Нэгдүгээрт эрх ашиг
2023.08.29

Нэгдүгээрт эрх ашиг

Энэ зарчмаар асуудалд хандаж буй минь хувийн өчүүхэн эрх ашгаа бодсон цөөхөн хэдэн хүний эгдүү зэвүүг ихэд хүргэсэн бололтой. Зорчигч үйлчилгээний төв юм бол юун түрүүнд зорчигч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн хангасан байх ёстой.

Хог новш хөглөрч, шээс шивтэр ханхалж, хүн машин холхих ч зайгүй зад түгжирсэн газраас нүүлгэхийг иргэд эртнээс хүсэж санал гомдол тавьж ирсэн. Хотоос бүр гаргачихаар хот хоорондын автобусаар зорчигчид ирсэнээсээ илүү мөнгө таксинд төлөх болчихоод байсан юм.

Тиймээс боож үхэх гээд буй нөхдийн хэлээд буй Номин 5-ын байршлыг АТҮТ-ийн нөхөд өөрсдөө сонгосон, чиг үүргийнхээ дагуу тэд ажлаа хийсэн. Түүнээс би Номингийн Ш.Баярсайханд давуу тал олгож, хамаарал бүхий компанийнхаа хаяанд ойртуулсан зүйл огт байхгүй. Хаа байсан Алтан тариагийн хажууд байдаг Нью Прогрессын газар яахаараа Номингийн газар луу нүүж очоод хаяа дэрлэчихдэг юм. Фотошопоор бол тэгж болдог аж. Гүтгэхийн тулд ямар ч үлгэр зохиож, яаж ч үлээж чаддаг улс бололтой.

Гэхдээ Зорчигч үйлчилгээний төвийг Драгоноос 1.5 км цаашлуулахад л Баянхошуу, Баруун Зүүн салаа, Ханын материал, 21, Толгойтын чиглэлийн түгжрэл эрс буурч байна. Талбай зогсоол, үйлчилгээний орчин нөхцөл хэд дахин сайжирсан. Цаашдаа үүнээс ч илүү сайжруулах ёстой.

Иргэдийн, нийтийн эрх ашгийг НЭГДҮГЭЭРТ тавьсанаараа харин хөлсний хэдэн нөхдөд элдэв нэгээрээ хэлүүлж хараалгаж байх шиг. Тэгж мөнгө төлж боргуулаад байгаа нөхөр нь Сонгинохайрханы МАН-д данстай Баярт гэгч этгээд. Эхлээд нэг нам гэдгээрээ дулдуйдаж Драгоноос нүүх ажилд тээг болох гэж оролдсон. Тэр нь бүтэхгүй болохоор гишүүд, сайд нараар хэлүүлж яриулж бас үзнэ лээ. Ингээд ингээд НЭГДҮГЭЭРТ НИЙТИЙН ЭРХ АШИГ гэсэн байр сууринаасаа огт ухрахгүй болохыг минь мэдээд үхэхдээ үхэр буугаа гэгчээр сошиал сайтаар гөвж, гүтгэж үзэж байгаа бололтой зайлуул. Тэглээ гээд би хөлсний хэдэн нохдоос чинь бэргэхгүй.