Орчны эрсдэлийг бууруулах талаар хүүхдүүд үзэл бодлоо илэрхийллээ
БСШУСЯ, JCI impact салбар байгууллага, Нийслэлийн боловсролын газраас хамтран зохион байгуулсан “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалт өнөөдөр Багшийн хөгжлийн ордноо зохион байгуулагдаж байна.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ” эсээ бичлэгийн уралдааны гол зорилго нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчинд бүрдүүлэхэд сурагчдын дуу хоолойг сонсч, тэдний оролцоотойгоор аюул эрсдэлийг урьдчилан харж сэргийлэх, бусдад найдах биш өөрчлөлтөд хэрэгтэй зүйлсийг анзаарах сэтгэлгээг суулгах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох юм.
Уралдаанд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчид оролцож, 49 сургуулийн 250 гаруй сурагчид бүтээл илгээсэн байна. Эхний шатны шалгаруулалтаар 18 эсээ шалгарч, шалгарсан сурагчид эсээний утга санаагаа илтгэл тавих хэлбэрээр илэрхийлж өрсөлдөх юм.
Илтгэлийн шатны уралдааныг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, Та бүхний бичсэн эсээг уншихад сэтгэл хөдөлгөсөн мөн эмзэглүүлсэн, бидний ажлын зүг чигийг заасан, ажил хэрэг болгохуйц олон санаа туссан байна. Бид хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, эсээнд тусгасан санаа бүрийг ажил хэрэг болгохын төлөө явах болно. Өнөөдөр эсээ бичлэгийн уралдаанд бусдыгаа манлайлан оролцсон шигээ үргэлж үг үйлдэл бүрээрээ манлайлагч байхыг хүсье гээд оролцогчдод амжилт хүслээ.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Чанартай боловсрол, Ээлтэй хот, Иргэдийн оролцоо” уриатай, ЕБС-ийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах алсын хараатай “ULAANBAATAR DREAM SUMMIT” төслийг JCI Импакт салбар байгууллагаас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас 2019-2020 оны хичээлийн жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. БСШУСЯ-наас 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил" болгон зарлаад байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчны үнэлгээгээр нийт сургуулийн 13 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Орчны эрсдэлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоо, хүсэл, санаа бодол чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн уралдаан олон талын үр өгөөжтэй болохыг зохион байгуулагчид хэллээ.