Сонгуулийн дүнгээр МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг тойрогт тус тус ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд нилээд олон нэр дэвшигч улиран сонгогдсон байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан долоо дахь удаа дахин сонгогдлоо. Тэрээр 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож байна. Д.Лүндээжанцан энэ удаагийн сонгуульд БГД-ийн 70-р тойрогт АН-ын дарга, "хатуу самар" З.Энхболдтой өрсөлдсөн ялалт байгууллаа.
Ц.Нямдорж долоо дахь удаагаа УИХ-ын гишүүний суудалд суухаар боллоо. Тэрээр өмнөх жилүүдэд Увс аймгаас парламентад сонгогдож байсан бол энэ удаад тойргоо сольж Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт өрсөлдөн Г.Байгальмаа /АН/, Б.Одсүрэн /БДНД/ нарыг ардаа орхилоо.
Н.Энхболд УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Н.Энхболд Төв аймгийн 30-р тойрогт АН-ын Д.Доржпүрэв, МАХН-ын О.Буяннэмэх нартай өрсөлдөн ялалт байгууллаа.
Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Тэрээр өмнө нь Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн бол энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөн ялалт байгууллаа. Ө.Энхтүвшин Чингэлтэй, Налайх дүүргийн 65-р тойрогт Б.Мөнхтуяа /АН/, Д.Эрдэнэбат /МАХН/ нартай өрсөлдөв.
Сангийн сайд асан Ч.Улаан дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдов. Тэрээр энэ удаад Сүхбаатар аймгийн 24-р тойрогт АН-ын Ж.Батсуурьтай өрсөлдөн ялалт байгууллаа.
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд дөрөв дэх удаа УИХ-д сонгогдож байна.
Тэрээр энэ удаагийн сонгуульд Төв аймгийн 28-р тойрогт Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Энхбайгальтай өрсөлдөн ялалт байгууллаа.
Сүхбаатар, Багануур дүүрэг 60-р тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Батболд ялалт байгуулснаар УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Түүний хувьд тойрогтоо УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй өрсөлдсөн юм.
Даяар дурсагдах дархан аварга маань УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд өөрийн төрсөн нутаг Хэнтийн аймгийн 40-р тойрогт нэр дэвшсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон цөөн гишүүдийн нэг. Тэрээр дөрөв дэх удаа УИХ-д сонгогдож байна.
Л.Болд Хан-Уул, Багахангай дүүргийн 57-р тойрогт МАН-ын С.Оюунбилэгтэй өрсөлдсөн.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт гурав дахь удаа сонгогдлоо.
Тэрээр энэ удаагийн сонгуульд Ховд аймгийн 35-р тойрогт АН-ын Д.Батцогттой өрсөлдсөн юм. Ховд аймгийн иргэдээ төлөөлж буй хоёр гишүүн базууд юм.
Ч.Хүрэлбаатар УИХ-д гурав дахиа сонгогдож байна. Ч.Хүрэлбаатар төрөлх нутаг Увс аймгийн 33 тойрогт АН-ын Отгонбаяр, МАХН-ын Н.Уламбаяр нартай өрсөлдөн ялалт байгууллаа.