2021.01.27
С.Одонтуяа: Дарга нар өөртөө мөнгө харамладаггүй хэрнээ гадаадад гацсан иргэдээсээ харамлаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Өмнөх Засгийн газар хуурах, бас дахин хуурах бодлогоор ажилласаар байгаад нийгэм, эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан. Өчүүхэн шалтаг олоод зугтсан. та үргэлжлүүлэн хуурах бодлого барих уу? Танд энэ асуудлыг бодитойгоор шийдэх эрмэлзэл байна уу? Байгаа бол яаж шийдэх вэ? Цар тахлын эсрэг эдийн засгийн төлөвлөгөө байна уу?
Алсын хараа 2050 бүгд бахархаж ярьж байна. Өнөөдөр 2050 оны гэгээлэг төслийг бодох сэхээтэй монгол хүн цөөхөн үлдсэн. Маргаашийн тэтгэвэр, цалин тавигдах болов уу гэж өнөөдөр надаас иргэд асууж байна. Тиймээс таны Засгийн газарт татвар, шимтгэлийн орлого бүрдэхгүй нь тодорхой болчихлоо. Та ард иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин ямар орлогын эх үүсвэрээр олгох вэ? Төсөв батлагдах үед би сануулж байсан.
Бид маш их өр дарсан гэсэн. Гэтэл Дэлхийн банк биднийг маш их өртэй гэж дэлхий даяар зарлаж шившиг болгож байна. ДНБ-ийн 300%-тай тэнцэх өртэй боллоо гэж байна. Өр үнэхээр төлөгдсөн бол энэ буурах ёстой. Гэтэл ийм хуурмаг бодлого хэрэгжүүлэх үү?
Цар тахлын үед гадаадад гацсан монголчуудад хүмүүнлэгийн гамшиг болсон. Олон хүн амиа алдлаа, хоол хүнсгүй болсон, эх орондоо гомдсон. Энэ асуудал дээр бодит нэн яаралтай ямар арга хэмжээ авах вэ? Та хамтран ажиллана гэж хэллээ. Би баяртай байна. Маргааш би цаг авч тантай уулзаж энэ асуудлыг тайлбарламаар байна. Иргэддээ тусалсан гэсэн нь ганцхан жийпний мөнгө өгсөн. Гэтэл 2019-2020 онд 1600 ширхэг шинэ жийп гаалиар орж ирсэн. Монголын дарга нар өөртөө мөнгө харамладаггүй. Гадаадад байгаа иргэдээсээ харамладаг. Үүнд маш их харамсаж байна.
Ард иргэдтэйгээ хамгийн хүнд үед хамт байж, зовлон жаргалаа хуваалцаж, түүнийхээ ард гарахын төлөө эцсээ хүртэл ясан удирдагчид л түүхэнд үлддэг. Танд үнпсэн хуулиар олгогдсон бүх эрх мэдэл байна. Засгийн газраа бүрдүүлэх, УИХ-д олонхийн дэмжлэг авах гээд бүрэн боломж байна. Бид таны ажилд дэмжих зүйлээ дэмжинэ. Дэмжихгүй зүйл дээрээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх болно."
Түүний асуултанд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn