Төрийн зохицуулалтыг зөв, оновчтой хийж байж үр дүнд хүрнэ
Төрийн ордонд “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр санаачлан зохион байгуулсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Одонтуяа болон манай улсын шилдэг эрдэмтэн, судлаач докторууд мөн Европын Холбооноос Монгол Улсад Суугаа Элчин Сайд Хатагтай Аксель Никейз, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ноён Кобаяши Хироюки зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа дэлхий нийтийг хамарсан цар тахал, улс орнуудын эдийн засагт хүндхэн цохилт өглөө. Манай улсын хувьд ч хүндхэн байдалд байгаа эдийн засгаа сэргээхэд өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцаж, “ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЖ” ажлын байраа нэмэгдүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгоход төрийн зөв зохицуулалт хэрэгтэй байгааг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” илтгэлээ танилцуулсан юм.
Илтгэлийн эхэнд Төрийн зохицуулалтын онол, зорилго, арга хэрэгсэл, хэлбэрүүдийг онцолсон. Мөн Төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг оновчтой ашиглах,Төрийн зохицуулалтын хэлбэрүүдийг зөв тодорхойлж хэрэглэх, Төрийн зохицуулалтын хязгаар, хэрэгцээ шаардлага, Төрөөс зохицуулалт хийх шаардлага дээр хэрхэн анхаарч ажиллахыг илтгэлдээ дурдаж байлаа
Төрийн зохицуулалтаар шийдэж болох асуудлуудад
- Эдийн засгийн өсөлт,
- Ажлын байр,
- Бүс нутгийн хөгжил,
- Салбарын хөгжлийг онцолсон.
Төрийн зохицуулалтын хязгаарт
- хувийн хэвшилтэй өрсөлдөх,
- тэдний бизнест хутгалдан орох,
- зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь зохицуулах гэж оролдох,
- үйлдвэрлэлийн нөөцийг хуваарилж,
- үнийг захиргааны аргаар барих,
- үйлдвэр ах ахуйн газруудын өрийг төлөх,
- технологийн хувьд хоцрогдсон салбарт ажлын байрыг хадгалах,
- төсөв бүрдүүлэх зорилгоор татварын бодлого явуулах,
- эдийн засгийн нөөц бололцооноос хэтэрсэн нийгмийн халамжийн бодлого явуулах
зэргийг дурьдсан юм.
Төрийн зохицуулалтыг дараах нөхцөлд хийх хэрэгтэй
- Зах зээл өөрөө зохицуулж чадахгүй нөхцөл үүсвэл,
- мөнгөөр илэрхийлэгдэхгүй хэрэгцээ,
- гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг арилгах,
- эрх зүйн үндсийг бүрдүүлэх,
- хямралыг давах туулахад
Түүнчлэн хөгжлийн эдийн засаг, мөнгө, зээл, өрийн бодлого, хямрал, гадаад хөрөнгө оруулалт, худалдаа, монополийн хязгаарлалт, хөдөлмөрийн зах зээл, төсөв, татварын бодлого, ШУ, технологийн, инновацид төрийн зөв зохицуулалт хийж байж улс орны хөгжил урагшилна гэдгийг тодотголоо.
Энэхүү хэлэлцүүлгээр Европ, Ази, Скандинавын орнуудын туршлагаас хуваалцлаа. Мөн төрийн тогтолцоо, эдийн засаг, төрийн албанд шинэчлэл хийгдэж, хариуцлага, авлигын эсрэг тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн алдаа, онооноос сургамж авч урагшлах цаг болсныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илтгэлдээ онцолсон юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn