2022.06.07

Д.Сарангэрэл: Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч, олон нийтрүү чиглэсэн контентыг бэлтгэж хүргэх хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022, 06, 07/хуралдаанаар  "Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Бид системтэй ажлаа яриад, эргээд үр дүнгээ хэлэлцдэг тогтолцоо руу, ажлын арга барил руу шилжих шаардлагатай болсон байна гэдгийг нэгдүгээрт хэлье. С.Чинзориг гишүүн хэллээ. Манай улсад эмчилдэггүй, одоогоор эмчлэх боломжгүй 26 өвчин байна. 2017 онд сайдын ажлыг авч байхад 39 байсан. Ковидоос болж хоёр жил гаруйн хугацаанд дэлхий нийтээр хаалттай, эмч, мэргэжилтнүүдээ гадагшаа сургах, туршлага судлуулах боломж байгаагүй. Ковидоос өмнө 1000 гаруй хүнийг гадаадад сургасан.  Улсын 1, 2-дугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Амаржих газрууд улмаар Увс, Ховд, Баян-Өлгий гээд олон эмнэлгийн байгууллагууд эх орондоо эмчилдэггүй байсан өвчнийг эх орондоо эмчилж энэ тоог бууруулж байсан юм.

Одоогоор улсын төсөвт гадаадад эмчлүүлсэн иргэдэд дээд тал нь 5 сая төгрөг өгөөд байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн төвлөрөлтийн 70 гаруй хувь нь улсын төсвөөс бүрдэж байгаа. Тэр дундаа 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн даатгалыг төр даадаг. Эрүүл мэндийн даатгалын сан дээр 30 тэрбум төгрөг жил бүр эрсдэлд төсөвлөдөг. Үүнээс 10 тэрбумыг нь хүүхдүүдээ гадаадад эмчлүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болгоод явахад та бүхэн санаачилга гаргаж, гарц гаргалгааг нь гаргах хэрэгтэй.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж дүүрэн байгаа. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ чиглэлд хуулийн төсөл нилээн боловсронгуй болоод Эрүүл мэндийн яаман дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, олон нийттэй харилцах эрүүл мэндийн газар яаманд бий. Та нар олон нийтрүү чиглэсэн 11:00 цагийн нэвтрүүлгээсээ гадна бага хэмжээний контентуудыг бэлдээд эхний 5 байранд ороод байгаа хорт хавдраас хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ, амьдралын дадал, хэвшлээ хэрхэн өөрчлөх талаар олон нийтэд мэдээлэл өгөх шаардлага байна.

Түүний асуултад ЭМЯ-ны сайд С.Энхболд хариуллаа.