ОБЕГ дэлхийн сүлжээнд холбогдлоо
“Азийн орнуудын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах” бага хурал
2015.11.11

ОБЕГ дэлхийн сүлжээнд холбогдлоо

“Азийн орнуудын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах” бага хурал өнгөрөгч сарын сүүлээр БНСУ-д болжээ.

Энэхүү хуралд Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Д.Сэржмядаг оролцоод ирсэн байна.

Энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах сүлжээ платформ болох http://www.pr4gdm.org сайтыг бий болгосныг хуралд оролцогчдод танилцуулж, тэдний санал, зөвлөмжийг тусган сайжруулжээ. Энэхүү сайт нь ердийн хэрэглэгч, мэдээлэл оруулах эрхтэй хэрэглэгч болон шинжээч гэсэн хэрэглэгчийн гурван түвшинтэй байх аж.

Тус бага хуралд оролцогч нь цаашид энэ сүлжээ платформд мэдээлэл оруулах болон шинжээч гэсэн төрлөөр хэрэглэгчийн эрхтэй байж, сайтыг хөгжүүлэхэд өөрийн улс орныг төлөөлөн мэдээ, материалыг нийтэлж, бусад орны мэдээлэл, технологид үнэлгээ өгч ажиллан, тус сүлжээ платформыг хөгжүүлэхийг үүрэг хүлээжээ. Тэгэхээр ОБЕГ болон Гамшиг судлалын хүрээлэн нь Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах сүлжээ платформ http://www.pr4gdm.org сайтад өөрийн орны мэдээ, мэдээллийг оруулахын зэрэгцээ, тус сайт дахь бусад орны туршлага суралцах, санал солилцож хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

 “Азийн орнуудын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах” бага хурал нь Азийн улс орнуудын дунд гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар сүлжээ платформыг бий болгох, оролцогч улс орнууд гамшгийн эрсдлийг бууруулах технологи хуваалцах зорилготойгоор зохион байгуулагджээ. Хуралд БНСУ, Индонези, Филиппин, БНХАУ, Монгол Улсын гамшгийн мэргэжилтэн, судлаачид оролцсон байна.