Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замчидтай өглөөний уулзалт хийлээ
2023.08.29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замчидтай өглөөний уулзалт хийлээ

Урьд нь шинээр зам барина гэдэг гол зорилго байсан бол харин одоо яаж чанартай зам барих вэ гэдэг тэр шилжилтийг хийх цаг нь болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Эдийн засгаа солонгоруулж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн либералчлал үр дүнгээ өгч байгаа шиг авто замын хөгжил түүнээс дутахгүй онцгой ач холбогдолтойг онцоллоо.

Тиймээс МЯНГАНЫ ЗАМЫН 2 ДАХЬ ДОВТОЛГОО боомтын болон аймгуудыг хооронд нь холбох зам, Нийслэлийн тойрог зам руу чиглэнэ гэдгийг хэллээ.

Нийт хатуу хучилттай авто замын 79 хувь буюу 5815 км нь 6-аас дээш жилийн насжилттай болж ээлжит болон их засвар хийх шаардлагатай болсон.

Гэхдээ замын сангийн орлого бүрэн бүрдэхгүйгээс болж засвар арчлалтын мөнгө хүрэлцдэггүй зовлон байгаа.

Мөн замын компаниуд зам барихын тулд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар бараг шанага шороо авсан ч хайгуул ашиглалтын лиценз шаардаж буйг өөрчлөх шаардлага байгааг замчид маань хэллээ.

Тиймээс улсын төсвөөр баригдаж буй зам дээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг үнэ төлбөргүй ашиглуулах талаар Засгийн газраас ойрын үед оновчтой шийдэл гаргахаар тогтлоо.

Мөн замчид маань зам ашигласны төлбөрийг урьдчилсан төлбөрт горимд шилжүүлэх. авто замын ээлжит засварт 1 их наяд, их засварт 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа талаар саналаа Ерөнхий сайдад дуулгасан.

Мөн зам барихад бараа материалын үнийн өсөлт, зам гүүрийн ажилд ажиллах боловсон хүчний хомсдол хүндрэл учруулж байгааг хэлж байна

Түүнчлэн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтыг үндэсний компаниудаар гүйцэтгүүлэх, зам ашигласны төлбөрийг шатахууны Онцгой албан татвараас авдаг байх, зам их ашигласан нь, илүү явсан нь их төлдөг байх нь шударга шийдэл гэж ярьж байна.

Түүнчлэн АЗЗА компаниудын хоёрдмол удирдлагатай байгааг өөрчлөх, зам эзэмшигч нь ЗТХЯ ,байтал ТӨБЗГ замын бэлэн байдлаа хангах бус бизнесийн байгууллага шиг ашигтай хэмнэлттэй ажиллахыг АЗЗА компаниудаас шаарддаг байдлыг өөрчлөхийг хүсэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХООРОНД ИТГЭЛЦЛИЙН ГҮҮР БАРИХ ЦАГ НЬ БОЛСОН гээд ШИНЭ СЭРГЭЛТ бол ШИНЭ ХАНДЛАГА-ШИНЭ ТЭМЦЭЛ-ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ юм гэдгийг тодотголоо. Мөн замын стандарт даацыг бүс нутгийн онцлогт тохируулан шинэчлэх үүрэг өглөө.