С.Бямбацогт: АНУ-руу шууд нислэг хийхээр төлөвлөж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай яам улсын чанартай авто зам, төмөр зам, агаарын тээврийн харилцааг хариуцаж ажилладаг. 2023 онд ямар зорилт тавьсан бэ?
-Зам, тээврийн салбарын үйлчилгээ хүрдэггүй, хүртдэггүй хүн байхгүй. Агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр гээд ямар нэгэн байдлаар хүмүүс үйлчлүүлдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 гэсэн чухал бичиг баримт бий. Эдгээр бодлогын бичиг баримтад тусгасан том асуудлын нэг бол зам, тээвэр юм.
Жишээлбэл, хэрхэн олон чиглэлд нислэг үйлддэг болох, зам, тээврийн асуудлыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн бодлого зорилтыг тусгасан байдаг. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлсэн хариуцлага үр дүнг тооцох жил болгон таван зорилтыг тусгасан.
Мөн ил тод, нээлттэй, авлига хүнд суртлаас ангид байж, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг нэгдүгээрт тавьж ажиллах зорилго тавьсан.
-Зам, тээврийн салбарын чухал асуудлын нэг бол зам засвар арчлалт байдаг. Энэ тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Улсын хэмжээнд 7500 орчим км улсын чанартай авто зам байдаг. Энэ замуудыг барьж байгуулах болон засвар үйлчилгээг манай яам хариуцан ажилладаг. Тиймээс замаа чанартай барьж, цаг тухайд нь засвар арчлалтыг сайн хийх зорилт тавьсан. Мөн хэд хэдэн газар бүтээн байгуулалт, зам засвар үйлчилгээг хийхээр төлөвлөсөн. Жишээлбэл, Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ замын ажлыг дуусгана. Мөн Дорнодын Хавиргын боомт, Урьханы боомт руу зам барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Монгол Улсын хөгжлийн нэг судас бол төмөр зам. Төмөр замаар 2021 онд 31 сая тонн ачаа орж ирсэн ч энэ тоо цар тахлын үед буурсан. Тэгвэл энэ жил төмөр замаар орж ирэх ачааг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?
-Төмөр зам тээврийн салбарт чухал үүрэгтэй. Тиймээс энэ жил 35 сая тонн ачаа тээвэрлэх зорилго тавьж байгаа. Сайдаар томилогдох үед төмөр замд хамгийн тулгамдсан асуудал нь чингэлгийн гацаа байсан. Үүнийг нь хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй болсон. Одоо чингэлгийн гацааны асуудал гайгүй болсон гэж хэлж болно.
Мөн Замын-Үүд-Эрээний чиглэлд хооронд 15 галт тэрэг явуулах гэрээ хийсэн. Монгол Улсын хувьд импортоор орж ирж байгаа нийт ачааны 60 орчим хувь нь Замын-Үүдээр орж ирдэг.
Мөн Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөнө. Холболтын төмөр замууд, шинээр дөрвөн чиглэлийн нийт 1399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар ажиллаж байна. Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 4267 км төмөр замын төслийг эхлүүлнэ. Улаанбаатар төмөр зам жилд нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, 30 орчим сая тонн ачаа тээвэрлэдэг. Галт тэрэг бол тээврийн үнэ хамгийн бага салбар. Улаанбаатар-Дархан хүртэл 6000 төгрөг байсныг 9000 болгосон. Үйлчилгээг чанаржуулах шаардлагыг УБТЗ-аас тавьж байгаа. Харин энэ чиглэлд автобусаар явахад 30 мянган төгрөг. Тиймээс энэ жил алдагдалгүй ажиллах зорилго тавьсан.
-Агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Шинэ чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юу?
-Өмнө нь Монгол Улсад үндэсний агаарын тээврийн МИАТ компани үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнээс хойш дөрвөн компани байгуулагдаж агаарын тээврийн салбарт ахиц гарч байгаа. Жишээлбэл, өнгөрсөн жил 40 гаруй чиглэлд нислэг үйлддэг байсан бол 100 болж нэмэгдсэн. Турк руу зургаан удаа нислэг үйлддэг байсныг 34 болгосон.
Мөн зургадугаар сард АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээр байгуулж ойрын хугацаанд шууд нислэгтэй болох зорилго тавьж байна. Хамгийн сүүлд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.
Энэ ондоо нэмж Австрали, Кувейт, Грек гэсэн 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Агаарын хөлгийн парк шинэчлэлийг үргэлжлүүлж шинээр том оврын зургаан онгоц оруулж ирэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд ирэх тавдугаар сард МИАТ компани өргөн биетэй онгоц оруулж ирэхэд бэлэн болоод байгаа.
-Дотоодын нислэгт хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Иргэний агаарын тээврээс татаас авдаггүй. Энэ жилээс татаас авахаар болсон. Учир нь дотоодын нислэг унасан. Өмнө нь 11 чиглэлд нислэг үйлддэг байсан бол хоёр чиглэл болж буурсан. Учир нь тасалбар үнэтэй. Тиймээс орон нутгийн нислэгийг сэргээж есөн чиглэлд тогтмол нислэгтэй болно.
Дотоодын нислэгийн үнийг 40 хувиар хямдруулна. Мөн авто тээврийн салбарт аль болох жолооч, тээвэрчдийг дэмжих бодлого барьж байгаа. Цар тахлын үед тээвэр үнэтэй байсан.
Ил тод, нээлттэй, хүн бүрт тээврийн бололцоо олгох өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд тээврийн зардал 20 дахин буурсан. Мөн олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлээд байна.
-2023 онд 94 төрийн үйлчилгээг цахим болгох зорилго тавьсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Манай салбар төрийн үйлчилгээг түгжрэлгүй цахим, түргэн шуурхай болгох зарчим барин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 2023 онд 94 төрийн үйлчилгээг цахим болгох зорилго тавьсан. Салбарын нэгдсэн флатформтой болж төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох ажиллагааг цахимжуулна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулах ажил хийж байна. Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж, хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилго тавин ажиллаж байгаа.
П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин