Энхтүвшин.Ө 2011.08.31 | Сонин: Зууны мэдээ

Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй

Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй

МАН-ын бүлгийн дарга,УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй Сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хууль гацаанд орсон байдалтайгаар хаврын чуулган эцэслэсэн. Энэ гацаанаас гарахад Ардын намынхан  гол нөлөөтэй гэдгийг  Ардчилсан намын гишүүд хэлж байна. Тэд "Манайх нүүдлээ хийсэн, одоо МАН-ын ээлж" гэж байгаа. Танай нам нүүдлээ хэзээ хийх вэ?

-Зөвхөн МАН-аас болоод Сонгуулийн хууль гацсан юм биш. Аль алиных нь байр суурь хатуу байгаа. Ардчилсан намынхан ч байр сууриа хатуу илэрхийлсэн.  Харин ч бид маш олон нүүдэл хийсэн. Сонгуулийн тогтолцоогоо холимог хэлбэрээр өөрчилъе гэж шийдвэрээ гаргасан. Цэвэр мажоритар байснаасаа хосолсон хэлбэр рүү шилжинэ гэдэг маш том улс төрийн шийдвэр. Хоёрдугаарт, холимог дотроо мажоритар давамгайлсан хэлбэрийг авъя гэсэн. Энэ бол олон нийтийн санал бодолтой бүрэн нийцэж байгаа хувилбар. Мон Сонгуулийн хуулийг нэн даруй батална гэдэг байр сууриа илэрхийлчихсэн. Сонгуулийн тухай хуулийн 95-96 хувийг их хурлаар хэлэлцүүлчихлээ. Ард нийтийн санал асуулгаар явуулж хагалуулъя гэсэн санал ч тавьсан. Үндсэндээ бид тав, зургаан алхам хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ бүх гацааг зөвхөн МАН-аас болсон гэж болохгүй.

-МАН мажоритар давамгайлсан  хувилбараасаа ухрахыг Ардчилсан намын гишүүд хүлээгээд байгаа юм биш үү?

-Хамгийн сүүлд болсон  бүлгийн хуралдаанаар 52+24 байна шүү гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Бүлгийн шийдвэрээ одоогоор өөрчлөөгүй.

-Ардчилсан намынхан бас байр суурь дээрээ хатуу зогсоно гэх юм. Тэгэхээр яах вэ?

-Аль ч нам нь хүч түрж, бодлогоо тулгаж болохгүй. Хоёр талаасаа л явах ёстой. Намрын  чуулган хүртэл хугацаа байна. Нийтэд нь биш юм гэхэд нэг, хоёроор нь бүлгийн гишүүдтэйгээ уулзаж байгаа. Мөн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгтэй ч уулзсан.

-Ардчилсан намын бүлгийн дарга юу ярьж байх юм?

-Долдугаар сарын эхээр гарын үсэн зурах үеэр хэлж байсан байр сууриа илэрхийлж байгаа. Сонгуулийн хуулиа нэн даруй гаргая  гэж байгаа.

-Мажоритар давамгайлсан хувилбар МАН-ынханд ашигтай учраас зүтгээд байгаа юм. Мөнгөөр тойргоо худалдан авах бүх тохироогоо бүрдүүлчихсэн болохоор ухрахаас зугтаад байгаа гэсэн ойлголт нийгэмд төрчихлөө. Ер нь яагаад танай намынхан мажоритар давамгайлсан хувилбар дээрээ хатуу зогсох гээд байгаа юм бэ?

-Нийгэмд тийм ойлголт төрсөн гэдэг юу л бол. Бид сонгогчдын дотор судалгаа их хийж байгаа. Тэднээс маш их санал ирж байна. Нэг үеэ бодоход сонгогчид ч мэдээлэл сайтай болсон байна. "Та бүхний хэлж байгаа мажоритар давамгайлсан хувилбар зөв шүү" гэдгийг сонгогчид хэлээд байгаа юм. Түүнээс биш жижиг тойрог дээр мөнгө хаяж гарахын тулд бид ингээд зүтгээд байгаа юм биш. Тэгээд ч одоогийн 95-96 хувь нь бэлэн болчихсон хуулийн төсөл дотор мөнгө цацах, тойрог худалдаж авах зэргийг маш сайн хааж өгсөн.

Ер нь ч тэгээд МАН-д ашигтай нь энэ хувилбар, Ардчилсан намд тустай нь тэр хууль гэж ярих нь утгагүй.

Сонгуулийн үр дүнгээс  гадна бусад олон хүчин зүйлээс хамаарна шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Сонгуулийн хуулиас дутуугүй хүчин зүйл мөн. Сайн хүн дэвшүүлж байна уу эсвэл нэр муутай хүн байна уу„ хэн удирдаж, ямар менежмент хийж байна вэ гэдгээс ч их шалтгаална. Мөнгө хаяад гарч ирнэ гэвэл пропорциональ хувилбар дээр ч бас боломжтой.

-Яаж?

-Намдаа их хандив өгсөн бэлтэй хүмүүс эхний ээлжид намын, нэрээр ороод ирж чадна шүү дээ.

-Ингэхэд заавал намын бүлгүүдийн шийдвэрийг харгалзахгүйгээр, УИХ-ын хувь гишүүдийн саналаар шийдэж болдоггүй юм уу. Энэ хэр боломжтой хувилбар вэ?

-Байж болох л хувилбар. Эцсийн дүндээ Улсын Их хурал буюу 76 гишүүн л шийдвэрээ гаргана. Заавал бүлгийн шийдвэрээр явах албаГүй. Хамгийн гол нь сонгогчдын санал бодлыг их сайн тусгасан байх ёстой, хүлээх хариуцлагаа ухамсарлах учиртай. Заавал бүлэг оролцоод, өөрийнхөө бодлогыг шахаж байж сонгуулийн хуулийг гаргана гэсэн зүйл байхгүй. Тэр битгий хэл ажлын хэсэг дээр" Ерөөсөө УИХ-ын 76 гишүүн нууцаар саналаа хураагаад, 52:24, 26:50 эсвэл 38:38, 44:32 байх уу гэдгээ шийдье" гэсэн яриа ч гарч байсан.

-Сонгуулийн хуулийг Ард түмний санал асуулгаар шийдье гэсэн саналыг гаргасан. Энэ асуудал юу болсон бэ?

-Тэр санал нээлттэй байж л байгаа. Засгийн газраас сая санал ирүүлсэн байна. Гол нь зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх саналаа тодорхой болго гэсэн байна лээ.

-Та гацаанаас гарах олон гарцын талаар ярилаа. Тэр бүгдээс аль нь хамгийн зөв бөгөөд оновчтой хувилбар гэж үзэж байна?

-Уг нь хамгийн боломжтой нь ард нийтийн санал асуулга. Их хурлын сонгуулийг ямар тогтолцоогоор яаж хийх вэ, түүний үр дүнг хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг ард түмнээр өөрсдөөр нь шийдүүлчихвэл хаа хаанаа төвөггүй юм. Тэгээд ч ард түмэн нэг ч гэсэн асуудлаа өөрсдөө шийдэж байх хэрэгтэй. Бүх зүйлийг Засгийн газар юм уу Их хурал, эсвэл Иргэдийн хурал шийдээд байх нь тийм ч зөв биш. Ард түмнээр шийдүүлчихвэл наад зах нь 2008 оны долдугаар сарын 1 давтагдахгүй. Сонгуулийн үр дүнг шууд баталгаажуулах, төр тогтвортой ажиллах том боломж бүрдэнэ гэж боддог.

-Ард түмнээс асууна гэхээр Сонгуулийн хуулийг хуулийн хугацаанд амжиж батлах болов уу?

-Болгоё гэвэл аргаа, болгохгүй гэвэл шалтгаа олно гэдэг биз дээ.

-Та түрүүн намын гишүүдтэйгээ уулзаж байгаа гэсэн. Танай намд ч пропорциональ давамгайлсан хувилбарыг дэмжиж байгаа гишүүд бий. Тэдний санал бодлыг юу гэж дүгнэж байгаа вэ. Хэрэв бүлгийн шийдвэрээр биш гишүүдийн саналаар шийднэ гэвэл пропорциональ давамгайлсан хувилбар сонгогдох магадлал өн-едөртэй санагдах юм...?

-Янз бүрийн санал байдаг. Гэхдээ олонх нь л мажоритар давамгайлсан гэдэгт тууштай байна лээ. Ардчилсан намын гишүүд дотор ч мажоритар давамгайлсан нь зөв гэж үзэж байгаа хүн цөөнгүй бий.

-Хоёр нам ярьж  ярьчихаад хуучин тогтолцоогоор явчих вий гэсэн хардлага их байна. Ялангуяа хуучин тогтолцоогоор явбал одоогийн гишүүдэд ээлтэй учраас Сонгуулийн хуулийг өөрчлөхөд хойрго хандаж байна гэж хардаж байгаа. Хуулийг хугацаанд нь баталж амжихгүй бол яах вэ?

-Хуучин тогтолцоогоор явахгүй, явж ч болохгүй.

-Таныг бүлгийн даргаар томилогдсоны дараа Сонгуулийн хуультай холбоотойгоор МАН бүлгийн даргаа өөрчиллөө гэсэн яриа гарсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тийм юм болоогүй. Би Удирдах зөвлөлийн хурал дээр байсан, бүлгийн хурал дээр ч байсан Бүлгийн дарга өөрөө саналаа гаргаж ажлаа өгсөн.

-Ямар нэг томилгооны араас "Яагаад?" гэдэг асуулт үргэлж дагадаг учраас асуусан юм?

-Харин ч Лүндээ даргын анх өргөн барьсан хувилбарыг би дэмжиж байсан. Гэхдээ хуулийн хэлэлцүүлэг хийгээд, ард түмнээс асуугаад санал бодлыг нь тандаад эхлэхээр мажоритар давамгайлсныг нь ард түмэн хүсэж байгаа юм байна гэж үзсэн. Тиймээс МАН-ын байр суурь тууштай байгаа.

-Ардчилсан нам 50 сая төгрөг хандивласан хүнд нэр дэвших хаалгыг нь нээж өгч байгаа. Харин танай намыг 100 сая төгрөг авч байгаа гэсэн яриа дуулдах боллоо. Энэ үнэн үү?

-Огт худлаа.

-Ийм яриа хаанаас гарсан юм бол?

-Мэдэхгүй

- 50 сая ч бай, 100 сая ч бай мөнгөөр нэр дэвших эрх авах нь хэр зөв, эрүүл шийдэл юм бэ?

-Маш буруу гэж бодож байгаа. Энэ чинь цаашдаа төр бохир болохын гол үүд хаалга болно шүү дээ.

-Нэр дэвших сонирхолтой олон хүн бий. Хүссэн хүн болгон Их хурлын сонгуульд өрсөлдөх мандат авч чадахгүй. Тэгэхээр гол босго шалгуур юу байх  ёстой гэж та бодож байна?

-Хамгийн гол нь шударга хүнийг  л олох ёстой.  Олон түмэн хүлээж авахаар, нэр хүндтэй, ард түмний болоод улс орны эрх ашгийг өөрийнхөөсөө, хэсэг бүлгийнхээс дээгүүр тавьж чаддаг хүнийг нам сонгох ёстой.   

-Таныхаар өнөөдөр танай нам энэ шалгууруудаа баримталж чадаж байгаа юу. Эхнээсээ мөнгөөр "зодсон" хүмүүс нэр дэвшинэ гээд зарлаад байгаа юм биш үү?

-Мөнгөтэй хүн болгон, шударга бус, авлигач байдаг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь шалгуураа л  Зөв тогтоох, түүнээ хатуу баримтлах ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.