М.Говьсайхан:

НОСК-аас 3800 иргэнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулсан


9 минут уншина
Ярилцсан Э.Намуунцэцэг:
М.Говьсайхан: НОСК-аас 3800 иргэнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулсан

Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тулд салбар бүрийн санал санаачилга, хийж хэрэгжүүлж буй ажил чухал үүрэг гүйцэтгэнэ. Утааг халах шийдэлд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа.

 Урт хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг арилгах асуудал, шийдлийг олон жил ярилаа. Дорвитой үр дүнд хүрэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар яриагаа эхлүүлье.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын хандив тусламжаар агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэж төслийн зуух тараах, шөнийн цагаар цахилгааны үнийг тэглэх зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Эдгээр ажлууд нь бодитой үр дүн өгч чадаагүй учраас Засгийн газрын шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн юм. Хэдийгээр судлаачид сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар утаа ихэссэн дүр зураг харагдана. Энэ нь сайжруулсан шахмал түлш бол богино хугацааны шийдэл байжээ гэдгийг нотолно. 

“Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн Үндэсний аудитын газрын тайланд улсын төсвөөс 456.1 тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулахад зарцуулсан гэх тоон мэдээлэл бий. Үүнээс өмнө буюу 2008-2018 онд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 104.7 сая ам долларыг агаар орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан байдаг. Тэгэхээр утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлыг үнэ өртгөөр нь бус үр өгөөжөөр нь дүгнэх  нь чухал болоод байна. 

Танай байгууллагын хувьд утааг бууруулахад хэрхэн ажиллаж байна вэ?

Агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшинтэй уялдуулах хэрэгтэй. НОСК-ийн хувьд гэр хорооллыг яндангүй болгох зорилгын хүрээнд түрээсийн орон сууцны олон талт хэлбэрүүдийг хөгжүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, дэд бүтцийг түшиглэн жишиг суурьшлын бүс болгох ажилд ханцуй шамдан орсон. Гэр хорооллын иргэдийг орон сууцад хамруулснаар  агаар, орчны бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурах юм. 

Гэр хорооллыг орон сууцжуулах тал дээр НОСК-аас хэрхэн ямар ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

НОСК орон сууцны төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр хэрэгжүүлдэг бөгөөд газрын менежментийг хийж хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг орон сууцны төслүүдэд оролцох боломжийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. 

НОСК-аас 2019 оноос эхлэн түр суурьшуулах, түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх гэсэн 3 хэлбэрээр орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө амжилттай үргэлжилж байна.

НОСК байгуулагдсан цагаасаа эхлэн 3800 гаруй иргэдийг түрээсийн орон сууцны олон талт хэлбэрээр орон сууцанд оруулсан  байна. Одоогийн байдлаар түрээсийн олон талт хэлбэрийн орон сууцны төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн  35 мянга гаруй иргэн манай мэдээллийн санд бүртгэлтэй байна. Энэ нь иргэд бага өртөгтэй, урьдчилгаа төлбөр төлөхгүй урт хугацааны орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бөгөөд иргэдийн энэ эрэлтэд нийцсэн орон сууцны тодорхой бодлого, дэмжлэгийг төр засгаас хүсэж байгаагийн илрэл юм. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, ипотекийн зээлийн шаардлага өндөр байгаа учраас иргэд НОСК-д ихээр хандаж байна.

"Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцын төлбөрийг 5-15 жил хүртэлх хугацаанд төлөх нөхцөлтэй байдаг бол энгийн түрээсийн мкв үнэ 6000 төгрөг бөгөөд хамгийн ихдээ 3 жилийн хугацаатай гэрээ хийдэг”

Өнгөрсөн хугацаанд НОСК гэр хорооллын иргэдийн дунд газрыг байраар солих төслийг хэрэгжүүлсэн. Тухайн газарт оршин суугч иргэд нэгдэж 4-өөс доошгүй га газрыг байраар солих боломж бүрдэнэ. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 115 айлын газрыг орон сууцаар сольж нийт 5.6 га газрыг чөлөөлж га газарт төр захиргааны байр, орлогод нийцсэн ногоон  орон сууцны хороолол баригдахаар хэрэгжилтийн шатандаа явна.

Мөн БЗД-ийн 19 дүгээр хороонд Цайз дэд төвийг түшиглэн нийт 98 айлын 5,5 га газрыг чөлөөлж иргэдийг орон сууцанд оруулан чөлөөлсөн газарт орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Хан-Уул дүүргийн Морингийн даваанд нийт 97 га, СХД-ийн 24 дүгээр хорооны 6 га, Налайх, Хонхор орчмын 114 га талбаруудад орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэн төсөл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг мөн эхлүүлээд байна.

НОСК-д 2019 оноос хойш Орон сууцны төсөлд хамрагдах хүсэлт гаргасан болон төсөлд хамрагдсан иргэдийн тоо  

Орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа гадаад улсын сайн жишгээс монголын хөрсөнд буулгах зүйл их бий. Жишээлбэл, Казакстан улс  Орон сууцны санхүүжилт, батлан даалт олгодог санг бий болгосон. Тус сангаар дамжуулан банк, барилгын компаниуд гүйцэтгэлийн баталгааг гаргаж, тодорхой төсөлд хөрөнгө оруулалт хийдэг. Харин  Сингапурын хувьд төрийн албан хаагчид нь улсад төлж байгаа татвар, нийгмийн даатгалаа баталгаа болгоод урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр орон сууцад хамрагдах боломжтой болсон бол хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд төрийн албан хаагчаас арай өөр шалгуурыг хангасны үндсэн дээр орон сууцтай болдог.

 Орлогод нийцсэн ногоон орон сууцны давуу тал нь юу вэ?

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн хүрээнд эл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон улсад хэрэгжиж байгаа ногоон стандартын орон сууц нь цахилгааны хэмнэлттэй, саарал ус ашигладаг гэх мэтчилэн ногоон технологийг ашигладгаараа онцлогтой. Орон сууцны төлөвлөлтөөс гүйцэтгэлийн хугацаа хүртэлх бүхнийг байгаль орчинд ээлтэй байхаар цогцлоосон гэж ойлгож болно.

Орлогод нийцсэн гэхээр тухайн иргэний орлого, болон амьжиргааны түвшинд тохируулан өмчлүүлэх хэлбэрүүдийг  санал болгодог. Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Тэгэхээр иргэд газраа орон сууцаар сольж болно гэж хэлсэн. Ямар журам шаардлага хангасан иргэд эл хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ? 

Тухайн чөлөөлсөн газарт дэд бүтцийг шийдэх, нийгмийн үйлчилгээний байгууллагууд, орон сууц зэргийг зөв төлөвлөхөд  хамгийн багадаа 4 га талбайг чөлөөлөх шаардлагатай байдаг.  Бид иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүхий л талаар хангасан иргэдэд ээлтэй орчин нөхцөлтэй орон сууцны хорооллыг эхнээс нь зөв төлөвлөн гүйцэтгэх үүднээс 4 га газарт төлөвлөлт хийж төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.

Өмнө  зөвхөн хоёр гурван блок барилга бариад цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийг орхигдуулсан асуудал гарч байсан. Чөлөөлөх газарт амьдарч буй иргэд газраа байраар солиход санал нэгдэн, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Гэр хорооллын орон сууц төслийг хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн том асуудал бол тухайн газрыг чөлөөлье гээд ихэнх иргэд зөвшөөрөхөд ганц нэг айлаас шалтгаалж тухайн төсөл сунжирдаг, гацдаг эрсдэлтэй. 

-Ямар шаардлага хангасан иргэд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах боломжтой вэ? 

2019 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам”, “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлах болон “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах” тухай журмыг баталсан. Түрээсийн орон сууцанд хамруулах журмын зорилго нь Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх, дэд хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөсөн ажил юм. Эл журмуудад нийслэлийн түрээсийн орон сууцад мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тусгасан байдаг.   

Дээрх журмуудын хүрээнд иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулдаг. Эл журамд иргэдийг 8 бүлэгт ангилсан байдаг. Залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон аав/ ээж, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд, байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн гэх мэтээр ангилдаг. Иргэдийг эл найман бүлгийн хүрээнд бүртгээд, иргэдээ эрэмбэлэх ажил зохион байгуулдаг. Жишээлбэл, ахмадуудад насаар нь эрэмбэлээд тэнцчих юм бол улсад ажилласан жилээр эрэмбэлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан эсэхээр эрэмбэлдэг. Эрэмбэлэгдсэн иргэд энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох эсэхээ шийддэг.   

Иргэдийн хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн  орон сууцыг маш ихээр сонирхож байна. Тус ажлыг өргөжүүлэх хүрээнд цаашид ямар ажил төлөвлөсөн бэ?

Манай байгууллагын давуу тал нь өөрт байгаа газар болон дэд бүтцийг түшиглэн түрээсийн орон сууцны олон талт хэлбэрүүдийг хөгжүүлж байгаа. Нийслэлийн төсвөөс болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг бий болгох замаар төслөө өргөжүүлэх чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, СХД-ийн Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууц байна. Уг төсөл БНСУ-ын ЭКЗИМ банктай хамтран хэрэгжүүлнэ. 

ХУД-ийн 16 дугаар хороонд баригдаж байгаа 780 айлын орон сууцны төсөл бий. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд НОСК газар, дэд бүтцийг, төсөл хэрэгжүүлэгч компани хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх замаар хамтран ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашлаад Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг бий болгох ажлын хүрээнд  2022 оны эхний улиралд 34.4 га га талбар дээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гэж байна.

Мөн Баянголын аман дээр 10 га талбар, СХД-ийн 24 дүгээр хороонд 6 га талбарт төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулах гэж байна.  2022 онд 3-4 байршилд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй. Ойрын хугацаанд Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй  126 айлын  орон сууцыг НОСК-д шилжүүлж, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгохоор төлөвлөж байна. Мөн хэд хэдэн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж байна. 

2021 онд Багахангай дүүрэгт 95 айлыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулсан. Хотын алслагдсан гурван дүүрэгт тухайн бүс нутагт нь түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавиад явж байна. 

Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууц ямар шатандаа явна вэ?

Энэхүү төсөл зураг төслийн шатандаа явна.  Энэ онд барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Солонгосын ЭКСИМ банкны санхүүжилтээр хийгдэх төсөл юм.  Европын сэргээн босголтын банкны тусламжаар СХД-ийн 6 дугаар хороонд хийгдэх 712 айлын орон сууц нь 30 сая еврогийн өртгөөр хийгдэх урт хугацааны төсөл. Энэ төслийн нэг хэсэг болох 126 айлын түр суурьшуулах барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна. Бусад барилга угсралтын ажил зураг төслийн шатандаа явж байна. 

МУ-ын засгийг газар, Улаанбаатар хот дэд бүтцийн ажлуудад томоохон хөрөнгө оруулалт хийж байж гэр хорооллын барилгажуулах ажил өргөжнө. Иргэдийн амьдрал хэцүү байгаа энэ цагт төрөөс түрээсийн орон сууцын олон талт хэлбэрүүдэд санхүүжүүлэх нь бодит дэмжлэг юм. 

Эдгээр асуудлыг ажил хэрэг болгоход хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал юу байна вэ?  

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд түрээсийн орон сууцыг төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай байна. Хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэх, үнэт цаас гаргахад татаас хүүгийн зөрүү зэргийг шийдвэрлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлэж өгвөл маш том дэмжлэг болно. Түүнчлэн тодорхой хэмжээнд төсөв санхүүг нь шийдээд өгвөл, энэ төсөл амжилттай хэрэгжих боломжтой. Ганцхан төрийн албан хаагчаар зааглахгүй орлого багатай болон зорилтот бүлгийн нийт иргэдэд энэ боломжийг олгох хэрэгтэй байна.

Казакстан Улсын төр засаг иргэдээ орон сууцад хамруулах хамгийн боломжит хувилбарыг ажил хэрэг болгож байгааг та дурдсан. Манай Засгийн газраас ямар бодит дэмжлэг шаардлагатай байна вэ?

Манай улсын Засгийн газар Баялгийн сан, Төрийн сангаар дамжуулан түрээсийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг төгөлдөржүүлэх, хууль эрх зүйн  хүрээнд дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн механизмыг сайжруулах бүрэн боломжтой.

Тодорхой нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж буй төрийн оролцоотой байгууллагуудыг татварын болон бусад нөхцөлөөр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хэдийгээр манай байгууллага орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа ч зорилтот бүлгийн тодорхой хүрээнээс давж чадахгүй байгаа.

Засгийн газраас төсөв, санхүүжилтийг дэмжээд өгвөл бид зөвхөн зорилтот бүлгийн иргэдээр хязгаарлахгүй төслөө өргөжүүлэх давуу тал үүснэ. Эцэст нь түрээсийн орон сууцын санхүүжилтийн тогтолцоог бий болгож, нийгмийн даатгал төлж байгаа иргэн даатгал төлсөн хуримтлалаараа байрны урьдчилгаа өгдөг эсвэл урьдчилгаа төлбөрийн баталгааг нийгмийн даатгал, тэтгэврийн сангаас гаргадаг болговол иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрч, агаар, орчны бохирдол багасах зэрэг ач холбогдолтой юм.

Өнөөдрийн нөхцөлд явж буй орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах нь хамгийн зөв шийдэл биш юм. Хэдийгээр зээлийн хүү буурч байгаа боловч энэ нь орон сууцны үнэ тогтмол өсөж байгаа энэ үед иргэдэд ирэх сар тутмын зээлийн эргэн төлөлт, хүүгийн дарамтанд төдийлэн нөлөө үзүүлж чадахгүй харин орон сууцны өөрийн өртөгийн бууруулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь иргэдэд ирэх сар тутмын зээлийн эргэн төлөлтөнд маш том өөрчлөлтийг үзүүлнэ. Энэ мэт бодлогоор хүч түрэн утааг халах аргуудыг иргэдийн аж амьдралтай зохицуулахад бүх талын оролцоо, хөдөлгөх хүч, дэмжлэг туслалцаа чухал шаардлагатай байдаг.

 35000 иргэдийн 70 гаруй хувь нь түрээслээд өмчлөх хэлбэрийн, үлдсэн 30 орчим хувь нь бүртгүүлсэн иргэд санхүүнгийн боломжийн хүрээнд энгийн түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй байна.