УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 16-ны дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. УИХ уг дүгнэлтийг хүлээн авч, улмаар өнгөрсөн сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан.
Үүнд, хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;", хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг өнгөрсөн сарын 30-наас дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Мөн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” зэрэг хэд хэдэн заалт зөрчсөн хэмээн үзэж энэ сарын 6-нд хориг тавьсан юм.
Уг хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь хүлээн авахаас татгалзав.