ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХҮН АМЫН 47.1% ХАМРАГДСАН БАЙНА
2025.01.22

ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХҮН АМЫН 47.1% ХАМРАГДСАН БАЙНА

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.01.22/-ийн хуралдаанаар Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

  • Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна.
  • Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 47.1 хувь буюу 1,593,838 хүн хамрагдсанаас 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 56.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлын хувьд 50 хувь нь Улаанбаатар хотод, 50 хувь нь орон нутагт амьдарч байна.
  • Үзлэгт хамрагдсан нийт хүний 47.2 хувь нь 0-17 насны хүүхэд, 52.8 хувь нь 18-аас дээш насныхан байна.
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амд өвчлөлийн 1,317,069 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
  • Өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос 723,133 буюу 54.9 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 196,821 буюу 14.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 126,450 буюу 9.6 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 97,818 буюу 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 41,258 буюу 3.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.0 хувийг эзэлж байна.
  • Хүүхдийн өвчлөлийн 256,774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 199,482 буюу 77.7 хувь, шүдний гажиг 7,411 буюу 2.9 хувь, хараа муудах 6,163 буюу 2.4 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.

Цаашид “Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээ”-г зорилтот хүн амд чиглэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэнд эргэн мэдээлэх, цахим эрүүл мэндийн дэд бүтэцтэй уялдуулах, эрсдэлтэй бүлгийг хяналтад авах, эмгэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламжийн нөөцийг бүрдүүлэх, боловсролын байгууллага болон ажил олгогчийг оролцуулах замаар эдийн засгийн хувьд илүү үр ашигтай, оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан