НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫН ТӨВ ЗАМ ДАГУУХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖИЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
2023.09.08

НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫН ТӨВ ЗАМ ДАГУУХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖИЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

Нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайг бүрэн тохижуулах ажлын зураг төсөл бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил маргааш эхлэхээр боллоо. Өнөөдөр бүтээн байгуулалт хийх гурван компанийн удирдлагуудтай уулзаж, хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон хүндрэлтэй байгаа асуудлаар ярилцлаа.

Энхтайваны өргөн чөлөөнд зөвшөөрөлгүй байсан 89 ТҮЦ-ийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлснөөр ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдэж байна.

Мөн цаашид зураг төслийн хүрээнд ажлаа явуулах боломжийг хангаж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албад үүрэг өгсөн. Тохижилтын ажил эхлүүлэхэд саад болж буй зөвшөөрөлгүй бусад обьектуудын газар чөлөөлөх ажлыг өнөөдрөөс яаралтай эхлүүлэх, ажлыг саадгүй явуулахад дүүргийн зүгээс дэмжин туслан ажиллах болно.

Тиймээс тохижилт хийх гурван байгууллага маань цаг алдалгүй энэ хоёр сарын хугацаанд стандартад нийцсэн, жишиг гудамжны бүтээн байгуулалтыг зураг төслийн дагуу хийж өгөхийг компаниудын удирдлагуудаас хүслээ.

Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороонуудыг дамнасан туслах авто зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.