Н.Энхболд: Орон нутгийн сонгуулийн хуулийг дахиж ярих байх
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.03.14

Н.Энхболд: Орон нутгийн сонгуулийн хуулийг дахиж ярих байх

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ ээлжит бус чуулганаас ямар үр дүн гарав?

-Ээлжит бус чуулган энэ сарын 5-9-ний хооронд хуралдаж өндөрлөлөө. Нийтдээ 16 хуулийг баталсан ба үүний гурав нь бие даасан хууль байлаа. Мөн эдгээр хуулиудийг хэрэгжүүлэхтэй холбоотой арван хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Нийт тэтгэврийн насны иргэдийн 75 хувь буюу 160 гаруй мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, шүүхийн шинэчлэлийн багц хуулийг баталж, шүүхийн болон шүүгч, хуульчдын хараат бус, ил тод ажиллах нөхцлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Үүгээр зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар уг хууль УИХ-ын сонгуулийн өмнөөс буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжихээр боллоо. Мөн онцолбол, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар шүүгчдийн хараат бус байдлыг хангах, шүүх нөлөөлөлд автахгүй байх тухай заалтуудыг, түүнчлэн бүх шатны шүүгчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам, хараат бус байдлыг баталгаажуулсан. Ингэснээр шүүгчид улс төрийн нөлөөлөлд өртөхгүй байхаар болж байгаа. Хэлэлцэх асуудлаас амжаагүй нь гэвэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт байлаа.

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах хуулийн заалтыг өөрчилж чадах нь уу?

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар хоёр сонгууль хамт явахаар байгаа. Гэхдээ яг үг үсгийг нь хөөгөөд ирэхээр төвөгтэй зүйлүүд бий. Бидний баталсан УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болно гээд заасан байгаа. Гэтэл одоо мөрдөж байгаа Орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийн заалтаар ням гариг гэж заасан.

Үүнээс эхлээд заавал эргэж ярих асуудал гарна.

Түүнээс гадна 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш нөхцөл байдал нэлээн өөрчлөгдсөн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд зохион байгуулалтын хувьд ч, тавьж байгаа шаардлагын хувьд ч шинэ зохицуулалт их орсон. Энэ дотроос ямар ч маргаангүй Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмээ аваад хийчих олон заалт бий. Энэ дээр бид санал нэг байгаа. Мөнгө хөрөнгөнөөс хол байлгах, зохион байгуулалтыг нь нарийн боловсронгуй болгох, машинаар тоолох, үр дүнг маргаангүй хүлээж авах гэх мэт зохион байгуулахтай холбогдсон заалтууд бий. Орон нутгийн сонгуулийн тухай хоёр хуулийн төслийг хоёр талаас өргөн бариад байна. Тэр төслүүдээс аль алинаас нь авах боломжтой олон заалт бий. Үүн дээр бол санал нэгдсэн. Ганц асуудал нь сонгууль явуулах хугацаа. Давхардуулаад нэг өдөр явуулна гэхээр их олон төвөгтэй зүйлүүд гарна. Эцсийн дүнд сонгуулийн дүн гарах ажил хүндрэх, будлиантах, олон газар маргаантай байдал үүсвэл яах вэ гэдгээс эхлээд бодмоор зүйл их бий. Сая зөвшилцөх явцад аль аль талаасаа энэ хүндрэлүүдийг ойлгож ирсэн. Эцсийн дүнд хойш тавьчихаад байна. Ямар ч байсан дахиж авч хэлэлцэх шаардлагатай байх.

-Энэ асуудлаар намуудаас байгуулагдсан ажлын хэсгүүд ямар саналыг хэлэлцсэн юм бэ?

-Хугацааны хувьд Орон нутгийн сонгууль намар хийхээр болох юм бол энэ хооронд хийж амжуулах зүйлүүд бий гэдгийг сая зөвшилцлийн үед ярьсан. Энэ нь зөвхөн хоёр сонгуулийг тусад нь хийх үү, хамтад нь хийх үү гэдэг асуудал биш юм. Ер нь орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохоор олон жил ярьж байгаа. Сүүлийн үед УИХ-ын нэлээн олон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн зарим зүйл заалтуудыг нэг мөр шийдье. гэхээр Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлтийг нэг мөсөн шийдчихье гэсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлсан журмаар явуулдаг. Тэр нь хуулиар батлагдсан, тийм ч амар процедуртай биш. Ингэхээр энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулъя. Ингээд намар тэр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө ч тэр, бусад хуульд оруулах өөрчлөлтөө ч оруулж байгаад Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгож аваад тэрэндээ тохирсон сонгуулиа явуулбал яасан юм бэ” гэсэн саналыг МАН-ын бүлгээс гаргасан. Ардчилсан намын бүлэг байж болох санал байна гэж үзэж нэлээн ярилцсан байна билээ. Ийм байдлаар энэ асуудал хойшлоод байгаа. Үүнээс цаашихийг нь би яриад яах вэ. Уг нь ингэж шийдвэл зөвхөн хоёр сонгуулийг хамт явуулах асуудлыг биш, нэлээн хэдэн жил яригдаж байгаа зарим зүйлүүдийг боловсронгуй болгоод авах бололцоо бүрдэх юм.

-Энэ саналыг нөгөө тал хүлээж аваагүй. Одоогийнхоо хуулиар зэрэг явуулаад, хэрэгжилтийг нь Засгийн газар хариуц гэсэн шүү дээ?

-Манай намын бүлгийн саналыг ерөнхийд нь зөвшөөрлөө гэж ойлгож байгаа. Ардчилсан намын бүлгээс зөвхөн удирдлагын хүрээнд шийдэхэд бэрх байна. Орон нутгаас санал авах хэрэгтэй байна гэсэн. Бидний ойлгосноор орон нутаг дахь намын төлөөлөл удирдлагууд нь хоёр сонгуулийг хамт явуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм билээ. Чухам ямар учир шалтгааны улмаас хамт явуулах гэж байгааг нь бид мэдэхгүй.

-Хоёр сонгуулийг хамт явуулах дээр таны хувийн бодол?

-Миний хувийн бодол манай намынхтай адилхан байгаа шүү дээ. Ээлжит бус чуулганы хугацаанд хоёр намын бүлгээс тав таван хүний төлөөлөгчтэй бүрэлдэхүүн байгуулж нэлээд нухацтай ярилцсан. Ардчилсан намын нөхдүүдэд ч хамтад нь сонгууль зохион байгуулахад нэлээд түвэгтэй байна гэдгийг ойлгож байгаа санагдсан. Тийм ч учраас манай намын бүлгийн зүгээс санал болгосон энэ асуудлыг хамт тусдаа гэдэг талаас нь биш, орон нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаас нь хэлэлцээд явья гэсэн зарчмын саналыг ерөнхийд нь зөвшөөрлөө гэж ойлгож байгаа. Энэ чинь улс төрийн сонгууль, улс төрийн ажил болохоор Ардчилсан намын бүлгийн зүгээс удирлагын түвшинд шийдвэрлэж чадахгүй нь гээд хоёр өдөр орон нутгийнхантайгаа дотроо ярилцсан байх. Ажлын хэсэг дээр зөвшилцөхдөө хамт явуулах нь нэлээн төвөгтэй гэдгийг нэлээн сайн ойлголцсон. Тиймээс би энэ асуудлыг нэгмөсөн хойшлууллаа гэж бодохгүй байна. Хаврын чуулганы эхэнд заавал ярих ёстой. Салгаж явуулсан нь зөв гээд байгаагийн шалтгаан нь зохион байгуулахтай холбоотой асуудлууд гарах юм билээ. Алхам тутамдаа тулгарахаар байгаа. Хэсгийн хороо байгуулахаас эхлээд, тоолох, дүн гарах, олон хүний нэрээр санал хураана гээд түвэгтэй зүйл бий. Онолын хувьд ярихад амархан байж болох юм. Гэхдээ газар дээр нь зохион байгуулахад бас өөр. СЕХ-ныхон бэрхшээл их байгаа ч хууль биелүүлэхийн төлөө ажиллаж байна гэдгээ хэлж байгаа. Наашаа харж инээгээд цаашаа харж уйлаад сууж байх шиг байна.

-2008 онд Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхдөө энэ мэт шинэчлэлээ хийж болоогүй юм уу?

 -2008 оны хуулийн өөрчлөлт гэхээр нэг хоёр л заалт байгаа юм. Тэр нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах л тухай. Тэр хууль тэр чигтээ үлдчихсэн байхад УИХ-ын сонгуулийн хуульд дэвшилттэй олон зүйл нэмэгдсэн. Үүнээс Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах дэвшилттэй зүйл олон байгаа. Асуудлаа ярихгүй бол ядаж тэдгээр дэвшилтэд санаанууд орж чадахгүй үлдэх гээд байна. Хугацаагаа өөрчилж чадахгүй юмаа гэхэд бид бүхэн тэр санаануудыг оруулахын төлөө ажиллана. Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх өөр нэг шаардлага ч байна. Тодруулбал, Сая гарсан хуулиар гэхэд орон нутгийн сонгуульд оролцъё гэж бодож байгаа хүн ч гэсэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил төрлөө зохицуулсан байх ёстой. Гэтэл сонгуульд оролцъё гэсэн олон хүн хууль яах бол гэж хүлээсээр байгаад хоцорсон. Намаас нь ч дэвшүүлье, өөрөө ч дэвшье гэж байсан нэлээд олон хүн сонгуульд оролцох боломж нь хаагдах гээд байгаа юм.

 

-Цахим үнэмлэх тараах ажил сонгуулиас өмнө тарааж амжихгүй байх гэж ярьцгааж байна. Үүнтэй санал нийлэх үү?

 -Хэн тэгж ярьж байна.

-Танай намынхнаас эхлээд “Ер нь гарч болох эрсдэл байна. Шууд амжина гэх баталгаагүй” гэх хүн байна шүү дээ…

-Саяхан бид байнгын хороон дээр, манай намын бүлэг дээр цахим үнэмлэхний хэвлэлтний талаар мэдээлэл сонссон шүү дээ. Удаашралтай, төвөгтэй зүйлүүд байгаа л юм билээ. Гэхдээ хуулиар үүрэг өгсөн болохоор хугацаанд нь амжуулна л гэх хариулт өгч байгаа. Амжихгүй гэж яриад байвал амжихгүй тал руугаа л орно, бүтээнэ хичээнэ гэвэл болох л байх. Бидэнд өгсөн мэдээллээр хуулийн хугацаандаа амжуулна л гэсэн. Бэрхшээлтэй зүйлүүд байгаа нь өнөөдрийн ажил хийж байгаа хүмүүсийн ч асуудал биш. Олон сар жилээр яригдаж үргэлжилж буй зүйл шүү дээ.

-2008 оны парламентын гишүүдийн олонхи, парламентад суудалтай бүх намууд Орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан болоод одоо энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тухайн үед ингэж шийдвэрлэх болсон зорилго нь өнөөдрийн хувьд үгүйсгэгдчихсэн хэрэг үү?

-Тухайн үед зардал мөнгийг нь хэмнэх, дөрвөн жилд сонгууль явах давтамжийг багасгах зорилготойгоор л энэ хуулийг гаргаж байсан. Гэвч энэ цагаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Сая батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нөхцөл байдлыг нэлээдгүй өөрчилчихлөө. Зохион байгуулах арга хэлбэр, санал тоолох процесс гээд энэ хуультай Орон нутгийн сонгуулийн хуулийг уялдуулахгүй бол болохооргүй болсон. Энэ тухай өөрчлөлтүүд явж явж өнгөрсөн оны сүүлээр л шийдэгдсэн шүү дээ. Ингэж уялдуулахгүй сонгуулийг зохион байгуулах, дүн гаргахад хүндрэл тулж магадгүй гэж үзээд байна.

-Уялдуулах гээд байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж хэд хэдэн хүн өргөдөл гаргаад байгаа. Энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд баталсан хуулиа хамгаалж үг хэлэх нь тодорхой л байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэц “Сонгуулийн хуулиар зарим хүнд нэг боломж олгож байхад зарим хүнд нь хоёр боломж олгож байгаа” тухай үндэслэлийг нь Үндсэн хууль зөрчсөн байж болох юм хэмээн маргаан үүсгэхээр болсон. Яг энэ үндэслэлд тайлбар хийгээч?

-Ганц миний байр суурь ч биш. Ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-аас ийм байж болно гээд л баталсан. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан гарсан бол ингэж үзэж баталсан УИХ-аас тодорхой төлөөлөгчид очиж тайлбар өгөх байх. Тэр жагсаалттай холбоотой, нэр дэвшигч шилждэг тухай заалтын талаар батлаад өнгөрсөн хойно нь тийм ийм гэж ярих нь дэмий л байх. Гэхдээ чамайг асуусан болохоор хариулья. Манай бүлгийн гишүүдийн дийлэнх гишүүд тойрог нь тойргоосоо, жагсаалт нь жагсаалтаасаа гардаг байвал зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ардчилсан намын бүлгээс тойрогтоо өндөр оноо авсан хүмүүс тодорхой хэмжээгээр сонгогдох эрхтэй байж болох ёстой гэж үзэж байсан. Ингээд л хоёр намын бүлгийнхэн хоорондоо ярилцаж байгаад л шийдсэн. Гэвч эцсийн шийдийг Үндсэн хуулийн Цэц л гаргана шүү дээ.

-Мөн намын төлөө санал өгөх тухай заалт орсноороо Үндсэн хуулийн шууд сонгох эрхийг зөрчсөн ч гэж ҮХЦ-д хандсан байсан?

-Би шууд сонгоно гэдгийг санал эгч байгаа хүн өөрийн биеэр санал өгөхийг шууд гэж ойлгож хуулиа гаргасан. Энэ талаар олон жилийн маргаан явж байгаа юм билээ. Бид материал судалсан. Үндсэн хуулийг баталж байх үеийн протоколыг хүртэл авч үзсэн. Тухайн үед “шууд” гэдгийг яг ингэж ойлгоно гэж заалгүйгээр бичсэн байна лээ. Тийм болохоор ажлын хэсгээс сонгогч өөрийн биеэр ирж саналаа өгөхийг шууд гэж ойлгон хуулиа бэлтгэсэн.

-Энэ удаагийн сонгуулийн хуулийг батлахад ямар зарчим баримталж ажилласан юм бэ, парламентад суудалгүй улс төрийн бусад нам хүчин өөрсөддөө ашигтай хууль гаргалаа гэж шүүмжилж байна?

-Хоёр зүйлийг анхаарч ажилласан. Үүний эхнийх нь сонгуульд оролцож байгаа сонгогчдын өгсөн санал УИХ-д тусгалаа олж байх ёстой гэдэг зүйл юм. Бид 50 хувийн санал авсан нам 90 орчим хувийн суудалтай байдаг хэмээн жишээ болгон ярьдаг. Тэгвэл энэ нь өнөөдрийн улс төрийн хамгийн том суурь гажуудал гэж ойлгож ажилласан. Үүнийг өөрчлөхийн төлөө ядаж пропорционалийн элемент оруулъя гэдэг гол зарчмыг баримталсан. Дараагийн нэг зүйл бол сонгуулийн эцсийн үр дүн нь нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байх гэсэн зүйлийг үндэс болгосон.

Шүүмжилж байгаа хүмүүс байна.

Гэхдээ тэдгээр хүмүүс энэ хуулийн ийм заалтаас болоод ухралт болчихлоо гэж тодорхой хэлэхгүй атлаа ерөнхийдөө л шүүмжлэх үүднээс хандаж байна гэж хууль батлагдсанаас хойшхи өдрүүдэд ажиглагдаж байна. Нийгэмд янз бүрийн байр суурь, үзэл бодол байж таарна. Бүх хүмүүст 100 хувь нийцсэн хууль гэж байдаггүй. Өнөөдөр Үндсэн хуульд ч гэсэн зарим хүмүүсийн санаа бодолд нийцдэггүй зүйл заалт байж л байдаг шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.