Б.Болор-Эрдэнэ:

Мэдээллийн технологийн салбарт эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ


6 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн технологийн салбарт эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 10 дугаар сарын 1-нд албан ёсоор олон нийсэн билээ. Технологийн дэвшлийг засаглалын эд эс болгон ашигласнаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасна. Ингэснээр, төрийн үйлчилгээ иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх юм. Хөгжлийн энэхүү томоохон зорилтыг гардан хэрэгжүүлж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. 


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдохдоо энэ салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн томоохон ажлууд юу байсан бэ?

Анх энэ салбартай холбогдсон маань 2018 онд Оксфордын их сургууль, Мелинда, Билл гейтсийн сантай хамтран Монгол Улсад цахим хөгжлийн судалгаа хийсэн. Ингэхдээ Бэлэн байдлын судалгаа, Цахим эдийн засгийн судалгаа буюу цахим шилжилтийг хийхэд Монгол Улс юу хийх ёстой тухайг заасан алхамуудыг нарийвчлан заасан баримт бичгийг гарган Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнд стратегийн 6 алхмыг тусгасан. Эдгээрийн хамгийн эхнийх нь болох E-mongolia төсөл буюу төр өөрөө цахим шилжилтийг хийхдээ хувийн хэвшилдээ төвөг болох, орчныг бүрдүүлж чадахгүй байх, нөгөө талдаа иргэддээ хүнд суртал учруулж байна гэсэн дүгнэлт дээр тулгуурлан E-mongolia төслийг хийхээр Засгийн газарт 2019 онд Л.Оюун-Эрдэнэ сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд санал тавьж, хэрэгжүүлэхээр ажилласан ч хангалттай хэрэгжүүлж чадаагүй. 

Энэ төсөл нь Эстони, Герман, Орос, Солонгос, Австрали улсуудын туршлага судалж, маш дэлгэрэнгүй, хэрэгжилтийг нарийвчлан тусган боловсруулсан. Одоо E-mongolia төсөл хэрэгжээд эхний үе шатаа давж байна. Цаашид 4 үе шат давах ёстой. Эцэст нь Монгол Улсын иргэн хиймэл оюун ухаан ашиглаад иргэн ямар нэг төхөөрөмж ашиглахгүйгээр төрөөс иргэндээ очиж үйлчилгээ үзүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний гадаад паспортын хугацаа дуусаж байгааг мэдээгдэж, иргэн зөвшөөрсөнөөр гадаад паспортын хугацааны сунгалтыг хийж, тухайн баримт бичгийг нь иргэндээ хүргэдэг болно. Бид 2024 он гэхэд энэ шатанд хүрнэ гэж төлөвлөж байгаа. Энэ бол хамгийн том төлөвлөсөн ажил маань байсан. 

Бид E-mongolia системийг 2020 оны 10 дугаар сарын 1-нд нээгээд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 700 мянган хэрэглэгчтэй болсон. Цар тахлын хөл хорионы хугацаанд E-mongolia-ийн хэрэглэгчид 3-4 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Саяхан Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” санаачлагыг танилцуулсан. Энэ нь улс, үндэстэнээрээ салбар бүрт жигд цахимжих ёстой гэсэн агуулгатай юм. Зөвхөн төр, эсвэл алт нэг салбар нь л цахимжих бус улс, үндэстэнээрээ цахимжих ёстой. Үүний ард Монгол Улсын нэг ч иргэн цахим хөгжлөөс гээж болохгүй гэсэн зорилт тавьж байгаа. 

Түүнчлэн Дижитал эдийн засаг буюу цахим эдийн засагт шилжих ажил бий. Дэлхий дахин энэ шилжилтийг хийгээд эхэлсэн. Өнөөдөр цахим мөнгө, Криптовалют, цахим түрийвч хэрэглээнд нэвтэрч, бүх төлбөрийн систем цахим орчинд шилжиж байна. Тиймээс Монгол Улс эдийн засгийн тодорхой хувь нь цахим эдийн засаг руу шилжих ёстой гэсэн дүгнэлтийг дээрх судалгаанаас гарсан. 

Цахимжих үйл явцын цаана технологиос гадна засаглал, систем, бүтцийн өөрчлөлт явагдах шаардлагатай. Эдгээр өөрчлөлтийг хэрхэн хийх вэ?

Цахим шилжилтийг хийхэд эко системийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд хууль эрх зүйн таатай орчин чухал. Зөвхөн хууль бус хуулийг даган гарах журам, зохицуулалтууд ч чухал байна. Өнөөдрийн байдлаар хуулийн төслүүдийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болсон байгаа. Технологийн хуулиудыг гаргахад маш хэцүү байдаг. Учир нь технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс хууль маш уян хатан, бүх төрлийн технологиуд дээр ашиглаж болохоор байх ёстой. 

Нэг чухал хууль бол Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль юм. Иргэн өөрийнх нь мэдээллийг хэн харж байгааг мэдэх эрхтэй. Өөрийн ямар мэдээлэл төрд байгаа вэ гэдгээ ч мэдэх ёстой. Нэг тод жишээ бол шинэ гэр бүл болсон хосуудад төрөөс 500 мянган төгрөгийн тэтгэмж өгч байх үед ангийнхаа охинтой гэрлэлтээ батлуулаад мөнгөө аваад тухайн үедээ хэрэглэчихсэн залуу өнөөдөр жинхэнэ гэр бүлээ батлуулах болтол өмнөх гэрлэлтээ цуцлуулах шаардлага үүсдэг бөгөөд гэрлэлтээ бүртгүүлсэн ангийнхаа охиныг олохгүй байгаа тухай хүсэлтүүд олон орж ирдэг. Энэ бол тухайн иргэн төрд байгаа өөрийн мэдээллээ мэдэхгүй байна. Эргээд төр өөрт байгаа мэдээллээ иргэнд өгөхийн тулд иргэнээс мөнгө авч болохгүй гэсэн үндсэн чиглэл баримталж байгаа. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар мэдээллийг боловсруулах, мэдээллийг нь хэрхэн ашиглаж байгааг мэдэх, хянах эрх зүйн үндэслэлтэй болж байгаа юм. Жишээлбэл УБЕГ-ын ажилтан иргэнд гадаад паспорт олгохын тулд мэдээллийг шалгасан бол иргэн үүнийг нь мэдэх эрхтэй болж байгаа юм. Эхний ээлжинд бид үүнийг хуулийн хүрээнд боломжтой болгож байна. Цаашдаа E-mongolia нэгдсэн системээс тухайн иргэнд мэдээлэл очдог болно. 

Түүнчлэн Нийтийн мэдээллийн хууль. Энэ хууль бол төрд байгаа дата, мэдээллийг боловсруулах, ашиглах тухай эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Өнөөдөр бид мэдээллээ ашиглаж огт чадахгүй байгаа. Дата, мэдээлэл маш их байна. Үүнийгээ боловсруулж, бүтээгдэхүүн гаргахдаа ашиглаж чадахгүй байна. Дата нь дэлхий дээрх хамгийн үнэтэй валют болоод байна. Нээлттэй мэдээллийг боловсруулж, бизнест ч ашиглах боломж бий. 

Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль бий. Энэ хууль сүүлийн 15 жилийн хугацаанд яригдсан ч батлагдаагүй өнөөг хүрсэн. Өнөөдөр бид зайлшгүй энэ хуулийг баталж, иргэдийнхээ мэдээллийг цахим орчинд хамнгаалах хууль эрх зүйн үндэс бий болох юм. 

Салбарын хэд хэдэн хууль УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх төслүүдийн жагсаалтад орсон. Газрын зүгээс төсөлд шинэ хийгээд, нэмж, өөрчлөх ямар зохицуулалт оруулж байна вэ?

Дээр хэлсэн 3 хууль бол салбарын эрх зүйн зохицуулалтад зайлшгүй байх ёстой шинэ хуулиуд юм. Эдгээрээс гадна Тоон гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. 2013 онд анх батлагдсан. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр олон иргэнийг тоон гарын үсэгтэй болгох, тоон гарын үсгийг хууль эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр гэж үзэх хуулийн үндэслэлийг баталгаажуулах юм. 

 

Төр үйлчилгээгээ цахим системд нэгтгээд хэрэглэхэд хялбар болгож байна. Үүнийг дагаад бизнес хувийн хэвшил ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахим систем нэвтрүүлсээр байна. Харин нийгэм, хэрэглэгчид, иргэд үүнийг хүлээж авахад бэлэн байна уу? 

Энэ бол тоон бичиг үсгийн чадварыг бий болгох асуудал юм. Бодлогын чиглэл нь манай агентлаг хариуцдаг бөгөөд гүйцэтгэгчийн чиг үүрэг нь Боловсрол, шинжлэх ухааны яам юм. Бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран эхний ээлжинд цахим хөгжлөөс хоцроод байгаа зорилтот бүлгүүд, гэр хорооллын захын дүүргүүдэд амьдарч байгаа иргэд, малчид, хөгжлийн сайжруулах хөтөлбөрийг зарлана. Одоогоор хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байна. Тоон бичиг үсгийн боловсрол нь хүний насан туршийн боловсрол юм. Сингапур, Эстони зэрэг улсад энэ боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь хиймэл оюун ухаан ашиглах, роботтой тоглох гэх мэт аргаар олгож байдаг. Манайд бэлтгэгдэж байгаа боловсон хүчний тоон бичиг үсгийн чадвар нь хэр байгаа билээ. Тиймээс бид тоон бичиг үсгийн боловсролыг бүх шатандаа зэрэг, жигд бий болгох тал дээр боловсролын яамтай хамтран ажиллаж байна. 

Дэлхий дахин аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлээд хүний хүчин зүйлээс үл хамаарах үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгосоор байна. Монгол Улс үүнд бэлэн үү?

Технологийн өөрчлөлт, шилжилт бол алгуур биш гэнэт, огцом, тэсрэлт байдлаар хийгддэг. Ингэж байж хурдтай явдаг. Тиймээс бэлэн байдлаа яаралтай хангаж, тэсрэлт байдлаар цахим шилжилтийг хийх шаардлагатай. Монгол Улсын хувьд хүн ам багатай, хүний нөөц бүх салбарт хүрдэггүй учраас технологийн хөгжлийг ашиглан хөгжлийг зогсолт болсон хэсгүүддээ технологийг ашиглан хөгжлийг хурдасгах боломжтой юм. 

Салбар бүрт хүний нөөцийн хүрэлцээ муу учраас технологийг ашиглах тухай та сая хэллээ. E-mongolia систем ч манай улсын төрийн үйлчилгээ, төрийн албыг улам сайжруулж, харилцан мэдээллээ солилцдог уялдаа, холбоотой байх чадварыг шаардаж байна. Энэ тал дээр төрийн албан хаагчдаа хэрхэн чадваржуулах вэ?

Цар тахлын хөл хориотой байх хугацаанд төрийн алба цахим орчныг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хурал, уулзалтаа хийх зэргээр өмнөхөөсөө илүү сайжирч байна. Гэхдээ зарим хэсэгт алдаа, дутагдал байгаа. Тиймээс төрийн албан хаагчдаа цахим орчинд ажиллах тал дээр сайжруулах буюу дахин чадваржуулах хөтөлбөрийг эхлүүлэхээр E-mongolia академийг байгуулахаар ажиллаж байна. Энэ бол төрийн албан хаагчдад хэрэгтэй байгаа мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг олгох юм. 

Ярилцсанд баярлалаа.