2022.03.22

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоонд өөрчлөлт гарах найдвар байгаа юу?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,03,22/-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл зэрэг мэдээлэл авах “Нэр дэвших тухай хүсэлт””-ийн загварыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн эрх хэмжээ маш их байдаг. Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог тодорхойлох, зохицуулах эрх үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхт субъект нь болж байдаг. Өнөөдрийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос харж байхад Үндэсний зөвлөл жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй, даатгал даатгал шиг хэрэгжүүлдэггүй, иргэдийн эрүүл мэндийг даатгалаар хамгаалдаггүй зэрэг алдаа дутагдал байсаар байна. Энэ талаар иргэдээс асуухад хангалттай хэлнэ.Эрүүл мэндийн даатгалын үр өгөөж тодорхой байдаггүй, ямар даатгалыг хэрхэн яаж ашиглах мэдлэг, мэдээлэл байдаггүй учраас даатгалаар үйлчилгээ авдаг иргэд маш цөөн бий. Өмнө нь НББХ-ны хурал дээр Эрүүл мэндийн сайдаас асууж байсан.

Үндэсний зөвлөлийн гишүүд өөрчлөгдсөнөөр эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоонд өөрчлөлт гарах найдвар байгаа юу? Шинээр хийхээр төлөвлөж байгаа ямар бодлого, ажил, төлөвлөгөө байгаа вэ? Санал байна,нэр дэвших хүсэлтэй хүнд хараат бусаар ажиллах боломж, ёс зүйтэй байхаар агуулгыг нэмэх саналтай байна. Мөн нэр дэвшигчээс зөвлөлд орж ажилласнаар эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоонд дэвшил авчрах ямар шинэлэг өөрчлөлт бодлого оруулах вэ? Түүнчлэн нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүсийн амлалт хэрхэн биелсэн талаар ажлын дүгнэж байх шаардлагатай байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn