УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ. Ц.Даваасүрэн: Сонсгол явуулсны дараа шийдвэрийн төсөл боловсруулах боломж бий юу? Сүүлийн үед УИХ-ын чадавх, амин сүнс нь хаана байна гэмээр нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгч, Засгийн газрынхан мэрсээр байгаад ярихаас өөр зүйлгүй, “шүдгүй арслан шиг” болгочихлоо. УИХ-ын бүтцийг бүрэн болгох, парламентын түвшинд хэрэгжүүлдэг арга механизмуудыг бий болгоход уг хууль, тогтоолын төслийн өөрчлөлт чиглэж байна гэж үзэж байна. Ингэж өөрчилж байж л төрийн үйл хэргийг залгуулна уу гэхээс биш бүх эрх мэдлээ булаалгачихвал ямар ч хүч, чадавхгүй их хурал болно шүү дээ. Энэ өнцгөөс харвал уг хууль, тогтоолын төслийг зөв зүйтэй болсон байна гэж үзээд дэмжиж байна. Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц хүртэл буруу ажиллаж байна. Илт хууль бус шийдвэр гаргаж байна. Бид яаж ч чадахгүй байна. Үндсэн хуульд, УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцно гэж заасан, уг заалтыг хэрэгжүүлэх субьект нь УИХ-ын гишүүн байгаад байдаг. Үндсэн хуулийн цэц үүнийг үгүйсгэсэн. Ингээд 20 гаруй жил уламжилж ирсэн зарчмаа нэг л өдөр тас цохисон. Тиймээс УИХ-ын эрх, үүргийг тодорхой болгох чиглэл рүү явахгүй юм бол болохгүй гэдэг нь харагдаад байна. Миний бие Төсвийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд 2 жил болж байна. Төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг асуудал. Бусад улсын парламентын туршлагаас харахад, Төсвийн тухай хуулиа Засгийн газар өргөн мэдүүлнэ. Өргөн мэдүүлсэн төслийн техникийн талын бүх засвар УИХ хийдэг. Гэтэл манайд үгүй. Сангийн яам тооцоог нь хийгээд сууж байдаг. Алдаа гарна. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Засгийн газар нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш үүсэх хариуцлагыг УИХ үүрнэ гэдэг. Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлснээс болж УИХ-ын хүч, чадавхийг сулруулах хуулийн төсөл өргөн барьж байна. Тиймээс уг хууль, тогтоолын төслийг батлагдсанаар үр дүнтэй хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Хэлэлцүүлгийн явцад мэдээлэл сонсохтой холбогдуулан ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гарах уу? Энэ талаар уг хууль, тогтоолын төсөлд тусгаагүй байна? Эсвэл төсөл боловсруулаад байнгын хорооны хуралдаанаар оруулж болно гэсэн заалт нэмж болно шүү дээ. УИХ-ын гишүүн асуулга асуусан тохиолдолд ийм агуулгатай заалт байдаг. Тодруулбал, Хэрэв асуулга асуусан УИХ-ын гишүүн хүсвэл тодорхой төслийг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлдэг хуультай. Эсвэл зүгээр л сонсоод өнгөрчих үү? Ямар нэгэн дүгнэлт, арга механизм, шийдвэр гарч байх уу? Сонсголыг үр дүнтэй явуулах үүднээс заавал биелүүлэх шийдвэрийн хэлбэрүүдийг оруулах нь зүйтэй болов уу. Учир нь зөвлөмж гээд орхичихоор ач холбогдол нь суларна шүү дээ. Тиймээс шаардлагатай гэж үзвэл холбогдох байнгын хороонд тодорхой шийдвэрийн төсөл оруулж болно гэсэн агуулга бүхий заалт оруулах боломж бий эсэхийг хэлэлцүүлгийн явцад анхааарахыг хүсч байна. Н.Энхболд: Нийтийн сонсгол явуулсны дараа зөвлөмж гарах юм Нийтийн сонсголын тухай хуульд “Сонсгол явуулсны дараа зөвлөмж гаргана” гэсэн заалт бий. Өнөөдөр оруулж ирсэн журмын төслийн дагуу сонсгол зохион байгуулсны дараа зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлнэ. Шат шатны төрөл бүрийн хэлэлцүүлгийн явцад зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авах болов уу л гэж бодож байна. Хуульд нь зөвлөмж гаргана гэж заачихсан учраас дагаж мөрдөх журмын төсөлд нь уг зөвлөмжийг заавал дагаж мөрдөнө гэсэн заалт оруулах нь төвөгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа. Ё.Баатарбилэг: Гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар уг хууль, тогтоолын төсөлд тусгаж болох уу? "Улсын Их хурлын чуулганы дэгтэй холбоотой зарим асуудлыг уг хууль, тогтоолын төсөлд нэг мөр тусгаж өгч болох уу? Гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой зүйл, заалтыг нь тусгах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тухайлбал, өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө эсрэг санал өгдөг эсвэл дэмжинэ, дэмжихгүй гэсэн квоттой санал дээрээ эсрэг санал хэлдэг. Энэ нь өргөн мэдүүлж буй хуулийн төслөө хэлэлцүүлж байх үеэр УИХ-ын гишүүнийхээ эрх, үүргийг зөрчиж байна гэсэн үг. Дэмжмээр байвч дэмжихгүй квот дээр нь хуулийн төсөлд эсрэг санал өгчихдөг тохиолдол бий. Мөн зарим гишүүн хэлэлцэж буй асуудлаас хальдаг. Ингэж нэг нэгнийхээ цагийг үрмээргүй байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Парламентын сувгаар шууд дамжуулдагаа болих хэрэгтэй. Үүнээс болж маш их цаг алддаг. Эцсийн хэлэлцүүлэг хийж байхад хүртэл 10-20-уулаа үг хэлдэг. Энэ бүхнийг Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн өөрчлөлтөд багтаах нь зүйтэй болов уу. Цаашид УИХ-ын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй байгаасай гэж хүсч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж, дэвшүүлж буй саналаас дэмжих зүйл цөөнгүй байдаг. Түүнийг зарим талаар дэмждэг. Гэтэл зүгээр сууж байгаа нэгнээ харааж зүхдэг, элдвээр хэлээд байх юм. УИХ-ын чуулганы танхим бол Монгол төрийн ариун гал голомт. Тиймээс гишүүд бүр өөрийн байгаа байдалд дор бүрнээ дүгнэлт хийж, хандлагаа өөрчлөх нь зүйтэй байх. Энэ мэт өөрчлөлтийг хууль, тогтоолын төсөлд тусгах боломж бий юу?" Н.Энхболд: Энэ удаад таны дэвшүүлж буй саналын дагуу өөрчлөлт оруулах боломжгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тусдаа ярьж байна. Уг нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаа тавьж буй асуудал тусгах боломжтой учраас саналаа хэлж болно. Харин өнөөдрийн оруулж ирсэн хууль, тогтоолын төсөлд таны дэвшүүлж буй саналыг оруулах боломжгүй. Энэ удаа Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах тухай ярьж байгаа учраас энэ хүрээнд хамаарах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсаны дараа байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүдэд танилцуулсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ундармаа, Д.Сарангэрэл нарын 2016 оны 12 дугаар сарын 27-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын их чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дараах санал дүгнэлтийг гаргалаа. Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,7 дахь хэсэгт Хууль тогтоомжийн төслийн ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, сонсголын нарийвчилсан журмыг УИХ-аар батлахаар хуульчилсан. Дээрх хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдах бөгөөд нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсгол зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно гэж хууль санаачлагч үзжээ. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа ба төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрэгжүүлэх чухал механизмыг нийтийн сонсгол бүрдүүлэх тул хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна гэж хэлж байв. Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг оруулж байна.