ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа
2024.02.22

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.

Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө.

Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулна.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Есөнбулаг сумын Дөтийн даваа, Цогт сумын Дөтийн даваа, Төгрөг сумын Мааньтын даваа, Эрдэнэ сумын Замтын даваа, Жаргалан сумын Дунд замын даваа, Дарви сумын Улаан сайрын даваа зэрэг хаагдсан зам давааг онгойлгохоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэвч их хэмжээний цас, цасан шуургын нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.

Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкуудтай зөвшилцөж малчдын зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг зудын хүндэрсэн нөхцөл байдал дуустал түр хойшлуулахаар болсон. Өвлийн их хэмжээний цас нь мал, малчин хоёрыг тамирдуулж, зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байгаа учир зээл төлөлтийг түр хугацаанд хойшлуулж байгаад талархалтай байгаагаа малчид илэрхийллээ.