Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2010.05.04

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо үдээс өмнө хуралдажbh_tbb Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, гэр бүл зэрэг бүхий л салбарыг хамардаг. Гэсэн хэдий ч үндэсний бодлого, хууль тогтоомжид эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах талаар тусгагдсан заалтууд нь ихэвчлэн тунхаглалын шинжтэй, салбар хоорондын нэгдсэн зарчим, үзэл баримтлалд тулгуурласан зохицуулалт хийх механизм сул, түүнчлэн жендэрийн ялгаварлан гадуурхалтын улмаас үүссэн маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлоогүй байгаа нь бие даасан хуулийг боловсруулах шаардлагыг бий болгожээ.

Уг хуулийн төслийг дөрвөн парламент дамжуулан урт удаан хугацаанд ярьж, хойшлуулж байсан бөгөөд энэ хирээрээ нэлээн нухлуулж, чамбай, сайн боловсрогдсон хуулийн төсөл болсон гэдэгтэй байнгын хорооны гишүүд санал нэг байсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад анхаарах асуудлууд нэлээдгүй байгааг хэлж байлаа.

Д.Оюунхорол гишүүн сонгуулийн шинэ хуулийн пропорциональ системийн хувь тэнцүүлэх тогтолцоогоор эмэгтэйчүүд сонгогдох магадлал илүү багасахаар харагдаж байгааг хэлж, нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг заавал 30 гэхгүйгээр намын нийт авсан саналын 15 хувьд нь жендерийн төлөөлөлтэй байна гэсэн санааг баталгаажуулья гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.
Түүнчлэн өнөөдөр эрэгтэйчүүдийн асуудал ч хаягдаж ирснийг тэрээр дурдаж тэдэнд анхаарал хандуулах олон асуудал байгааг онцолж байсан юм.

С.Бямбацогт гишүүн өнөөдөр төрийн алба, соёл, боловсролын салбарт эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байгаа. Хуулийн төсөлд хүйсийн төлөөллийн доод хязгаар /квот/ -ыг зөвхөн улс төрийн ба удирдах албан тушаалд тавьсан байна. Боловсролын салбарт квотын асуудлыг тусгаж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэлж байлаа.

Төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Эрхзүйн практикт ямар нэг байгууллагын болон түүний удирдлагад ажиллагсдын, эсвэл бүх шатны сонгуулиар нэр дэвшигчдын болон томилгоот албан тушаалд ажиллагсдын дотор эрэгтэй, эмэгтэй хүний эзлэх хувийн доод хязгаарыг тогтоож өгөх “квот” гэдэг аргыг өргөн хэрэглэж иржээ. Түүний гол зорилго нь парламент, Засгийн газар, орон нутгийн түвшинд сонгогдох болон томилогдон ажилладаг байгууллагуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдүүлэх явдал аж. Өнөөдөр дэлхийн 40 гаруй улс хуулиар, 50 гаруй улсад улс төрийн намууд дүрмээрээ квотыг тогтоон хэрэгжүүлдэг байна. Ингээд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.