Ц.Мөнхцэцэг: Сурч боловсрох хүсэлтэй хэн бүхэнд дэлхийгээр дүүрэн боломж бий
УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Герман улсад тэтгэлэгтэй суралцах боломж, туршлага” сэдвээр Германд төгсөгчидтэй хамтран МУБИС дээр оюутан, залуустай уулзалт хийлээ.
Тэрээр ХБНГУ-ын Билефельд, Кобленц Ландау их сургуулиудад Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Соросын сангийн тэтгэлгээр улс төр судлалын докторантурт суралцсан билээ.
Уулзалтыг ХБНГУ-ын Хумбольдтын их сургуулийн докторант, улс төр судлаач С.Амармэнд, ХБНГУ-ын Фридрих Александрын их сургуулийн төгсөгч, эдийн засагч, боловсролын зөвлөх С.Болор, ХБНГУ-ын бүжгийн спортын шигшээ багийн тамирчин, Любекийн Их Сургуулийн сэтгэл судлалын оюутан Н.Онондарь, МУБИС-ийн улс төр судлалын багш Т.Туяачимэг нар хамтран зохион байгууллаа.
Уулзалтад ЕБС-ийн төгсөх ангийн сурагч, оюутан, эцэг эхийн төлөөлөл, Германд тэтгэлгээр мэргэжлээ ахиулан суралцах хүсэлтэй залуус оролцож, сонирхсон асуултаа асууж, ярилцлаа.
Өнөөдөр уулзалтад ирсэн оюутан, залуус Германы их дээд сургуулиудад нь хэрхэн тэтгэлгээр суралцах, мөн Ausbildung буюу Мэргэжлийн боловсролын хосмог сургалтад суралцах, сурахын хажуугаар ажил хөдөлмөр эрхлэх боломж бий эсэх, тэтгэлэггүй ч хэрхэн яаж амжилттай суралцах зэрэг олон сэдвээр илтгэл сонсож, мэдээлэл солилцсон.
Боловсролоор дамжуулан нийгмийн сайн сайхныг бий болгож, ил тод, хүлээцтэй, шударга, үл ялгараварлаж, тэгш хамруулсан нийгмийг цогцлоох, хадгалах боломж бий болдог тул Германы боловсролын хөгжлөөс суралцах зүйл бидэнд их бий. Монголын залуус дэлхийгээр дүүрэн боломжоос хүртэж, мэргэжил, мэдлэг өндөртэй боловсон хүчин болж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах учиртай.