Энхтүвшин.Ө 2011.07.06 | Сонин: МОНЦАМЭ

Ө.Энхтүвшин: Дахин тоо хөдөлгөх нь амаргүй

Ө.Энхтүвшин: Дахин тоо хөдөлгөх нь амаргүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр мөн мэдээлэл хийж,сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ МАН хэвээр байгааг хэлсэн юм.
Тэрбээр:

-АН-ын дарга Ч.Сайханбилэг бид хоёр та бүхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар болон сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар тохиролцсон гэдгээ мэдээлсэн. Тиймээс энэ долоо хоногоос УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, хурал хаяхгүй гэсэн. Өнөөдөр байдал өөр болж байгаа юм шиг байна. АН-ын бүлгийн хурал өчигдөр болсон. Тэд.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгаар ард нийтийн санал асуулга явуулж болох юм, гэхдээ үүнийг 2012 оны
зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай хамт явуулах боллоо. Сонгуулийн тогтолцоог шийдэхээр ард нийтийн санал асуулга явуулах нь том асуудал биш юм байна гэж байна. Үүнээсээ болоод өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй.   

Тиймээс ирц бүрдээгүй учраас байнгын хорооны хуралдаан болсонгүй. Энэ нь эргээд төвөгтэй тал руугаа явж байна. Аль аль тал нь буулт хийе гэсэн зүйлийг өчигдөр ярилаа. Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа юм. Ард нийтийн санал асуулгыг явуулна гэсэн хууль манайд байдаг. 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталсан хууль. Үүн дээр том асуудлаар явуулна, жижиг асуудлаар явуулахгүй гэсэн заалт байхгүй. Хуулийн дөрөвдүгээр зүйл дээр "Санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлоход холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна" гэж заасан байгаа. Тийм учраас УИХ-ын сонгууль  ямар аргаар явуулах вэ гэдэг бол төрийн том бодлогын асуудал гэж үзэж байна. Ер нь УИХ-д хэн суух, сонгуулийг яаж явуулах, ямар зарчимтай байх вэ гэдэг нь ард түмний анхаарлын төвд байх ёстой асуудал гэж үзэж байна. Ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг хуулийг амьдралд хэрэглэе л дээ. 1995 оноос хойш нэг ч удаа хэрэглэсэнгүй. Ер нь ард түмнээсээ асууж байя. УИХ шаардлага гарсан тохиолдолд үүнийг зохион байгуулах ёстой. Ард түмнээсээ асуугаад зохион байгуулсан байх нь 2012 оны сонгуульд ч хэрэгтэй юм. Ард түмний шийдээд өгсөн аргаар нь сонгуулийн санал хураалтыг явуулбал төрийн ажиллагаа ч дээшилнэ гэж бодож байгаа юм. МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ байна. Өнөөдөр Засгийн газраас санал авахаар бид явуулах гэж байна.

Чуулганы болон байнгын хорооны ажилд оролцооч ээ гэж АН-ын бүлгээсээ хүсэж байгаа. Долдугаар сарын 10-наас хойш хуралдах бололцоогүй. Хуулиараа тийм юм. Долдугаар сарын нэгний дотор завсарлана, шаардлага гарвал 14 хоногийн дотор нэг удаа хуралдаж болно гэсэн хуулийн заалттай. Хуулиар шийдэх ёстой хэд хэдэн асуудал байгаа. Түүнийгээ өнөөдөр шийдэж чадахгүй байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал, Төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд хэлэлцэх асуудал олон байна.  52:24,38:38 гэсэн янз бүрийн тоо явж байна. Бид бүлгийн хуралдаанаар 52:24 гэсэн байр суурин байна гэдгээ бид илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхыг нь мажориатори системээр буюу хүнээр нь сонголт хийлгэх, 24-ийг нь намаар сонгоё гэдэг байр суурин дээр байна. Ард түмэн шууд сонгодог нь олон байг гэдэг байр суурь дээр байгаа. Тиймээс дахин тоо ярьж хөдөлгөн гэдэг амаргүй. Ард нийтийн санал асуулга явуулна гэлээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-АН-ын 38:38 гэсэн саналыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-38:38 гэсэн харьцаатай саналыг өчигдөр ч тавьсан юм биш. Нэлээн эрт тавьсан. Үүнийг бид бүлэг дээр яриад боломжгүй юм гэдэг дээр байр сууриа хэлсэн. Үүнийг ер нь ард түмэн л хагалж егөхгүй бол энэ хоёр намын бүлэг тохиролцоно гэдэг амаргүй л харагдаж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулахад бэлтгэл ажил хангагдаагүй, хугацааны хувьд ч бололцоогүй юм биш үү?

-АН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь түвэгтэй байна гэж хэлж байгаа. Энэ бол үнэн. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хууль саяхан батлагдсан. Энэ журмаар нэлээн хугацаа шаардахаар байгаа.Тийм учраас ирэх онд явуулъя гэж байгаа юм билээ. Харин сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор бэлтгэл хангаад байх шаардлагагүй. Хоёр асуулт тавиад л явуулчихна. Та хүнийг нь харж сонгох сонголтыг хүсэж байна уу, эсвэл та намыг нь эхэлж сонгоод, дараа нь нам нь хүнээ сонгох сонголтыг зөвшөөрч байна уу гээд асуучихна. Зардал мөнгөний тухайд 10 тэрбум төгрөгт хүрнэ гэж яриад байна. Бид тооцоо хийж үзэхэд гурав орчим тэрбум төгрөгийн хэмжээнд санал асуулга явуулчихна. Энэ зардлыг нь төр хариуцна. Сурталчилгаа болон тойрог, хэсэг дээр ажиллах хүмүүсийн цалин урамшуулал байх биз. Өөр зардал гарахгүй болов уу.

-МАН сонгуулийн тогтолцоог шинэчлэхээр 2008 оны долдугаар сарын нэгнээс хойш ярьсан. Таван төгөлдөршилд  орсон байгаа. Пропорцианаль системийг сонгох талаар. Энэ байр сууринаасаа яагаад ухарсан бэ?

-Монгол хаяад гарна гэсэн яриа байна. Үүнийг Сонгуулийн хуулиар хааж байгаа шүү дээ. Үүн дээр хяналт тавиад, зохио байгуулалтаа сайжруулах хэрэгтэй Хэрвээ мөнгөөр гарсан байх юм бол түүнийг эргүүлээд татах ёстой шүү дээ. Ард иргэдийн санал бодлыг бид тандахад хүнээ сонгоно гэдэг дээр  давамгайлсан байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.