаашдаа бол шинэ журмаа мөрдөнө. Үйлдвэрт тушаагаад эцсийн бүтээгдэхүүн болсон чанартай ноос ноолуурыг урамшуулна. Тиймээс малчид ноос бэлдэхээсээ эхлээд чанарт анхаарах хэрэгтэй. Арьс ширэн дээр ч мөн адил ийм үйл явц байна. Цаашдаа бид хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж түүхий эдийг бэлтгэнэ. Ингээд эхний ээлжинд чанартай бүтээгдэхүүнээр түүхий эдийг хангана. Цаана нь илүү гарч байгаа түүхий эдийг зах зээл дээр борлуулах бололцоог нь нээж өгнө. Түүхий эдийг боловсруулаагүйгээр экспортод гаргахыг хорьсноос үүдэн хог болж байна. Бид зохицуулалтаа сайн хийж өгвөл малчны үйлдвэрлэж байгаа түүхий эд үнэгүйдэхгүй. Эх орны үйлдвэрт очно, эсвэл экспортод гаргах замыг нь нээж өгөх юм. Бид хөдөө аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийнхээ 10-20 хувийг л боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Цаана нь 80 хувийн нөөц боломж бидэнд байна. Энэ 80 хувийг ашиглахын тулд төр засгаас бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Бид хөдөө аж ахуйн салбарын экспортын боломжийг дайчлан ажиллах тухай шийдвэрийн төслийг Засгийн газарт оруулахаар бэлдэж байна. 2020 оныг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийн экспортыг дэмжих жил болгон ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт байгаа экспортын нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадвал уул уурхайгаас олж байгаа экспортын орлогыг олох боломжтой. Тийм учраас ойрын хэдэн жил хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас уул уурхайгаас илүү экспортыг хийх боломжийг бүрдүүлэх зорилготой байна.