Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Нэмэлт өөрчлөлтөөр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заасан.
Энэ талаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэлтэй ярилцлаа.
Патентын тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орсон бэ?
Патентын тухай бие даасан хуулийг 1993 онд баталсан ба 1996, 1999 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, 2006 онд шинэчлэн найруулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад хуулиар зохицуулах шаардлагатай зарим харилцааг зохицуулалтгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилтэй, зэрэг асуудлууд тулгарсан ба энэ асуудлаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Европын холбооноос холбогдох зөвлөмжүүдийг ирүүлсэн байдаг.
Иргэд Аж үйлдвэрийн өмчийн эрх авахад ашигтай загварт гэрчилгээ олгодог байсан. Үүнийг патент олгодог болохоор хуульд өөрчлөлт оруулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн мэдэх ёстой ямар зохицуулалт тусгагдсан бэ?
2006 оны хуулиар үйлдвэрлэлийн аливаа багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдэлд Ашигтай загварыг гэрчилгээ олгодог байсан бол шинэчилсэн найруулгаар аргыг ашигтай загвараар хамгаалахгүй болж, зөвхөн багаж хэрэгсэл, түүний бүрэлдэхүүн хэсэгт хамаарах техникийн шийдлийг хамгаалахаар болсон. Мөн шинэ бүтээлийн хувьд мэдүүлэг гаргагч нь мэдүүлгээ анх мэдүүлэхдээ эсхүл мэдүүлэг гаргасны дараа хайлтын тайланд үндэслэн патент авах эсэхээ шийдэж, шүүлт хийлгэх хүсэлтийг тусад нь гаргах боломжтой болсон.
Монголд авсан патентаа бусад орнуудад үнэлүүлэх боломж иргэдэд байдаг уу?
Патентын үнэлэмжийн нарийн зохицуулалтыг Оюуны өмчийн хуулиар зохицуулагдаад явдаг. Аж үйлдвэрийн өмчийн хувьд нутаг дэвсгэрийн шинж чанартай байдаг. Монгол улсаас патент авсан бол Монголдоо үйлчилнэ. Хэрвээ тухайн технологоо өөр улсад гаргах хүсэлтэй бол тэр улсаасаа патент авна. Иргэдээс 2020 онд шинэ бүтээлийн 130 орчим, ашигтай загварын 197, бүтээгдэхүүний загварт 225 орчим мэдүүлэг хүлээн авсан байна.
Патент олгох үйл явц удаан үргэлжилж иргэдийг бухимдуулдаг. Энэ хуулиар хугацааг нь ямар шалтгаанаар сунгасан бэ?
Патентын эрх авах үйл явц нь өөрөө олон улсад өндөр өртөгтэй, хугацаа их ордог зүйл юм. Патентын хувьд 9 сар байсан харин шинэчилсэн найруулгаар энэ хугацаа нэмэгдсэн. Энэ нь Монгол улсын нэгдэн орсон Патентын хамтын ажиллагааны гэрээнд заасан зарим хугацаатай нийцүүлэх шаардлага гарсан. Шинэчилсэн найруулгад заасан хугацаа бол дээд талын хугацаа, өөрөөр хэлбэл хуулинд хугацаанууд бугд тэд хоногийн дотор, эсхүл тэдэн сарын дотор гэж заасан байгаа.