Хэнтий аймгийн МАН-ын хороо түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэлээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.
2014.09.15

Хэнтий аймгийн МАН-ын хороо түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт улс төрийн ууган хүчин МАН-ын хороо байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо. Монгол Улсын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МАН-ын хороо  Хэнтий аймагт эдүгээс 90 жилийн өмнө үндэс сууриа тавьж, үйл ажиллагаагаа ийн эхлүүлж байжээ.   

Хэнтий аймгийн МАН-ын хороо байгуулагдсан энэхүү баярт үйл явдалд Хэнтий нутгийн үе үеийн намын гишүүд, дэмжигчид ирсэн бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.  

Баярын үйл ажиллагаа Ардын хувьсгалын партизан, жанжин Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэв.  Энэ үеэр зочид төлөөлөгчид намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, болон нутгийн хүү Б.Бат-Эрдэнэ нартай дурсгалын зураг татуулсан юм.  Ингээд баярын арга хэмжээ Хэнтий аймгийн МАН-ын хороо байгуудлагдсаны түүхт 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанаар үргэлжлэв. 

Хүндэтгэлийн хуралдааны салхийг хагалж Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба үг хэллээ.  Тэрбээр намын гишүүд, дэмжигчдээ хандан баяр хүргэж, Хэнтий нутгийн хөгжил дэвшлийн бүхий л түүх МАН-тай салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат баяраа тэмдэглэж буй нийт намын гишүүд дэмжигчдэд хандан   “Хэнтий аймгийн МАН-ын хороо  боловсрол, соёл шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, уламжлалт мал аж, ахуй, газар тариалангаа орчин цагийн үйлдвэрлэл үйлчилгээтэй хослуулан хөгжүүлж ирснийг бид мэднэ.  МАН бол 3 үнэт зүйлтэй. 

Ахмад, дунд, залуу 3 үеийн алтан хэлхээн дээр явдаг.  МАН-ын тулах хүчин бол ахмадууд юм. Зүтгэх хүч нь залуучууд, эвлүүлэх хүч нь эмэгтэйчүүд билээ. Ахмад үеийнхээ хөдөлмөрч, сайн сайхан уламжлал бүхнийг манай залуучууд маань ажил үйлстээ тусган харж, ирээдүйтэй хөл нийлүүлэн алхах учиртай.

Бид дарга, цэрэггүй бүгдээрээ нэг хүч болж, атгасан гар шиг эвтэй, ассан гал шиг өөдөө, эв хүчээ нэгтгэж байж урагшлах цаг болсон. Нэгэн цагт Их Эзэн Чингис хаан дэлхийн талыг морин дэл дээр нэгтгэж байсан бол өнөөдөр Монгол түмний сэтгэл зүрхийг татах тийм хүчтэй мэдлэг, мэдээллийн оюуны их хурд хэнтийчүүдээс гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Хүндэтгэлийн хуралдааны үеэр намын гишүүд дэмжигчид болоод хийж бүтээсэн ажлаараа бусдыгаа тэргүүлж буй хүмүүсээ шагнасан. Тухайлбал, Салбарын тэргүүний ажилтан, Эх орны төлөө цол тэмдэг, Намын дээд шагнал болох Тусгаар тогтнолын одон зэргээр 30 гаруй хүмүүсийг урамшуулсан.

Хэнтий аймгийн намын хороо түүхт 90 жилийн ойн баяраа хоёр өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлэв.  Наадмын хоёр дахь өдөр намын 90 жилийн ойд зориулсан Соёолон насны морьдын уралдаан болсон.  Үүнд нийт 40 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Баянхутагт сумын Д.Баатарболдын хонгор соёолон түрүүлж наадамчин олноо баярлууллаа. 

Түрүүлж айрагдсан морьдын шагналыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн намын хорооны дарга Н.Ганбямба нар гардуулан өгсөн.  Мөн намын хорооны 90 жилийн ойд зориулж 32 хүчит бөх зодоглов.   Аймаг, сумын цолтой бөхчүүд уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын бөх Монгол Улсын харцага Э.Оюунбаатар түрүүлэв.

Аймаг, сумын цолтой бөхчүүд уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын бөх Монгол Улсын харцага Э.Оюунбаатар түрүүлэв.

Харин Хөвсгөл аймгийн арслан Н.Даваадаш Монгол Улсын харцага Э.Оюунбаатарт өвдөг шороодсноор үзүүрллээ. Ийнхүү Хэнтий аймгийн МАН-ын хороо түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Тэдний хувьд өнгөрсөн 90 жил алдаа оноо, амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байжээ. Өнгөрсөн хугацаанд  аймгийн намын хороо шат шатны сонгуульд амжилттай оролцож ирсэн байна.  Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тэдний амжилтаас дурьдвал. 

-2009 онд Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг намын байгууллага.  

-2010 онд Санхүүгийн шилдэг менежменттэй намын байгууллага

-2011 онд Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг намын байгууллага шагналыг дахин авсан.  

-2012 онд Тэргүүний намын байгууллага

-2013 онд Улсын шилдэг намын байгууллагаар тус тус шалгарч томоохон амжилтаар 90 жилийн ойгоо угтсан байна.  

Түүхийн хуудсыг сөхөхөд тэртээ 1924 оны зургадугаар сарын 5-нд Хэнтий аймгийн намын хороо байгуулагдаж байжээ.  Хэнтий аймгийн намын хороо байгуулагдахдаа  Дорнод, Сүхбаатар аймгийг бүхэлд нь Дорноговь, Дундговь, Төв амйгийн нэлээд хэдэн сумдыг хамран үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. 

Энэ нь намын анхан шатны байгууллагууд үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.  Өнөөдөр аймгийн хороо 7000 гаруй гишүүнтэй бөгөөд 19 хороо 96 үүртэй.  Намын дэргэд гурван ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Хэнтий аймгийн намын гишүүдийн 12.5 хувь нь улстөрийн албан тушаалд, 46.5 нь аж ахуйн нэгж байгууллагад, 24.3 нь тэтгэвэрт, 28.2 хувийг тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс бөгөөд нийт гишүүдийн 32.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа аж.  Энэ нь нам залуучуудаар эгнээгээ тэлж өөрчлөн шинэчлэгдэж байгаагийн томоохон жишээ хэмээн намын гишүүд дэмжигчид онцолж байлаа.