С.Чинзориг: Шинийн нэгний өглөө өвөөгийндөө очиж дугуй хуушуур иддэг байлаа
УИX-ын гишүүн С.Чинзориг
2017.02.24

С.Чинзориг: Шинийн нэгний өглөө өвөөгийндөө очиж дугуй хуушуур иддэг байлаа

УИX-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Цагаан сартай холбоотой таны дурсамжийг хуваалцъя?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийг өнөтэй давж, хаврын урин цагтай золгож буйгаа тэмдэглэдэг уламжлалт баяр шүү дээ. Намайг бага байхад малчдын цагаан сар гэж нэрлэн тэмдэглэдэг байлаа. Төв суурин газрынхан тэгтлээ өргөн хүрээнд тэмдэглэдэггүй байсан байх.

Малчдын баяр гэж ойлгодог байлаа. Би хүүхэд насаа Өвөрхангайн Хужиртад өнгөрөөсөн. Тэр үед өвөөгийнхтэйгөө ойрхон амьдардаг байсан юм. Өвөөгийнх голын зүүн, манайх баруун талд гэртэй. Шинийн нэгний өглөө дээл хувцсаа өмсөөд голын мөсөн дээгүүр гулгаад өвөөгийндөө очиход дугуй хуушуур хайрч өгдөг байлаа.

-Хуушуур иддэг байсан хэрэг үү?

-Битүүний өдөр хиншүү гаргавал сайн гэдэг байсан юм. Хөгшин настай хүмүүс тэгж ярина. Тиймээс ихэнх айл хуушуур хайрч хиншүү гаргадаг байсан санагдаж байна. Хүүхдүүд өвөөгийндөө битүүнд очиж хуушуур идэж чаддаггүй байсан болохоор шинийн нэгний өглөө хувиа хүртдэг байсан хэрэг. Тэр хуушуур одоо хүртэл санаанаас гардаггүй юм.

-Хүүхэд байхдаа айл их хэсдэг байв уу?

-Хэсэлгүй яахав. Найзуудтайгаа нийлж аваад гудамжныхаа айлуудаар хэсдэг байлаа. Айлд бөөнөөрөө пир хийтэл яваад орно. Зарим айл золгуут хийн шинэлээд явчихаар эзгүй үе гарна. Тийм тохиолдолд гэртээ эргэн иртэл нь хүлээсээр байгаад заавал ордог байлаа. Бүр хэдийд ирэх нь вэ гээд анаад суучихдаг байсан. Айлууд дугуй боов, дэвтэр, харандаа бэлэглэнэ. Харин настай айлууд битүүлэг гэж үнхэлцэг, хонины шаант, шагай өгдөг байлаа.

-Сэтгэлд үлдсэн цагаан сарын бэлэг гэвэл юу байдаг бол?

-Тэр үед хүүхдүүдэд тэр бүр мөнгө өгөөд байхгүй. Манай өвөө аав ач, зээ нартаа таван төгрөг өгдөг байсан. Харин бусад айл бэлгэнд мөнгө өгвөл бөөн баяр болно. Нэг төгрөг өгсөн айлыг маш сайн айл гэж боддог байлаа. Ааш сайхантай, баян айл гээд бодчихно. Тэр жилжингээ тухайн айлынхаа хүмүүстэй таарвал сайхан санагдана. Тэгж явсаар дараа жил нь болоход хамгийн түрүүнд өнөөх айлдаа очиж золгох гэж яардаг байлаа.

-Нэг төгрөгөөр юу авдаг байсан бэ?

-Өө тэр чинь тухайн үедээ их мөнгө. Ялангуяа хүүхдүүд чамлахгүй. Тэр үед хуушуур 50 мөнгө болохоор цагаан сарын дараа хоёр хуушуур аваад идчихнэ. Молоко хоёр төгрөгийн үнэтэй байлаа. Сар шинийн үеэр хоёр төгрөг цуглуулчихвал молокотой боллоо гэсэн үг.

-Та хүүхэд ахуй үеийнхээрээ битүүний өдөр гэртээ хуушуур хайрч байна уу?

-Тэр уламжлал хэвээрээ шүү. Хүүхдүүддээ хуушуур хайрч өгнө. Идээ будаагаа засаад битүүлэх үеэр шар тосонд хуушуур хайрдаг.

-Одоо та хэрхэн шинэлдэг вэ?

-Аав, ээж хоёрыгоо байхад шинийн нэгний өглөө тэр хоёртоо очиж золгодог байлаа. Манай хоёр хөгшинд ойр, холын бүх л дүү, хамаатан садан маань ирж золгодог болохоор шинийн нэгэнд тэндээ өнждөг байсан. Тэр хоёроосоо хойш гэртээ шинэлж байна даа. Би ганц эгчтэй. Миний эгч жар гарч яваа. Энэ жил хотод өвөлжиж байгаа болохоор эгч дээрээ очиж золгоно. Мөн аавын минь том эгч 90 гарсан настай хөгшин байдаг. Тэр хөгшнийд очно. Ер нь„тэгээд шинийн нэгэнд хэдэн хөгшчүүлийндээ очиж золгоод таардаг юм.

-Ер нь хүний хөлд хэр их дарагддаг вэ?

-Харьцангуй гайгүй ээ. Нутгийн залуус, хоёр талынхан гээд ирнэ. Би Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй манай нутгийнхан жил бүрийн шинийн найманд золголт хийдэг юм. Жилдээ нэг удаа бөөнөөрөө уулзах далимаар ахмадуудтайгаа золгож амар мэндийг нь мэднэ. Энэ уламжлалт арга хэмжээ маань арван жилийн өмнөөс эхэлсэн.

-Сар шинийн үеэр эрчүүд уул овоонд гарч хийморио сэргээдэг. Та хаашаа явдаг вэ?

-Уул хангайд гарч идээ будаа өргөдөг уламжлал бий. Би өөрийн төрж өссөн Хужирт, ажиллаж, амьдарч байсан Арвайхээр сумынхаа уул усанд гарч хийморио сэргээдэг юм. Ер нь нутгийнхаа уул усанд өөрийнхөө төдийгүй түмэн олныхоо аз хийморийг даатгана.

Энэ жил ч гэсэн уул хангайдаа гарна. Улиран одож буй мичин жил улс оронд маань хөгжил цэцэглэлт авчирсан сайхан жил байлаа. Төсөв, санхүү амаргүй байгаа ч гэлээ хүнд байдал богино хугацаанд илаарших хугацаа ойрхон байгаа байх гэж найдаж байна.

Ирж буй алтан унжлагат хэмээх тахиа жил монголчуудад ивээлээ хайрлах байх. Нийт монголчууддаа эрүүл энх, аз жаргал хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.