Зөрчлийн тухай хуулийг батлахдаа хууль зүйн харилцааг боловсронгуй болгох, өмнө нь 230 гаруй хуулиар тус тусад нь зохицуулж байсан захиргааны хариуцлагын тогтолцоог нэгдсэн нэг хуулиар зохицуулах зорилготой эрх зүйн чухал шинэчлэл боллоо гэж үзэж байсан.
Жишээлбэл, Зөрчлийн тухай хуулийг батлах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар аж ахуй нэгж, хуулийн этгээдийг торгох шийтгэл 100 сая төгрөг хүртэлх дүн байгаа нь аж ахуй нэгжүүдийг хавтгайруулан торгох нөхцөл үүсгэж байгаа болон тус хуульд 17 зүйл заалт дээр эрх хасах шийтгэл ногдуулсан. Энэ нь мөнгөн дүнгээр торгохын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг цуцлах гэсэн давхар шийтгэл болж байгааг анхааруулан хэлж байсан.
Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэх 87 зүйл заалт давхардал үүсгэж байна. Нэг зөрчлөөр аж ахуйн нэгжийг, хариуцлага алдсан ажилтныг торгож байгаа нь угтаа аж ахуйн нэгжид давхар шийтгэл хүлээлгэж байгаа юм.
Үүнээс болж өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн эрх зүйн орчин дордсон. Хэрэв зөрчлийн нэгжийн үнэлгээ 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгон тавин хувь бууруулах саналыг Ж.Ганбаатар гишүүн дэмжээгүй бол байдал улам хүндрэх байлаа.
Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 сарын 01 өдрөөс дагаж мөрдөж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд энэ хуулиар 592.742 зөрчилд 571.475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11.808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна. Уг хуулийн зарим заалт бодит амьдралд хүндээр тусаж байгаа тухай цагдаагийн байгууллагын дээрх тооноос харж болно.
Харин Зөрчлийн тухай хуулиар татвараа цаг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй албан татварын 50 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор заасан нь бизнес эрхлэгчдэд хэт хатуудсан шийдвэр болсон гэж үзэж буй. Үүний улмаас аж ахуйн нэгжийн чадамж буурч, татварын хүнд орчинд ажиллаж, улмаар дөнгөж эхэлж байгаа бизнесүүд дампуурлын ирмэгт ирж байгаа юм.
Мөн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдал, эдийн засгийн хямрал болон татварын дарамт, татварын таагүй орчин зэрэг олон шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар 35.8 мянган компани үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсооход хүрчээ.
Хамгийн гол нь Зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө ойлгомжгүй, давхардсан байгаагаас бизнес эрхлэгчдэд асуудал үүсгэж байгаа тухай шат шатны шүүх байгууллагынхан хэлж байна.
Хэтэрхий албадлагын шинж чанартай байвал эргээд улс орны эдийн засгийн болоод бизнес эрхлэгчийн өсөн тэлэх үйл явцад сөрөг нөлөө үзүүлдэг.
Ц.Соёлмаа
Эх сурвалж: